СПОРТ

Х.Хайнар: Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр анх удаа батлагдлаа

Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дарга Х.Хайнартай ярилцлаа.

-Танай аймгийн БТСГ-аас 2019 онд хийсэн гол ажил, тэмцээн уралдааныхаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

 -Оны эхэнд бүх ажил, уралдаан тэмцээнүүд төлөвлөгдсөн байдаг. Тэр дагуу энэ жил спортын бүх төрлөөр насанд хүрэгчдийн дунд 17, залуучууд болон өвсөр өсвөр үеийн 21, төлөвлөгөөнөөс гадуур 20 гаруй, нийт 60 шахам уралдаан тэмцээн зохион байгууллаа.

Үүнээс заримыг нь дурдвал, өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн, орон нутаг дахь их, дээд сургуулиудын оюутнуудын соёл, спортын “Универсиад”,  өсвөр үеийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн нээлттэй тэмцээн, Баруун бүсийн спорт клубуудын дунд өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээн зэрэг томоохон уралдаан тэмцээнүүд манай аймагт зохион байгуулагдав.

Уг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, таеквондогийн “Арман” клуб, Ховд Их сургуулийн харъяа Баян-Өлгий аймгийн Багшийн сургууль, үндэсний бөхийн “Тастулек” клуб зэрэг байгууллагууд  хамтарч ажиллав.

Түүнчлэн, БТСГ-аас биеийн тамир, спортын бүх төрлийг хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, хүүхэд, залуучууд, нийт ард иргэдийн  чөлөөт цагаараа биеийн тамир, спорттоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах бүхий л боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд  иргэдийн  оролцоо улам нэмэгдэж, биеийн тамираар хичээллэгсэдийн хандлага ихссэн байдал ажиглагдаж байна.

-Танай аймагт хэчнээн спортын төрлөөр хэдэн секц үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Иргэд үндэсний бөх, сагсан бөмбөг, волейбол, бокс, хүндийн өргөлт, таеквондо, каратэ, жүдо, ширээний теннис, футзал, чийрэгжүүлэлт зэрэг спортын төрлөөр 13 секцэнд хичээллэх боломжтой. Тэгэхийн тулд БТСГ-аас албан байгууллага, ААН-үүдийн саналыг оны эхнээс авдаг. Улмаар түүнийг нь үндэслэн  долоо хоног бүрт ямар байгууллага, ямар спортын төрлөөр хэдэн цагаар спорт заалыг ашиглаж болох тухай тусгай хуваарь гаргаж ажиллана.

Манайд “А” болон “В” заалуудыг байгууллагууд оройн 17.00-19.00, 19.00-21.00 цагуудын хооронд ашиглах боломжтой.

Харин сурагчдын хувьд хичээлийн цагийн онцлогтой холбоотойгоор үдээс өмнө ба үдээс хойш гэсэн хуваариар  сонгосон спортын төрлөөр хичээллэх боломжтой.

Дээр хэлсэнчлэн байгууллага, хамт олны спорттоор хичээллэх сонирхол, идэвх санаачлага сайжирч байна. Үүнд манай Аймгийн ЗДТГ, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэг, Татварын газар, Цагдаагийн газар, ХААН, Голомт банк гэх мэт олон байгууллагуудыг онцолж болно.

-Баян-Өлгий аймгийн тамирчид ямар амжилтаар 2019 оныг үдэв?

- 2019 он манай тамирчдын хувьд олз омогтой, амжилт бүтээлээр арвин жил боллоо. Тамирчид маань зөвхөн тив дэлхий, олон улс, улс, бүсийн чанартай томоохон тэмцээнүүдээс  19 алт, 33 мөнгө, 39 хүрэл, нийт 91 медаль хүртсэн нь чамлахааргүй амжилт. Спортын зарим төрлүүд дээр амжилт гаргасан тамирчдыг нэрлэвээс:  

Дасгалжуулагч С.Серикбол тэргүүнтэй “Тарлан” клубын тамирчид 2019 оны хоёрдугаар сарын 22-24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Шинкиокушинкай каратэгийн УАШТ-нд амжилттай оролцож,  насанд хүрэгчдийн +55 кг жинд Т.Нуржанар мөнгө,  эрэгтэйчүүдийн -65 кг жинд С.Серикбол,16-17 насны ангилалд Б.Серикхаж нар хүрэл медаль хүртсэн.

