Камеруны 92 настай ерөнхийлөгч сонгуульд найм дахь удаагаа ялалт байгуулах төлөвтэй байна

Камерун улс ням гарагт /2025.10.12/ ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Санал тооллого эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж, тус улсын 92 настай Ерөнхийлөгч Паул Бияа найм дахь удаагаа ялалт байгуулах төлөвтэй байна. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч юм.
Түүний өрсөлдөгчид дунд засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч асан 76 настай Исса Тчирома бий. Тчирома Бияагийн 43 жилийн ноёрхол дуусгавар болохыг шаардсанаараа сөрөг хүчин болон зарим нийгмийн бүлгэмүүдээс дэмжлэг авчээ. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар 1982 оноос хойш төрийн эрхийг барьж буй Бияа дахин ялалт байгуулах магадлал өндөр аж. Учир нь тэр эрх барьсан хугацаандаа засгийн газрын байгууллагуудыг хяналтдаа авсан. Мөн сөрөг хүчин хагаралдаж есөн улстөрч нэр дэвшүүлсэн учир түүнийг ноёрхлыг сорих хүчтэй өрсөлдөгч байхгүй.
Сонгуулийн хариу 15 хоногийн дотор гарна. Бияа санал өгснийхөө дараа сэтгүүлчдэд “Амьдралд юу ч баттай биш. Хүлээгээд харцгаая. Ялагчийн нэр тодрохыг харцгаая” гэж хэлжээ. Тус улсын эдийн засаг олон арван жилийн турш зогсонги байдалд орсон. Ийм учир Бияа төрийн эрх барих суудлаас татан буугдана гэж сөрөг хүчнийхэн найдсаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.