Кэмбрижийн эрдэмтэн Т.Ганбаатар: Нисэхэд нэвтрүүлдэг хаалга хавдрын компьютер томографийн шинжилгээ авдаг болно
Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, доктор Т.Ганбаатартай ярилцлаа. Тэрбээр одоо Англи улсын Кэмбрижийн их сургуульд байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр судалгаа хийж буй юм. Мөн тус сургуулиас төрсөн "Clarity Sensors" гарааны компанийн хамтран үүсгэн байгуулагч. Шинжлэх ухааны зөвлөхөөр нь ажилладаг.
Тэд хүний биед хоргүй гэж хэлж болох маш бага рентген туяа ялгаруулдаг, хавдрыг эрт илрүүлэх оношилгооны компьютер томографын төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна. Одоогоор үр дүнгээрээ ижил чиглэлээр ажиллаж байгаа дэлхийн бусад лабораториудтай өрсөлдөж, хамгийн шилдэг нь хэмээн үнэлэгджээ. Хэрэв амжилттай болбол энэхүү төхөөрөмжөө онгоцны буудлуудын нислэгийн нэвтрэх хаалганд байрлуулах боломжтой аж.
Энэ тухайд,
"Хүмүүс нисэхийн тулд онгоцны буудлаар нэвтэрч, цүнх болон металл эд анги байна уу гэж шалгуулдаг. Түүний оронд бид рентген туяа бүртгэгч тавих боломжтой. Ингэснээр хүн шалгуулахаас гадна компьютер томографын шинжилгээнд ороод гарна гэсэн үг. Мэдээж хоргүй болчих учраас нисэх бүрдээ энэ шинжилгээнд хамрагдах боломжтой. Харин шинжилгээнийх нь хариу тухайн хүний гэрийн хаягаар очно" гэлээ.
-Кэмбрижийн их сургуульд 2021 оноос хойш докторын дараах эрдэмтэн, судлаачаар ажиллаж байна-

-Эх орондоо хэзээ ирэв, удах уу та?
-Би Монголд баасан гарагт ирсэн. Японд олон улсын хуралд оролцохоор явж байгаа юм. Далимаар нь эх орондоо долоо хонох гэж байна. Байх хугацаандаа өөрийн бичсэн “Үхэр Монгол” гэж номынхоо нээлтийг хийлээ.
-Номын хавтас дээр "Хөдөө сумын хүү Кэмбрижийн эрдэмтэн болсон тэмдэглэл" гэж бичсэн байсан л даа. Энэ анхаарал татлаа. Та аль аймгийн, аль сумын хүн бэ?
-Би Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Завхан аймгийн Идэр сумын уугуул. Аав ээж маань Идэр сумын хүмүүс л дээ. Сумандаа 11 дүгээр ангиа төгссөн. Төгсөөд МУИС-ийн Химийн технологийн ангид элсэн орсон. Ингээд 2012 онд төгсөж байлаа.
-Англи улс руу хэзээ явсан бэ?
-МУИС-ийг төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд ажилласан. 2014 онд Шинэ-Монгол технологийн дээд сургуульд Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш гурван жилийн дараа Японы Кюүшүгийн их сургуульд докторын зэрэгт суралцахаар явсан. Докторын зэргээ төгсчхөөд 2021 онд Кэмбрижийн их сургуульд докторын дараах судлаачаар ажиллахаар явсан. Түүнээс хойш одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байна.
-Залуучууд аль болох л гадагшаа явахыг хүсэж, явцгааж байна. Нийгэм ч нээлттэй болчихлоо. Таны оюутан болж ирсэн үеийг одоотой харьцуулбал хэр өөр болж. Ямар бодит бэрхшээлүүдтэй тулж байв, ялангуяа хөдөө сумын хүүхэд?
-Мэдээж олон бэрхшээлийг туулалгүй яах вэ. Нэгдүгээрт мэдээлэл хомс байлаа. Миний хувьд хотын хүүхдүүдтэй харьцуулбал англи хэлний мэдлэг дутуу. Шууд шалгалт өгөөд гадагшаа явж чадахгүй. Боловсролын яамнаас зарлагддаг тэтгэлгүүд, гадаадад сонгон шалгаруулах зарын дагуу олон шалгаруулалтад оролцож байсан. Жишээлбэл, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн ч гэр бүлийн нөхцөл байдлаас болоод яваагүй. Японы Засгийн газрын тэтгэлгүүд ч байна. Ингээд уйгагүй байсны үр дүнд 2017 онд Японд суралцах боломжтой болоод явж байлаа.