Хэнтий аймгийн Чингис хотод болсон 2019 оны хүндийг өргөлтийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд М.Талгат дасгалжуулагчтай баг тамирчид оролцож, Е.Асемхан 50 кг-ын жинд өрсөлдөж түлхэлттэй өргөлтөөр 48 кг, огцом өргөлтөөр 35 кг өргөж хүрэл медаль хүртсэн бол Өвөрхангай аймагт зохион байгуулсан залуучуудын УАШТ 67 кг жинд Т .Ибрайм огцом өргөлтөөр  90, түлхэлттэй өргөлтөөр  110, нийлбэрээр 200 кг өргөсөн түрүүлж, тус тэмцээнээс гурав дахь алтан медалиа авахдаа дэд мастер цолны болзол хангасны сацуу шилдэг тамирчнаар шалгарч, Е.Тилек мөнгөн медаль авлаа.

Энэ ялдамд  Спорт цогцолборын хүндийн өргөлтийн бэлтгэл хийх заалыг өөрийн хүч хөрөнгөөр шинэчлэн засварлаж өгсөн “Досстрой” компанийн захирал, хүндийг өргөлтийн Олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Б. Нурланд баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

Волейболын тамирчид маань ч мөн адил ганзага хоосон байгаагүй. Говь-Алтай аймгийн Алтай хотод гуравдугаар сарын 25-28-нд болсон баруун бүсийн аварга шалгаруулах идэрчүүдийн тэмцээнд БТСГ-ын дасгалжуулагч М.Динмухаммедээр ахлуулсан шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Улмаар Ховд аймагт болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох   эрх авч, тус тэмцээнд шилдэг 8 багийн нэгээр шалгарсан. Мөн манай аймагт амжилттай зохион байгуулагдсан Монголын Хүүхдийн спортын VI наадмын баруун бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээнд Баян-Өлгий аймгийн “Хөвгүүд” баг хоёрдугаар байр эзэлэлсэн. Улмаар  Улаанбаатар хотод болсон Монголын Хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээнд оролцож, шилдэг зургаан багийн нэгээр тодорсон.

Жүдочдын тухайд Завхан аймагт дөрөвдүгээр сарын 04-06-нд зохион байгуулсан өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд манай аймгаас БТСГ-ын дасгалжуулагч Д.Мурат, Цэнгэл сумын багш А.Ташкент, Толбо сумын багш Х.Уазира нар ахлан баг тамирчдаа амжилттай оролцуулж, эрэгтэй, эмэгтэй тамирчид маань зургаан алт, найман мөнгө, зургаан хүрэл, нийт 20 медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн баг тамирчид бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарлаа.

Мөн Ховд аймагт зохион байгуулсан “Москва 1980” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавъяат тамирчин, улсын начин Равдангийн Даваадалайгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн болон дунд насны ангиллын УАШТ-д М.Мурат дасгалжуулагчтай баг тамирчид оролцон, 38 кг-ын жинд Х.Данияр, +50 кг-ын жинд Е.Ховыланды нар мөнгөн медаль хүртлээ.

Самбо бөхийн залуучуудын 2019 оны УАШТ-ий 90 кг-ийн жинд Баян-Өлгий аймгийн харьяат тамирчин Б.Жандос аваргын алтан медаль хүртсэн. Тэрбээр Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотод болсон “Азийн цом-2019”  олон улсын залуучуудын тэмцээний 90 кг жинд хүрэл медаль авсан.

Таеквондогийн дасгалжуулагч Ш.Еруланы шавь нар Улаанбаатар хотод зохион байгуулагдсан залуучуудын УАШТ-д амжилттай оролцож А.Асемхан, Б.Ахмарал нар мөнгөн медаль хүртсэн бол Хүүхдийн спортын VI наадмын таеквондогийн тэмцээнд хүч сорьсон С.Нурбек 48 кг-д, охидын +55 кг жинд А.Асемхан нар хүрэл медалийн эзэн боллоо.

