ДЭЛХИЙ

Трамп, Ши Жинпиньтэй БНСУ-д албан ёсоор уулзахаар болсныг Цагаан ордон баталлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-д энэ сарын 30-нд болох Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талт уулзалт хийхээр товлосныг Цагаан ордон баталлаа.

Хоёр удирдагчийн уулзалтыг хэдэн долоо хоногийн өмнөөс төлөвлөж байсан ч дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд хурцдаж буй зөрчлөөс шалтгаалж тодорхой бус байдал үүсээд байсан юм. Энэ удаагийн уулзалт нь Трамп дахин сонгогдсоноос хойших Ши Жиньпинтэй хийх анхны уулзалт болно. Трамп Хятад улс газрын ховор элементийнхээ экспортыг хатуу хязгаарласан бодлогоо буцаан сулруулахгүй бол ирэх 11-р сараас Хятадын бараанд нэмэлт 100 хувийн импортын татвар ногдуулахыг анхааруулсан билээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левитт пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг уулзалт болно гэдгийг баталгаажуулсан бөгөөд хоёр улсын удирдагчид 10-р сарын 31-нээс 11-р сарын 1-ний хооронд БНСУ-ын Ёнжу хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр уулзана гэж мэдэгдэв.

“Би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана. Бид урт хугацаагаар ярилцах уулзалтыг товлосон. Маш олон тодорхойгүй асуудал, эргэлзээг хамтдаа шийдвэрлэж чадна гэж итгэж байна” хэмээн Трамп өмнө нь сэтгүүлчдэд хэлж байсан билээ.

Мөн тэрбээр “Бид маш сайн харилцаатай. Энэ удаагийн уулзалт томоохонд тооцогдоно" гэсэн юм.

Хятадын худалдааны сайд Ван Вэньтао баасан гарагт хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ АНУ-тай хийх уулзалтын талаар өөдрөг байр суурь илэрхийлж, "Урьд нь явагдсан хэлэлцээний туршлагаас харахад харилцан санаа зовоосон асуудал бүрт шийдэл олох бүрэн боломжтой бөгөөд Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх боломж бий” гэв.

Трамп БНСУ-д хийх айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй мөн уулзаж, удирдагчдын ажлын зоогт оролцоно.

Энэ нь Трампын Ази тивд хийх өргөн хүрээний айлчлалын нэг хэсэг бөгөөд тэрбээр түүнээс өмнө Малайзад болох Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо (ASEAN)-ны дээд хэмжээний уулзалтад ирэх ням гарагт оролцохоор төлөвлөсөн.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button