Ер нь хөдөө сумаас орж ирээд гадагшаа явна гэдэг эхний ээлжид төсөөлөгддөггүй юм билээ. Тухайн үед надад гадаадад ямар сургуулиуд байдаг юм гэдэг мэдээлэл маш хомс, тэр мэдээллийг олж авах түвшний чадваргүй байсан. Түүнээс биш мэдээлэл тийм ч хаалттай байгаагүй цаг үе шүү дээ. Тэр чадварт магадгүй эрт суралцсан бол арай эрт явах боломж нь байсан байх.
-Зөвхөн хотдоо дасах гэж л уддаг шүү дээ?
-Хотод хааяа нэг, зун ч юм уу ирдэг байсан. Гэхдээ үлдэж, амьдарч үзээгүй байсан болохоор гарц гарахаас эхлээд хэцүү л байдаг. Бэрхшээл гэхээсээ илүү сураагүй зүйл байгаа юм л даа. Иймэрхүү зүйлүүдийг сурахаас эхлүүлээд дасах хэрэгтэй зүйл маш олон. Энэ тухай ярьсных, хөдөө сумын хүүхдүүдийг Ерөнхийлөгчийн илгээлтээр ч юм уу, хотод амьдруулахгүйгээр шууд гадагшаа явуулж байгааг бодох хэрэгтэй санагддаг. Өөр дээрээ бодож үзэж байгаа юм. Би жишээлбэл хэдий хөдөөгийн хүүхэд ч гэсэн хотдоо сураад, хот газар ямар байдаг юм гэж үзээд, амьдралд нь дасаад явсан. Тийм учраас гадаадад очоод дасан зохицох чадварын хувьд өөр, ядаж л хурдан. Гэтэл нийслэлдээ ч амьдарч үзээгүй шууд тэр улс руу явна гэдэг бас нэг төрлийн бэрхшээл мөн шүү дээ. Наад зах нь орчиндоо дасах гэж удна.
-Бид рентген туяа бүртгэгч төхөөрөмжөө сайжруулаад, оношлох аргыг нь хоргүй болгоод өгчихвөл хүн хэдэн ч удаа орж блно-

-Номоо хэвлүүлсэн байна. "Үхэр Монгол" гэж нэрлэжээ. Ямар өнцгөөс вэ гэдэг сонин байна?
-"Үхэр Монгол" гэхээр хүмүүс дандаа муу талаар нь боддог. Монголчуудыг залхуу хойрго, тэнэг, маанаг гэж доромжилж байна, гадаадууд л ингэдэг гэж ойлгодог. Яг тийм юм уу гээд судлаад үзэхээр тогтсон үг хэллэг байхгүй. Би мэдээж антропологич, түүхч, хүн судлаач биш учраас яг нарийн утгыг нь олж хэлж чадахгүй байна. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд судлаад, эрдэмтэдтэй уулзаад, асууж үзсэн. Тэдэнд ч энэ тухай тодорхой баримт байдаггүй. Тэдгээр хүмүүсийн ерөнхий ойлголт яг л адилхан. "Манж, Чин улсын үеэс гаралтай үг байж магадгүй ээ, тэр үед монголчуудыг ингэж доромжилдог байсан" гэдэг. Гэхдээ яг батлах түүхийн баримт бас л байхгүй.
Тэгэхээр XX зууны сүүл үеэс ам дамжин гарсан үг юм болов уу гэж ойлгоод байгаа. Өөрөөр хэлбэл монголчууд л өөрсдийгөө ингэж хэлээд хэвшчихэж гэж. Тиймээс би энэ үгийг сайн тал руу нь хөрвүүлэх ёстой юм байна. Нөгөө талаараа үхэр гэдэг амьтан чинь тууштай, тайван, бас тийм ч тэнэг биш шүү дээ. Хөдөө очиж үзсэн хүмүүс мэдэх байх. Нэлээн орой машин, мотоциклын гэрэлд үхрийн нүд ногоороод, унтаагүй хивээд хэвтэж байдаг. Энэ нь үхрийн хувьд хийж байгаа ажил нь шүү дээ. Амрангаа хоолоо боловсруулж байна. Өглөө бэлчээд явна, орой хүрээд ирнэ. Өөрөөр хэлбэл үхэр гэдэг амьтныг цагийн хуваариар ажилладаг, тууштай юм байна гэж ойлгосон.