Манай аймагт нэлээд сайн хөгжиж буй спортын төрөл болох боксын спортын А.Бейбит дасгалжуулагчтай  тамирчид маань  ч 2019 оныг арвин их амжилтаар үдэж байна. Улаанбаатар хотод болсон залуучуудын УАШТ-ээс БТСГ-ын тамирчин А.Жандос мөнгө, Казахстанд зохион байгуулсан насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнээс боксын спортын мастер Х.Бекнур хүрэл, Т.Ерболат мөнгөн медаль хүртсэн. Мөн БНХАУ-д болсон Дэлхийн цагдаа, галын албан хаагчдын спортын наадамд оролцсон Х.Бекнур каратэгийн төрөлд түрүүлж, боксын төрөлд мөнгөн медаль авсан. Үүний сацуу арваннэгдүгээр сарын 10-17-нд болсон залуучуудын Азийн АШТ-ээс  64 кг-д А.Жандос хүрэл медаль хүртлээ. Түүний энэхүү  амжилт нь Баян-Өлгий аймгийн боксын тамирчдын хувьд Ази тивийн анхны медальтан болж, шинэ хуудас нээлээ.

Мөн Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон насанд хүрэгчдийн УАШТ-д +91 кг-д Т.Ерболат зургаа дахиа түрүүлж,  ОУХМ А.Нурлан 57 кг-д хүрэл медаль хүртсэн. Хүүхдийн спортын VI наадмын боксын тэмцээний +63 кг-д Р.Оралман мөнгө, 52 кг-д Б.Хублайхан хүрэл медаль авч, ирээдүйтэй боксчид болохоо харуулав.

Манай аймгийн бөхчүүдийн амжилт сүүлийн жилүүдэд эрс ахиж байгаа. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн дэвжээ”-ний бөх, аймгийн арслан Н.Мустафа өнгөрсөн жил улсын наадамд дөрөв даван, улсын цолны босгийг давах дөхлөө. Улсын начин цолны даваанд түрүү бөх Э.Оюунболдод өвдөг шороодсон.

Бид Ховд аймгийн БТСГ-ын дарга Г.Цэдэнбалтай ярилцаж, чөлөөт бөхийн спортыг хөгүүлэхэд бидэнд туслах, бид ховд аймагт боксын спортыг хөгжүүлэхэд нь туслан, хамтран ажиллахаар болсон.

Энэ дашрамд, манай аймгийн спортын түүхэнд онцлог үйл явдал, содон амжилт гэмээр зүйлийг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Юу гэвэл, манай аймгийн ахмад тамирчин Х.Берболат мастерүүдийн Улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд түрүүлсэн. Улмаар 2020 оны  нэгдүгээр сард Австри улсад болох ахмадын дэлхийн наадамд өрсөлдөх эрх авсан.

 Мөн бидний өдөр тутам хэрэглэж буй энгийн унадаг дугуйгаар О.Баяндалай Монгол Улсынхаа бүх аймгаар  аялж, хоёр сар 10 хоногт 6300 км урт зам туулсан. Эдгээр тамирчдын өвөрмөц амжилт нь манай аймгийн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх нь дамжиггүй. Тэрчлэн Б.Абылайхан маань Казахстан улсын Алматы хотод зохион байгуулагдсан Олон улсын марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож ирлээ.

-Танай аймгийн хэд хэдэн өсвөрийн тамирчид маань Монгол Улсын Хүүхдийн спортын ҮІ их наадамд амжилттай оролцжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

 -Тус наадам өмнө нь дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг байсан юм билээ. Засгийн газрын 2018 оны 318 дугаар тогтоолын дагуу  2019 оноос хоёр жил тутамд хийхээр шийдвэрлэсэн юм. Зургаа дахь удаагийн хүүхдийн спортын наадам өнгөрсөн хавар эхэлж, гурван үе шаттайгаар явагдсан. Улсын хэмжээнд нийт 400 гаруй сургуулийн 40 мянган хүүхэд хамрагдсан уг спортын наадмын эхний шатанд хүүхдүүд сургууль дээрээ өрсөлдсөн бол дараагийн шатны тэмцээн уралдаан аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж шигшээ тэмцээнд өрсөлдөх 4500 гаруй тамирчин тодорсон.

