Хээрийн түймэрт 10 мянга гаруй боодол өвс, 100 гаруй бухал шатжээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 10 мянга гаруй боодол өвс, 100 гаруй бухал, 2000 га талбай шатжээ.
Урьдчилсан байдлаар машины яндангаас цог хаясны улмаас хадлангийн бүсэд түймэр гарсан гэж үзэж байгаа юм байна. Аравдугаар сарын 2-ны өдөр гарсан тус түймэрт 4-5 айл өртөж, иргэд, хадланчдын нэг намрын хөдөлмөр үгүй болоод байгаа аж.
Тодруулбал, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг 5 дугаар баг, "Шар толгой" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 2-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 22:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 4800 га талбай, 2000 ширхэг боодлын өвс өртсөн гэж ОБЕГ-аас мэдээлсэн. Энэ нь 12 км урт, 4 км өргөн талбай юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.