Ялангуяа энэ үг Японд доктороор сурч байхад орж ирсэн. Би тухайн үед маш их шаргуу ажилладаг байлаа. Нэгдүгээрт, олон улсын хүмүүстэй өрсөлдөж ажиллана. Онол, туршлагын мэдлэг дутуу учраас түүнийгээ шаргуу ажиллаж нөхнө. Зарим үед тасралтгүй 36 цаг, гурав хоног унтахгүй, лабораториос гарахгүй ажилладаг байсан. Байнга тийм биш л дээ. Ерөнхий цагийн хувиар бол өглөө 4 цагт босоод орой 21 цагт гэртээ ирдэг. Ирээд хоёр цагийг гэр бүлтэйгээ өнгөрөөгөөд 23 цаг гээд унтдаг. Энэ үед өөрийгөө "би ч үхэр шиг ажиллаж байна даа" гэж мэдрээд, ирээдүйд ном бичвэл “Үхэр Монгол” гэж нэрлэхээр шийдсэн юм.
Харин бодитоор ном бичих санаа эхнэрээс маань үүдэлтэй. Хань маань “Хоёулаа хөдөө сумаас гараад Кэмбрижийн их сургууль хүртэл ирлээ. Эндээ ажиллаж байна. Ганц хөдөөгийн гэлтгүй монгол залуучуудад итгэл, зориг өгөх ажил хийвэл яадаг юм. Эхлээд өөрийнхөө түүхээр ном бичээч ээ” гэсэн. Тухайн үедээ тоогоогүй ч 2023 оноос энэхүү номоо бичиж эхэлсэн.
-Ихэнх хүмүүс хийж буй ажил нь хаа хүргэх нь тодорхойгүй, бодит үр дүн нь цалингаас өөр юу юм гэдгийг мэдэхгүй ийм нөхцөлд ажилладаг байж болох юм. Гэхдээ ажилласаар л байдаг. Жишээлбэл, та анхнаасаа Кэмбриж хүрнэ гэж зорьсон уу?
-Надад Японд, Англид очиж сурна гэдэг мөрөөдөл хэзээ ч байгаагүй. Миний хувьд мөрөөдлөө чадах хэмжээндээ л харсан. Түүндээ хүрсний дараа дараагийн шат харагдаж эхэлсэн. Ингэхгүйгээр шууд арван жилээ төгсөөд Кэмбрижийн их сургуульд явна гэсэн бол бүтэхгүй, хол байсан байх. Тухайн үед миний сэтгэлд багтаж, харж чадсан нь Монгол Улсын Их Сургууль. Ингээд харин их сургуульд орсны дараа дараагийн боломжууд нээгдэж, харагдаж эхэлж байгаа юм.
-Олон хаалга нээгдэнэ. Аль нэг нь нээгдэхэд миний мөрөөдөл энэ байж гэдэг мэдрэмж авна, зөв үү?
-Тийм, яг тэр мэдрэмждээ тулгуурлана. Бас бодит байдлаа ойлгож, анзаарна. Мэдээж хүмүүс том мөрөөд гэж ярьдаг. Тэр буруу зүйл ч биш байх. "Нобелийн шагналтан болно, Тесла шиг том компани байгуулна" гэж мөрөөдөж болно шүү дээ. Гагцхүү хүрэх зам, аргуудаа тодорхой болгох хэрэгтэй. Миний хувьд шат, шатаар өгсөж яваад Кэмбрижд хүрсэн. Миний Кэмбрижд очно гэдэг мөрөөдөл Японд докторт сурч байх үеэс л эхэлсэн, Монголд биш. Тэнд байгаа олон улсын хүмүүс, том судлаачидтай өөрийгөө харьцуулж байгаа юм. Миний мэдлэг, чадвар ямар билээ гэдэг ч юм уу. Ингээд би тийшээ явчхаж болохоор түвшнийх юм биш үү гэдэг мэдрэмж, итгэл авсан үедээ алхам хийх жишээний.