Улаанбаатар хотод есдүгээр сарын 06-15-нд үндсэн 19, сонгох тав, паралимпийн дөрөв, дифлимпийн гурав, тусгай олимпийн гурав, нийт 34 спортын төрлөөр 22 байршилд зэрэг зохион байгуулсан  спортын наадмын шигшээ тэмцээнд Баян-Өлгий аймгаас 82 тамирчин сурагч, есөн багш дасгалжуулагч  гар бөмбөг, футзал, хүндийн өргөлт, ширээний теннис, жүдо, бокс, таеквондо, шатар, даам гэх зэрэг спортын есөн төрөлд өрсөлдөв. Уг арга хэмжээнд оролцогчдын зөвхөн унаа, хувцасны зардалд зориулж Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар нийт 836 5000 төгрөг шийдэж өгсөн. Манай аймгийн өсвөрийн тамирчид 2011 оны хүүхдийн спортын IV наадмаас боксын төрөлд хоёр алтан медаль хүртэж байсан бол 2015 оны хүүхдийн спортын V наадмаас боксын төрөлд нэг мөнгө, нэг хүрэл, таеквондо, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн төрлүүдэд тус бүр хүрэл медаль хүртсэн.

Энэ удаагийн ҮІ их наадамд таеквондагийн төрөлд С.Нурбек, А.Асемхан, боксын төрөлд Р.Оралман, Б.Хублайхан нар мөнгө, хүрэл медаль хүртсэнийг түрүүн дурьдсан билээ. Футзалын төрөлд оролцсон баг тамирчид шилдэг найман багт, гар бөмбөгийн хөвгүүдийн баг шилдэг зургаан багт, теннисчин охидын баг маань шилдэг 16-д шалгарсан бол 30-аад баг өрсөлдсөн даамын тэмцээнд Б.Еркегүл тавдугаар байр эзэлсэн юм.

Мөн “Тусгай олимп”- ийн баруун бүсийн наадам 2019 оны есдүгээр дүгээр сарын 16-19-нд Ховд аймагт боллоо. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгаас нийт 120 гаруй тамирчин оролцсон. Уг наадамд манай аймгаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын тэргүүн Т.Ерлан, багийн дасгалжуулагч,  спортын мастер Ж.Жулдыз нар ахалсан 18 тамирчин  ширээний теннис, хөнгөн атлетик, волейбол, бочче зэрэг спортын дөрвөн төрөлд оролцож, долоон алт, долоон мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт шалгарч, “Алтан цом” гардан авлаа.

-Үндэсний болон нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар ямар ажил зохион байгуулав?

-БТСГ-ын НБТАЗүйч, МКҮСХ-ны тэргүүн А.Ром хариуцдаг үндэсний спорт маань хэд хэдэн төрөл дээр  сайн хөгжиж байгаа. Бүгд Найрамдах Казахстан улсын Алматы хотноо 2019 оны дөрөвдүгээр сарын 16-21-нд үндэсний морин спортын  “Тулам булаалдах”, “Морин дээрх барилдаан” “Зоос шүүрэх”, “Морин дээрх харваа” зэрэг спортын төрлүүдээр залуучуудын Азийн аварга шалгаруулах нээлттэй анхдугаар тэмцээнийг зохион байгуулсан. Тус  тэмцээнд Монгол Улсаа төлөөлж А.Ромоор ахлуулсан 28 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, Тулам булаалдах спортын төрөлд Тажикстан, БНХАУ, ОХУ-ын баг тамирчдыг тус тус ялан, хэсгээсээ шалгарч, эзэн орон болох Казахстаны шигшээ багийн тамирчидтай түрүү булаалдаад мөнгөн медаль хүртсэн.

Мөн зоос шүүрэх төрлийн тэмцээнд есөн орны 19 тамирчин оролцсоноос эх орноо төлөөлж С.Женисбек өрсөлдөөд хүрэл медаль хүртэж, У.Айболат шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Морин дээрх барилдааны 70 кг-ийн  жинд М.Айтхабыл мөнгө, 80 кг-ийн жинд Е.Өмирбек хүрэл медаль хүртсэн бол морин дээрх барилдааны +80 кг жинд С.Женисбек  түрүүлж, Азийн аварга болов.

Д.Ербол дасгалжуулагчтай “Есөн хоргол”-ын  олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр эзэлж, зургаан  медальтай ирсэн бол Улсын их баяр наадмын буриад сурын харвааны тэмцээнд оролцсон Б.Энхболд тэргүүнтэй Аймгийн Сурын холбооны баг тамирчдын дундаас Алтантулга түрүүлж, Монгол Улсын хошой мэргэн цол хүртлээ.

