Гадаад мэдээДЭЛХИЙ

Венесуэлийн сөрөг хүчний зүтгэлтэн Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийг Цагаан ордон шүүмжлэв

2025 оны Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний зүтгэлтэн, ардчиллын төлөө тэмцэгч Мариа Корина Мачадо авлаа. Нобелийн комиссын дарга Ёорген Ватне Фриднес шагналтныг зарлах бага хурлаа “Шагналыг энх тайвны төлөө тууштай тэмцдэг, зоригтой, ардчиллын галыг түнэр харанхуй дунд бадруулж буй эмэгтэйд олгож байна” гэсэн юм.

Нобелийн комисс Х дээр мэдэгдэл хийхдээ “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг дэмжихийн төлөө хийсэн ажил болон дарангуйллын дэглэмээс ардчилал руу энх тайван замаар шилжих гэсэн хүчин чармайлтыг нь үнэлж шагнал олгосон” хэмээжээ.

Комиссын дарга Фриндес хэлэхдээ “Санал зөрсөн хэдий ч олон нийтийн засаглалын хамтдаа хамгаалах гэсэн хүсэл зоригоороо бид нэгддэг. Энэ бол ардчиллын мөн чанар юм. Ардчилал дайралтад өртөөд буй энэ цаг үед бид нэгдмэл байр сууриа хамгаалах нь юунаас илүү чухал болоод байна” гэсэн юм.

Өнгөрсөн жилийн сонгуульд Николас Мадуро ялалт байгуулсан гэж Венесуэлийн сонгуулийн хороо мэдэгдсэн. Энэ үр дүнг нь тус улсын сөрөг хүчин болон барууны орнууд хүлээн зөвшөөрөөгүй юм. Венесуэлийн сөрөг хүчнийхэн сонгууль ажиглагчдын тусламжтайгаар санал хураалтын талаар мэдээллийг дэлгэж, Мадуро үнэндээ өвдөг шороодсон гэдгийг харуулсан.

Фриндес “Урт удаан хугацааны энх тайвныг тогтоохын тулд ардчилал хэрэгтэй. Гэхдээ дэлхий даяар ардчилал ухарч буй цаг үед бид амьдарч байна. Авторитар дэглэмтэй орнууд ардчиллын хэм хэмжээг эсэргүүцэж, хүчирхийлэл үйлдэх арга руу шилжиж байна” гэжээ

Тэрбээр цаашлаад Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог шүүмжилж, дэлхийн бусад орнуудад үүнтэй ижил тренд ажиглагдаж байгааг онцолсон байна. Фриндес “Хууль дээдэлдэг засаглалыг төрийн эрхийг барьж буй хүмүүс урвуулан ашиглаж, чөлөөлт хэвлэл мэдээллийн дуу хоолойг дарж, шүүмжлэгчдийг шоронд хийж, нийгмийг дарангуйлдаг засаглал, цэрэгжилт рүү түлхэж байна” гэсэн юм.

Аливаа орны сөрөг хүчний томоохон төлөөллүүд дарамт шахалтын улмаас дүрвэдэг. Харин Мачадо Венесуэль улсад нууц газар, эрх баригчдаас нуугдан үйл ажиллагаа явуулж байгаа.

Энэ жилийн энх тайвны шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт өгөх хэрэгтэй гэсэн дарамт шахалт Нобелийн комисст ирсэн. Ялангуяа Трампын шахалтаар Израил, Хамас хоёр Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа. Гэхдээ Нобелийн шагналд нэр дэвшүүлэх хугацаа нэгдүгээр сард буюу Трамп ажлаа хүлээн авахаас өмнө дууссан байсан гэдгийг комисс онцолжээ. Мөн энх тайвны шагналын эзнийг даваа гарагт буюу Газын зурвас тохиролцоо хийгдсэнээс хэдэн хоногийн өмнө шалгаруулсан байсан билээ.

Цагаан ордны олон нийттэй харилцах албаны захирал Стивен Чюн “Нобелийн комисс энх тайвны оронд улс төрийг сонголоо” гэсэн байна. Ерөнхийлөгч Трамп энхийн тохиролцоо хийж, дайнуудыг дуусган, хүмүүсийн амь насыг аварсаар байх болно гэж Чюн бичжээ.

Шагналтныг тодруулах хэвлэлийн бага хурлын үеэр Нобелийн комиссын дарга Фриднесээс Трампын талаар асуусан байна. Үүнд тэр хариулахдаа комисс ийм төрлийн шахалт ирсэн өөр олон тохиолдол, арвин түүх байгаа гэжээ. Мөн жил бүр хэн энх тайвны шагнал авах ёстой талаар олон мянган захидал хүлээн авдаг хэмээсэн юм. Гэхдээ тус комисс Алфред Нобелийн гэрээслэл болон ажил дээр тулгуурлан ялагчийг тодруулаг гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button