-Монгол залуус олон биз?
-Би бол өөрийнхөө судалгааны чиглэлийн залуучуудыг л мэдэж байна. Гадаадын том их сургуулиуд, компаниудад монгол залуучууд маш олон байна. Яг Кэмбрижийн их сургуульд миний чиглэлээр, тэр дундаа Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийж байгаа ганц хүн нь би байна. Харин сурч байгаа гэвэл нэг оюутан бий. Кэмбрижийн их сургууль бол Монгол судлалаар алдартай. Тэр чиглэлээр сурдаг цөөн хэдэн монгол оюутан байна.
-Та хавдрын эрт илрүүлгээр судалгааны ажил хийсэн. Дэлхийд рекорд тогтоосон судалгааны ажил болсон гэж үзэж байсан юм байна?
-Миний судалгааны ажил бол шинэ төрлийн хагас дамжуулагч материал. Ер нь химийн инженерийн ажил байгаа юм. Химийн инженерийн ажлыг яагаад хавдар судлалтай хамтатгаад явж байгаа вэ гэдгийг тайлбарлая.
Хавдрыг эрт илрүүлэх оношилгооны компьютер томограф гэж төхөөрөмжүүд байдаг. Эдгээр төхөөрөмжүүд маш үнэтэй. Рентген туяаны хортой. Маш өндөр доозыг хэрэглэж байж зураг авч, шинжилгээ хийдэг. Харин бидний ажил хамгийн бага доозоор тэр шинжилгээг хийж чадах төхөөрөмж бүтээхээр зориод ажиллаж байгаа. Хавдрыг оношлох төхөөрөмжөө бэлэн болгочихсон гэсэн үг биш. Тэр төхөөрөмжөө хийх ажлуудын үр дүн дэлхийн түвшинд хамгийн сайн үр дүнтэй явж байна.
-Тодруулбал?
-Бидний төхөөрөмж нэг ширхэг рентген туяаг бүртгэх чадвартай. Одоогийн зах зээл дээр байгаа рентген туяа бүртгэгч төхөөрөмжүүд маш өндөр доозын рентген туяаг бүртгэж авна. Жишээлбэл нэг мм квадрат талбайд арвын есөн зэрэгт ширхэг рентген туяаны фотоныг шарж байж тэрийг нь бүртгээд, хүний биеэр нэвтрүүлээд, нэвтэрсэн рентген туяаг нь бүртгээд, зураг гаргаж байгаа.
Харин бид зөвхөн нэг ширхэг рентген туяа хүний биеэр нэвтрээд гарсан ч тэрийг нь хэмжиж чадах төхөөрөмж хийх гэж байна. Ингэж чадвал байж болох хамгийн бага доозоор энэ төрлийн шинжилгээнүүдийг хийнэ гэсэн үг. Лабораторийн нөхцөлд нэг секундэд 1-10 ширхэг буюу маш бага рентген туяаг цацаргадаг изотопууд байна. Тэгэнгүүт бид өөрсдийн гаргаж авдаг шинэ төрлийн перовскит гээд хагас дамжуулагч материалаа электроникийн төхөөрөмж болгон хувиргаад, нөгөө нэг ширхэг рентген туяагаа тусгаад, түүнийхээ үр дүнг хэмжиж байгаа юм. Энэ үр дүнгээрээ ижил чиглэлээр ажиллаж байгаа дэлхийн бусад лабораториудтай өрсөлдөхөд бидний гаргасан хагас дамжуулагч хамгийн шилдэг нь гэж үнэлэгдсэн.
-Гол шалтгаан нь рентген туяаны хүний биед учруулах хорыг багасгах гэж ойлгож болох уу?