Монголын үндэсний бөхийн спорт сүүлийн жилүүдэд  манай аймагт ч нэлээд эрчимтэй хөгжиж байгааг та бүхэн сайн мэднэ.  Энэхүү үйлсэд Баян-Өлгий аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн, Аймгийн Засаг даргын орлогч  Ш.Хабыл, “Өлгийн хүчтэн дэвжээ”-ний тэргүүн, аймгийн арслан Г.Айдос, өсвөрийн бөхчүүдийг бэлтгэдэг “Тастүлек” клубын тэргүүн, аймгийн начин С.Бахыт, “Тологай” клубын тэргүүн, аймгийн начин М.Жанарбек, Х.Нурлат эзэнтэй Таван богдын бүргэдүүд дэвжээний бөхчүүд болон бусад  үндэсний спортыг дээдлэгчдийн оруулж буй хувь нэмэр, дэмжлэг туслалцаа их байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Өсвөрийн бөхчүүдийн дунд ч ирээдүйтэй бөхчүүд олон бий. Жишээ нь, “Тастүлек” клубын тамирчин Б.Имангали хүүхдийн нэрэмжит УАШТ болон бусад барилдаануудад эхний байранд шалгарсан юм.

Ер нь манай аймгийн  харъяат бөхчүүд улсын болон аймаг, бүсийн барилдаануудад амжилттай барилдаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Түүнчлэн, манай БТСГ-т шууд хамааралтай бус ч гэсэн казах үндэсний барилдаан “Казах күрес” Монгол улсад ч сайн хөгжин дэлгэрч байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Энэ эрхэм үйлсэд Монгол, Казахстан улсуудын гавьяат тамирчин, Улсын харцага, Монголын Казах күрес холбооны тэргүүн Однайн Бахыт гуайн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл их байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. 2019 онд л гэхэд олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын санаачлагаар Улаанбаатар хотод “Казах күрес”-ийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд анх удаа дараалан зохион байгуулагдлаа. Тэрчлэн, Монголын бөхчүүдийн баг “Казах күрес”-ийн Ази, олон улс, ДАШТ-үүдэд тогтмол амжилттай оролцож, тэдгээрийн дундаас тив, олон улс, дэлхийн аварга, медальтнууд төрөн гарлаа.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, сурталчлах ажил урьд онуудынхтай нэгэн адил тусгай төлөвлөгөө, графиктайгаар зохион байгуулагдаж ирлээ.  Үүнд, Толбо нуурт зохион байгуулдаг “Мөнгөн өвөл”, Ховд голын мөсөн дээр болдог спорт тоглоомууд, хавар болон намар зохион байгуулдаг бүх нийтийн марафон гүйлт гэх мэт арга хэмжээнүүдийг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн БТСГ, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудтай хамтран явуулж байна. 

-Та өнгөрсөн гуравдугаар сард БСШУС-ын яамны төлөөлөгчидтэй хамт Казахстан улсад айлчлаад ирсэн. Айлчлал хэр үр дүнтэй болов?

-Тиймээ БСШУС-ны яамны ЗГХА Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Астана /Нур-Султан/ хотод айлчилж ирсэн. Энэ ажлын айлчлалын үеэр БСШУС-ын яамны Биеийн тамир, спортын агентлагийн дарга Ц.Шаравжамц, Казахстан улсын Соёл, Спортын яамны Биеийн тамир, Спортын хорооны дарга Серик Сапиев нар улс хооронд спортыг хөгжүүлэх, туршлага солилцох талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Миний бие нэрт боксчин, олимпийн аварга Серик Сапиевтэй уулзан, тус улсын Дорнод Казахстан болон Павлодар мужуудтай  Баян-Өлгий аймгийн хооронд урьд нь спортын холбоодын түвшинд  л хөгжиж ирсэн хамтын ажиллагааг  дээрх мужуудын биеийн тамир, спортын хариуцсан төрийн байгуулагууд ба Баян-Өлгий аймгийн БТСГ-ын хоорондох албан ёсны хамтын ажиллагааны түвшинд хүргэхэд туслахыг нь хүсэхэд тэрээр нааштай хүлээж авсан  юм. Энэ асуудлын талаар бид  2020 оноос тодорхой алхмууд хийх бодолтой байгаа.

- Оны өмнө Увс аймагт болсон  боксын клубын нээлтийн ажиллагаанд оролцсон. Мөн  БСШУС-ын сайд Е.Баатарбилэг Баян-Өлгий аймагт  ажиллахдаа танай байгууллагын үйл ажиллагаатай бас танилцсан. Энэ үеэр ямар асуудлуудын талаар ярилцаж, шийдэлд хүрэв?

