ХААН Банк Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE Russell-ийн индекст багтсан Монголын анхны компани боллоо

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК Их Британийн Лондонгийн хөрөнгийн биржийн харьяа FTSE Russell компанийн “Хөгжиж буй зах зээл” (Frontier Market) индексийн бүрэлдэхүүнд багтсан Монголын анхны компани боллоо.
FTSE Russell нь олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч байгууллага бөгөөд олон улсын биржийн индекс гаргадаг хамгийн нэр хүндтэй институцийн нэг юм. Тус байгууллагын гаргасан индексийг дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд болон ETF (биржээр арилжаалагддаг сан)-үүд хөрөнгө оруулалтын чиг баримжаа болгон ашигладаг билээ.
Өнгөрсөн сард зарласан, FTSE Russell компанийн “Хөгжиж буй зах зээл” индекст Казахстан, Вьетнам, Пакистан зэрэг нийт 30 улсын 373 компани багтсаны дунд Монгол Улсаас анх удаа “ХААН Банк” ХК бичигдсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэх онцлог үйл явдал болсныг хөрөнгийн зах зээлийн экспертүүд онцолж байна. Энэхүү үнэлгээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээл, тэр дундаа ХААН Банканд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлж, Монголын нэр хүндийг олон улсад өргөх, хөрвөх чадварыг өсгөх бодит хөшүүрэг болох юм.
Энэхүү индекст багтахын тулд компаниуд санхүүгийн хүч чадал, зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, удирдлагын ил тод байдал зэрэг олон шалгуурыг хангах шаардлагатай байдаг бөгөөд ХААН Банк эдгээр үзүүлэлтүүдийг бүрэн хангаснаар Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргасан нь түүхэн амжилт юм.
Монголын хөрөнгийн биржийн зүгээс сүүлийн жилүүдэд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зэрэглэлтэй болгох зорилгоор төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн нь ийм үр дүнд хүрэхэд чухал суурь болсон юм.
ХААН Банкны хувьд сүүлийн жилүүдэд санхүүгийн гүйцэтгэл тогтвортой өсөж байна. Тодруулбал, 2025 оны III улирлын байдлаар банкны нийт хөрөнгө 9.5%-иар өсөж, 21.9 их наяд төгрөг, цэвэр ашиг жилийн өмнөхөөс 14%-иар нэмэгдэж 529.1 тэрбум төгрөгт хүрээд буй. Хувьцааны үнэ ч жилийн хугацаанд 27.3%-иар өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсээр байгааг илтгэж буй. FTSE Russell компанийн “Хөгжиж буй зах зээл” (Frontier Market) индекстэй ЭНД дарж бүртгүүлэн танилцах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.