90-ээс дээш насандаа их сургууль төгсөж, бусдад итгэл бэлгэлж байсан хүмүүс

Их Британийн иргэн 90 настай Мэрийет МакФарланд их сургуулиа 70 жилийн өмнө орхисон юм. Тэгвэл тэр саяхан Англи, хэл уран зохиолын зэргээ хамгаалж их сургуулиа төгссөн байна. МакФарланд төгссөнийхөө дараа “Би итгэж чадахгүй нь ээ, үнэхээр урт хугацаа шаардлаа. Би чадаж байна гэдэг чинь өөр хэн ч чадна гэсэн үг. Сурахад хэзээ ч оройтохгүй” гэж хэлжээ.
Түүний адилаар нас өндөр болсон ч гэсэн эрдэм номд суралцахаар шийдэж, бусад хүмүүсийн хувьд урам зоригийн эх үүсвэр болсон төгсөгчдийг харцгаая.
Волли Тайблсон

Тайблсон 1993 онд, 70 насандаа коллежид анх элсэж байв. Тэрээр 1993 оноос хойш бакалавр болон гурван магистрын зэрэг хамгаалж, хамгийн сүүлийнхийг нь 2016 онд, 90 насандаа авчээ. Калифорни мужийн их сургуулийн хамгийн өндөр настай төгсөгч болсон Тайблсоныг түүний хүү Жим “Сургуульдаа эргэн орж, зорилгодоо хүрэх боломжгүй гэж боддог хүн бүхэнд амьд жишээ боллоо” гэж хэлжээ.
2016 онд төгсөхөөсөө өмнө Тайблсон сэтгүүлчдэд “Боловсролын чиглэлээр магистрын зэрэг авч байгаадаа бахархаж байна” гэж хэлжээ. Тэрээр нэмж “Хэрвээ та суралцсаар байвал хөгшин биш гэсэн үг” гэсэн уриатай амьдардаг хэмээсэн юм.
Клифф Дадсон

Дадсон Дэлхийн II дайны үеэр Их Британийн Хааны агаарын цэргийн хүчинд алба хааж, цахилгааны инженерээр ажиллаж байсан юм. Тэрээр цэргийн инженерчлэлийн өндөр түвшний мэдлэгтэй учир дэлхийн олон оронд илтгэл тавих урилгаар очиж байжээ.
2013 онд 93 насандаа тэрээр Британийн нээлттэй их сургуульд уран зохиолын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан юм. Тухайн үед тэр Британийн хамгийн өндөр настай их сургуулийн төгсөгч болсон. Өмнөх амжилтыг нь 90 насандаа их сургуулиа төгссөн Берти Глэдвин эзэмшиж байжээ. Их сургуульд сурсан туршлагынхаа талаар Дадсон “Олон үндэстэн, янз бүрийн гаралтай, надаас хавьгүй залуу төгсөгчидтэй ярилцаж байсан тул сэтгэлээрээ залуужуулсан” гэсэн юм.
Нола Окс

Окс 2007 онд 95 насандаа Форт Хэйсийн их сургуулиас түүхийн чиглэлээр 3.7 голч оноотой суралцан, зээ охин Александратайгаа хамт төгссөн байна. Дараа нь тэрээр 98 насандаа магистрын зэрэг хамгаалж, тухайн үед түүхийн чиглэлээр магистрын зэргээ авсан хамгийн өндөр настай хүн болжээ.
Аллан Стюарт

Шүдний эмч мэргэжилтэй байсан Стюарт 97 насандаа Австралийн Шинэ өмнөд Уэльс мужийн их сургуулиас Клиник шинжлэх ухааны чиглэлээр магистрын дөрөв дэх зэргээ авчээ. Тэрээр энэ амжилтаа цагийг зөв зарцуулж чаддаг байсантай нь холбоотой гэж хэлж байсан юм.
1915 онд төрсөн тэрээр 1936 онд шүдний эмчийн зэрэг хамгаалсан. Гэхдээ тэр нас ахиад оюун ухаанаа хурц байлгахын тулд дахин сурах шийдвэр гаргажээ. Тэрээр дөрөв дэх зэргээ 2012 онд авсан юм
Лео Пласс
Пласс 1932 онд, 20 настай байхдаа коллежоо орхисон боловч 99 насандаа Орегоны их сургуулиас диплом авчээ.
Пласс энэ үйлдлээрээ дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Тэрээр 1932 онд төгсөхөд хэдхэн кредит дутуу байсан ч мод бэлтгэлийн салбарт өндөр цалинтай ажилд орж, сургуульдаа эргэж очоогүй байна. Гэсэн хэдий ч боловсрол эзэмших мөрөөдлөө тэр хэзээ ч мартаж байгаагүй. Эцэст нь 2011 онд, 99 настайдаа Пласс их сургууль төгсөн, амьдралынхаа туршид мөрөөдөж явсан зүйлээ биелүүлсэн байна.
Эх сурвалж: BBC, The Independent, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.