Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий даяар залуусын нас баралт нэмэгдэж буй нь хямрал болж байна

Дэлхий даяар өсвөр насныхан болон залуусын нас баралтын түвшин нэмэгдэж буй нь шинээр үүсэж буй хямрал болж байна. Олон улсын хэмжээнд өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг судалсан томоохон судалгааг явуулсан эрдэмтэд ийнхүү анхааруулж байгаа юм.

“Дэлхийн өвчлөлийн ачаалал” гэсэн нэртэй тэрхүү судалгааг 16 мянган гаруй эрдэмтнээс бүрдсэн сүлжээ 300 мянга гаруй мэдээллийн эх сурвалж ашиглан хийжээ. Энэхүү нүсэр судалгааг “The Lancet сэтгүүлд нийтэлж, ням гарагт /2025.10.12/ Берлинд болсон Дэлхийн эрүүл мэндийн дээд хуралд танилцуулсан байна.

Судлаачдын хэлснээр үүний шалтгаан нь бүс нутаг бүрд харилцан адилгүй байв. Тухайлбал Хойд Америкт залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь мансууруулах бодис, архины хэрэглээ, амиа хорлолт байсан юм. Харин Сахарын цөлөөс өмнө оршдог Африкт халдварт өвчин, гэмтэл бэртэл тэргүүлжээ. Энэ судалгаа эрх баригчдад сэрэмжлүүлэг дохио болох ёстойг эрдэмтэд анхааруулав.

Зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчнүүд нь дэлхий дахинд бүртгэгдсэн нийт эрүүл мэндийн асуудлын гуравны хоёр хувийг эзэлж байгааг тус судалгаа харуулжээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эрчимтэй өсөж буйг тогтоосон юм.

Олон улсад бүртгэгдсэн нийт өвчин, эмгэгийн тал гаруй хувийг нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Тухайлбал даралт ихсэх, агаарын бохирдол, тамхи татах, таргалалт зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах замаар энэ ачааллыг багасгаж болохыг эрдэмтэд онцолсон байна.

Тус судалгаанаас харвал 2023 оны байдлаар дэлхийн 204 улс, нутаг дэвсгэрт нас баралтын түвшин ерөнхийдөө буурч, дэлхийн дундаж наслалт цар тахлын үеийн уналтаас сэргэжээ.

Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.3 жил, эрэгтэйчүүдийнх 71.5 жил болж, 1950 онд байснаас 20 орчим жилээр нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч өндөр хөгжилтэй бүс нутгуудад дундаж наслалт 83 жил, Сахарын цөлөөс өмнө оршдог Африкт наслалт 62 жил гэсэн мэдэгдэхүйц ялгаатай байгаа юм.

Судалгааны багийнхан өсвөр насныхан болон залуусын нас баралтын түвшин тогтвортой өндөр эсвэл өсөх хандлагатай байгаад онцгойлон анхааруулжээ.

Хойд Америк болон Латин Америкийн зарим хэсэгт нас баралт өсөхөд амиа хорлолт, мансууруулах бодис болон архины хэрэглээ нөлөөлж байна.

Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн хэмжүүр, үнэлгээний хүрээлэнгийн (IHME) захирал доктор Кристофер Мюррей хэлэхдээ “Өсвөр насныхан, залуусын дунд нас баралт маш мэдэгдэхүйц нэмэгдсэн нь бидний анхаарлыг ихээр татсан” гэжээ.

Тэрбээр мөн залуус, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд сэтгэл түгших, сэтгэл гутралын тохиолдол нэмэгдэж байгаа нь Хойд Америкт залуусын нас баралт нэмэгдэхтэй салшгүй холбоотой байгааг анхааруулсан юм. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын өсөлт ихээхэн анхаарал татаж байгаа ч, яг ямар шалтгааны улмаас өсөлт явагдаж байгааг тодорхойлох маргаан одоо ч үргэлжилж байна гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button