НИЙГЭМ

Эмч, эмнэлгийн ажилтнууд багш нар шиг ажил хаявал юу болох вэ

Багш нар жагсаж, хугацаагүй ажил хаяхтай зэрэгцэж эмч, эмнэлгийн ажилтнууд Төв талбайд жагсаж эхэлсэн. Тэд мөн л цалингаа нэмүүлэх үндсэн шаардлагыг тавьж буй. Долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарч,

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн,

"Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэлд 181 тэрбум төгрөг шаардлагатай. Манай салбарын дундаж цалин боловсролын салбартай харьцуулахад арай өндөр байгаа учраас 20 бус 15 хувь нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Эмч нар ажилласан жилээсээ шалтгаалж өөр өөр цалин авч байгаа. 

1-4 жил ажилласан эмч нэмэгдэлтэйгээ нийлээд 1.8-2.5 сая, 5-10 жил ажилласан эмч нар 2.5-3 сая, 10 жилээс дээш жил ажилласан эмч нар 3-3.5 саяын цалин авч байгаа. Жижүүрт хоносны нэмэгдэл зэрэг нь ороод шүү. Жижүүрт хонодоггүй эмч нар тийм өндөр биш гээд байдаг юм" хэмээн мэдэгдсэн.

Харин бодит нөхцөл байдал эсрэгээрээ, маш бага цалингаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа гэдгээ эмч, эмнэлгийн ажилтнууд баталсан. Мөн цалинг 15 хувиар нэмэх нь хангалттай биш буюу жагсаалыг тараах үндэслэл болохгүй гэж мэдэгдсэн юм. Тиймээс тав дахь өдрөө жагсаж байна. Гэсэн ч төр, засаг тэдний шаардлагыг хүлээж авахгүй, тоохгүй байгаа.

Тухайлбал, салбарын сайд нь 15-аас дээш хувиар цалин нэмэх боломжгүй хэмээн гүрийж, “харин ч багш нараас өндөр цалин авдаг. Тиймээс 20 хувиар ч нэмэхгүй” гэж халхавчлаад өнгөрсөн. Хэрэв энэ дүр зургаар удаан үргэлжилбэл эмч, эмнэлгийн ажилтнууд багш нар шиг ажил хаяж магадгүй гэдгээ илэрхийлсээр байна. Энэ нь одоогийн нөхцөл байдал хүндэрч, сургууль, цэцэрлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаагаас ч дор нөхцөл байдал үүсэж болзошгүй гэсэн утга. Тодруулбал, эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаясан тохиолдолд хүмүүсийн эрүүл мэнд, цаашлаад амь насны асуудал ч хөндөгдөхийг үгүйсгэх аргагүй юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button