iPhone 17-гийн нөлөөгөөр “Apple”-ийн үнэлгээ $4 их наядад ойртлоо

Шинэхэн худалдаанд гаргасан iPhone 17-гийн нөлөөгөөр “Apple” компанийн хувьцаа түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Даваа гарагт /2025.10.20/ тус компанийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.долларт ойртсон байна. Тодруулбал “Apple”-ийн нэгж хувьцааны үнэ 4.2 хувиар өсөж 262.9 ам.долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 3.9 их наяд ам.доллар болжээ.
Ингэснээр тус компани 4 их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн гурав дахь компани болоход ойрхон байна. “Companies Market Cap” сайтаас харвал дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтыг “Nvidia” тэргүүлж “Apple” жагсаж удаалж байгаа аж.
Хэрвээ “Apple”-ийн 3.9 их наяд ам.долларын үнэлгээг ДНБ гэж үзвэл тус компаниас илүү өндөр ДНБ-тэй дөрвөн л улс энэ дэлхийд байх юм.
“Evercore ISI” фирмийн шинжээч “БНХАУ-д саяхан цахим захиалга нээсэн нь эерэг нөлөөгөө арван хоёрдугаар сар хүртэл үзүүлж магадгүй. Эхэн үеийн захиалгын тоо баримтыг харвал бусад бүстэй харьцуулахад БНХАУ-д эрэлт өндөр байгааг харуулсан” гэжээ. “Apple” есдүгээр сард шинэ загварын iPhone болон бусад бүтээгдэхүүнүүд танилцуулсан. АНУ-ын гаалийн татвар үйлдвэрлэлийн үнэд нөлөөлнө гэх айдас байсан ч тус компани утасныхаа үнийг тогтвортой барьсан билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.