Улс төрийн мэдээ

Багш нарынхаа цалинг мэддэггүй, худалч сайд нар

Өчигдөр /2025.10.21/ Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар уулзсан.

Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан,

“Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс 20 хувь, мөн оны долоодугаар сард 10 хувиар нэмэх тооцоолол гаргалаа. ЕБС-д олон жил ажилласан багш нар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа. 2020 оноос хойш төсөв нь хамгийн өндөр гарсан салбар бол манай боловсролын салбар. Бид цаашдаа төрийн алба хаагчдын цалин хөлсийг үр дүн, гүйцэтгэл дээр суурилсан жишгээр олгох зарчмаасаа гарахгүй" гэсэн бол

Салбарын сайд П.Наранбаяр,

“Ирэх онд багш нарын үндсэн цалинг 30 хувиар нэмнэ. Нийслэлийн ЕБС-ийн шинэ багшийн үндсэн цалин 1.4 сая байгаа. Ганц манай салбарын асуудал биш. Тиймээс цалин хөлсийг өсгөх тал дээр бид бусад яамдуудтай хамтран ажиллаж байгаа. Багш нарын ажил хаяалтын золиос нь хүүхэд болох ёсгүй. Бид хуулийн дагуу ажиллаж боломжит хувиар үндсэн цалинг нэмж ажиллана" гэв.

Нэмээд, тэд улсын хэмжээнд багш нарын дундаж цалинг 3,487,700 төгрөг гэж мэдэгдсэн. Тодруулбал, нийслэлийн багш нар 3,469,200 төгрөг, аймгийн төвийн багш нар 3,484,200 төгрөг, сумдын багш нар 3,485,100 төгрөг тус тус нэмэгдэлтэйгээ нийлээд авч байна гэсэн. Харин нэмэгдэлгүй одоогийн дундаж цалин 2.5 сая төгрөгөөс 2.9 сая төгрөг байна гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү мэдэгдлийг багш нар илтэд худал мэдээлэл хэмээн үгүйсгэж, байр сууриа илэрхийлсээр байна. Тодруулбал, "Бид хэрэв ийм цалин авдаг бол жагсахгүй. Ажил хаях бүр ч боломжгүй. Энэ бол гүтгэлэг. Залуу багш нарын авдаг цалингийн хэмжээ ч худлаа байна, мэдээллээ залруулахыг шаардаж байна" гэх зэргээр шүүмжилж байна.

Ингээд харвал дээрх сайд нар багш нарын өөдөөс харж суугаад худлаа хэлсэн болж таарав.

Үүний хариуд ҮЭ-ийн дарга З.Цогтгэрэл,

“Бид та бүхний тавьж байгаа саналыг хүлээж авахгүй. Өмнөх уулзалтаар 30 хувь нэмэх асуудал ярьж байсан. Одоо ч ярьж байна. Бид 30 хувийн нэмэгдлийг хүсээгүй. Өөдөөс болж бүтэхгүй байгаа асуудлуудаа хэлээд байгаад гайхаж байна. 1,4 сая төгрөгөөр нэг сар амьдраад үзээч ээ, та бүхэн. 70 хүүхэдтэй ажиллаад үз. Уучлаарай шинэ багш 2,5 сая төгрөг авах ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл. Ирэх онд 30 хувь нэмбэл шинэ багш нар ажлаа орхино. Энэ асуудлыг хэн хариуцах юм бэ" гэсэн юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арай дэндүү боловсролоо уландаа гишгэж бна

Холбоотой мэдээ

Back to top button