Судалгаа: Эмэгтэй тамирчид сарын тэмдгийн овуляцийн үед бага бага алдаа гаргаж, хурдан болдог

Нэгэн шинэ судалгаа эмэгтэй тамирчид сарын тэмдгийн мөчлөгийн овуляцийн үе дээрээ самбаачлах хурд нь 80 миллисекундээр (секундийг мянга хуваахтай тэнцэх хугацаа) хурдан, илүү бага алдаа гаргадаг гэх үр дүн үзүүлжээ. Лондоны их сургуулийн коллежийн (UCL) судлаачид сарын тэмдгийн мөчлөгийн үе шатууд нь эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна.
Судлаачид жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэдэггүй 18-40 насны 54 эмэгтэйг ажиглаж, дасгал хөдөлгөөн хэр хийдгээр нь ангилжээ. Тухайлбал хөдөлгөөний идэвхгүй, амралт чөлөөт цагаараа дасгал хийдэг, клубийн болон мэргэжлийн түвшинд ямар нэгэн спортод өрсөлддөг гэж ангилсан юм.
“Sports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа эмэгтэйчүүд сарын тэмдгийн овуляцийн үе дээр байхдаа сэтгэн бодох чадварын тестийг хамгийн сайн хийдэг гэдгийг илрүүлжээ. Оролцогчид мөчлөгийн сүүлийн үеүдтэй харьцуулахад самбаачлах хурд 30 миллисекундээр хурдан, илүү бага алдаа гаргаж байсан юм. Харин мэргэжлийн тамирчдын хувьд гүйцэтгэлийн ялгаа илүү тод ажиглагдсан. Дунджаар тэдний самбаачлах хурд 80 миллисекундээр хурдсан байжээ.
“UCL”-ийн доктор Фламина Ронка хэлэхдээ “Мэргэжлийн түвшинд 80 миллисекундээр удаашрах нь ихээхэн нөлөөтэй байдаг. Регби гэх мэт хурдан спортод самбаачлах хугацаа удаашрах нь тархи доргих, тулгуур эрхтний хүнд гэмтэл авах эрсдэлд оруулж болзошгүй” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.