-Увс аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболдын урилгаар, тус аймгийн Засаг даргын санаачлагаар байгуулсан “Увс нуур” боксын клубын нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо. Тус арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболд нарын албаны хүмүүс оролцож, урлагийн тоглолтууд, шинэ рингний тууз хайчлах ёслол, боксын тамирчдын тулаануудын үзүүлэх тоглолтууд боллоо. Мөн энэ үеэр жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Увс аймгийн БТСГ-ын удирдлага, боксын спорт өндөр хөгжсөн Баян-Өлгий аймгийн БТСГ-ын удирдлагууд санаачлага гарган жүдо бөхийн спорт болон боксын спортыг хөгжүүлэх талаар харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар боллоо.

БСШУС-ын сайд манай байгууллагын ажил байдалтай танилцах үеэр миний бие үйл ажиллагааны явцаас танилцуулж, тус салбарт тохиолдож буй  тулгамдсан асуудлуудыг  хөндлөө. Мөн БТСГ-ын Спорт цогцолборт  их засвар хийх, хуучин заалын халаалтын системийг сольж шинэчлэх,  спортын уралдаан тэмцээнүүдийг зохих түвшинд зохион явуулахад шаардагдах хөрөнгө мөнгөний хүрэлцээгүй байдлыг арилгах, тамирчдад үйлчилэх бага оврын автобустай болгож өгөх, байгууллагад шаардлагатай  иж бүрэн компьютер, сандал ширээ, спортын хэрэгслээр хангахад туслах зэрэг асуудлууд тавьсан юм.

Ё.Баатарбилэг сайд 2019 онд салбарын яамнаас дэвшүүлсэн гурван зорилтын хэрэгжилтээ тайлагнаж, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй гол ажлуудаа танилцуулан аймагт тус салбарт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ аймгийн БТСГ-т шинэ фургон машин шийдэж өгөхөөр болсон ба БСШУСЯ-ны БТСпортыг дэмжих сангаас 2020 онд аймагт зохион явуулах томоохон тэмцээн уралдаануудын  зардалыг шийдэж өгөхөө амаллаа.

-2019 оны арванхоёрдугаар сард болсон Баян-Өлгий Аймгийн ИТХ-ын ээлжит чуулганаар танай салбарт холбогдолтой ямар ямар асуудлыг шийдвэрлэсэн вэ?

-Манай аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаанаар Биеийн тамир спорттой холбоотой хоёр асуудал батлагдаж ажил хэрэг болохоор боллоо. Нэгдүгээрт, 2016 онд ИТХ-аас батлагдсан журмын дагуу аймгийн тамирчид, дасгалжуулагчдын  тэмцээн уралдаанд гаргасан амжилтыг үнэлж урамшуулан шагнах ёстой юм. Уг журмын дагуу 2017, 2018 онуудад Олон улс, тив, ДАШТ, УАШТ-НД амжилт гаргасан дасгалжуулагч, багш нарыг шагнахаар нийт 12,9 сая төгрөг баталлаа. Мөн 2019 онд амжилт гаргасан тамирчдын мөнгөн шагналын санхүүжилтэнд 2020 он гараад төсвийн орлогын давсан хэсгээс 8,5 сая төгрөг шийдвэрлэхээр боллоо.

Хоёрдугаарт, Засгийн Газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 335 дугаар тогтоолоор “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бодлогын баримт бичиг болох “2020-2023 онд БТС-ыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлалаа. Дэд хөтөлбөрийн нийт төсөв нь 203 сая төгрөг ба уг санхүүжилтийг БСШУСЯ, аймгийн ЗДТГ болон бусад эх үүсвэрээс шат дараалалтайгаар шийдвэрлэж санхүүжүүлэн хэрэгжүүлэх юм.

- 2020 онд ямар арга хэмжээнүүд  зохион байгуулахаар төлөвлөж байна даа?

-Энэ онд  төрөлх аймаг маань үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохионо. Бид үндсэн ажлынхаа ихэнх хэсгийг  энэхүү ойг угтсан арга хэмжээнүүдийн хүрээнд төлөвлөж байна. Үүнээс томоохонд тооцогдох арга хэмжээнүүдийг нэрлэвэл, волейболын идэрчүүдийн УАШТ, олон улсын өсвөр үеийн аварга шалгаруулах боксын тэмцээн, Баруун бүсийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээн,  казах үндэстний “Аударысбах” /Морин дээрх барилдаан/ спортын төрлөөр залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Баян-Өлгий аймгийн нийт ард иргэдийн дунд спортын найман төрлөөр  явагдах  спорт их наадам зэрэг багтсан.

Эдгээр уралдаан тэмцээнүүд манай аймагт анх удаа зохион байгуулагдах болсноороо онцлогтой юм. Түүнчлэн спортын бүх төрлөөр жил бүр явагддаг уламжлалт уралдаан тэмцээн,  улс, олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд оролцох тамирчдыг бэлтгэх, шалгаруулах,  үндэсний болон нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаарх зорилтот ажлуудыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна. Мөн жүдо бөхийн өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн манай аймагт болно.

-Таны санаачлагаар 2019 онд анх удаа Баян-Өлгий аймгийн спортын салбарын шилдгүүдийг шалгаруусан. Энэ талаар тодруулна уу?

-Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Алтан бамбар-2019” ёслолын үйл ажиллагааг санаачлан, анх удаа зохион байгууллаа. Эл шагналын зорилго нь БТС-ын салбарт  оны шилдэгүүдийг олон нийтэд таниулж суртарчлан алдаршуулах, цаашид салбартаа амжилт гаргахын тулд улам хичээн зүтгэхэд  урамшуулан дэмжих, амгийнхаа ард иргэдийн бахархалыг төрүүлэх, хойч үеийнхэнд үлгэр дуурайлал болгох зорилгоор зохион байгуулагдсан ёслолын үйл ажиллагаа юм.

“Алтан бамбар-2019” наадмын дараах номинациар зохион байгуулсан.

Үүнд:

  •  Оны шилдэг өсвөр үеийн тамирчин
  • Оны шилдэг залуу тамирчин  
  • Оны шилдэг тамирчин
  • Оны шилдэг дасгалжуулагч 
  • Оны шилдэг спорт тоглоомын баг
  • Оны шилдэг ахмад тамирчин
  • Оны шилдэг биеийн тамирын багш
  • Оны шилдэг үндэсний спортын тамирчин
  • Оны шилдэг казах үндэсний спортын тамирчин
  • Оны шилдэг онцгой амжилт гаргасан тамирчин
  • Оны шилдэг спортын сэтгүүлч
  • Оны шилдэг спортын холбоо
  • Оны шилдэг спортын клуб
  • Оны шилдэг спортыг дэмжигч байгууллага
  • Оны шилдэг спортыг сурталчилсан байгууллага

-Хоёулангийнх нь ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Сүүлчийн хормыг танд үлдээе.

-Ер нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудал бол зөвхөн БТСГ, тэнд ажилладаг хэдхэн дасгалжуулагч, ажилтнуудын оролцоотойгоор шийдвэрлэгддэг зүйл биш л дээ. Үүнд төр, захиргааны байгуулагуудаас гадна  биеийн тамир, спортын чиглэлийн төрийн бус байгууллагууд, холбоо, клуб,  секцүүд,  компани, ААН, тэдгээрийн удирдлага,  нийт ард иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа хамгаас чухал байдаг.

Манайд зарим төрлийн спортын тэмцээн уралдааныг  тэдгээр  холбоод, албан байгууллага, компани, ААН-үүд хамтран зохион байгуулалцаж, ивээн тэтгэж байдаг нь бидний үйл ажиллагаанд ихээхэн тус нэмэр болдог.  Одоогийн байдлаар манай аймагт зөвхөн спортын чиглэлийн 30 шахам холбоод, клуб, секцүүд үйл ажиллагаа явуулж,  БТСГ-тай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг нэг бүрчлэн нэрлэж тус тусад нь баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байгаа боловч энэхүү ярилцлаганд багтаах боломж үгүй нь харамсалтай. Тиймээс  дээрхи байгууллагуудыг  удирддаг эрхэмүүд, хамт олонд нь шинэ 2020 ондоо элэг бүтэн, энх мэнд, ажил үйлс нь өөдрөг, аз жаргалаар дүүрэн байхын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс бүхэн цэцэглэн дэлгэрч, тамирчдын маань  амжилт бүтээл улам арвижих болтугай.

-Ярилцсанд тань баярлалаа.

-Баярлалаа.

Ярилцсан Зургаанбайн Рысбек

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button