-Нэгдүгээр шалтгаан нь энэ мөн. Одоогийн нөхцөлд хүн олон удаа орж болохгүй. Орох бүрд тэр өндөр доозын рентген туяаг хүн биедээ шингээж байгаа. Үүнээс үүдэж хожим рентген туяанаас шалтгаалсан хавдар үүсээд байна. Тиймээс рентген туяа бүртгэгчийнхээ хүчин чадлыг сайжруулчихвал маш бага доозыг шингээнэ. Ингэснээр хүн хэдэн ч удаа орж болно. Ирээдүйд, магадгүй 10 жилийн дараа бидний нэвтрүүлэхээр зорьж буй технологи амжилттай болж, маш бага доозыг шингээж чаддаг болчихсон байх тэр үед хүмүүс компьютер томографт өдөрт хэдэн ч удаа орж болно.
Учир нь рентген туяа тийм ч айгаад байх зүйл биш. Бид одоо энд сууж байхдаа ч секунд тутамд биедээ рентген туяа шингээж байгаа. Хаанаас гэхээр барилгын цементүүдээс рентген туяа цацруулдаг. Нөгөө талаараа дэлхийн царцдаснаас, цацраг идэвхт бодисуудаас байнгын ялгарч байдаг. Тэр бүгдийг бид шингээж аваад л явж байгаа.
Дэвсгэр туяа гэж ойлголт бас бий. Бид ямар нэг гаднын эх үүсвэрээр рентген туяа үүсгээгүй үед тэр туяаг шингээж авч байна. Тэр нь ойролцоогоор цагт 0.1 майкро сиверт хэмжээний доозтой байгалийн туяа гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго бол энэ байгалийн туяа руу дөхүүлж очих. Байгалиас авч байгаа туяанаас нь жаахан өндөр хэмжээтэй доозыг хүний биеэр нэвтрүүллээ, түүгээрээ зураг үүсгэлээ. Ийм л зорилготой.
-Ингэснээр гарах үр дүн, ач холбогдол?
-Миний судалгаанд эрт илрүүлгийг сайжруулах гэдэг агуулга бий. Тайлбарлавал, рентген туяаны доозыг багасгачихсан учраас хүн өдөрт хэдэн ч удаа компьютер томографын шинжилгээнд орж болно гэж хэлсэн шүү дээ. Тиймээс хүн эрүүл байх үеэсээ эхлээд шинжилгээнд орж болно. Ингэснээр хавдрын эс хаана үүсэх гэж байна буюу нэгдүгээр шатанд нь мэдэх боломжтой. Одоогоор хавдар 1-4 гэсэн үе шатаар оношлогдож байгаа ч дэлхий нийтэд ихэнхдээ гурав юм уу дөрөвдүгээр үед нь илрүүлж байна. Тийм учраас нас баралтын тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Хэрэв бид рентген туяа бүртгэгч төхөөрөмжөө сайжруулаад, оношлох аргыг нь хоргүй болгоод өгчихвөл хүн өвдөхөөсөө өмнө байнга орж болно.
-Онгоцны буудлаар нэвтэрч, цүнхээ болон металл эд анги байна уу гэж шалгуулдаг. Түүний оронд рентген туяа бүртгэгч тавих боломжтой-

-Энэ хоргүй бүртгэгч төхөөрөмжийг заавал эмнэлэгт биш өөр газарт байрлуулах боломж байх болов уу?
-Гоё асуулт асуулаа. Бид төслөө ирээдүйг харж бичиж байгаа шүү дээ. Гэхдээ биелэхгүй үлгэр зохиохгүй. Хэтийн зорилго бол энэ төхөөрөмжөө онгоцны буудлууд дээр тавих. Хүмүүс нисэхийн тулд онгоцны буудлаар нэвтэрч, цүнх болон металл эд анги байна уу гэж шалгуулдаг. Түүний оронд бид рентген туяа бүртгэгч тавих боломжтой. Ингэснээр хүн шалгуулахаас гадна компьютер томографын шинжилгээнд ороод гарна гэсэн үг. Мэдээж хоргүй болчих учраас нисэх бүрдээ энэ шинжилгээнд хамрагдах боломжтой. Харин шинжилгээнийх нь хариу тухайн хүний гэрийн хаягаар очно. Энэ нь урьдчилан сэргийлэх, эрт үед нь мэдэж эмчлүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой.
-Тодорхой хугацаа зааж хэлэх боломжтой юу. 5, 10 жилийн гэдэг ч юм уу?
-Хугацаа хэлэхэд хэцүү л дээ. Дөнгөж лабораториос төрөн гараад явж байгаа учраас шууд хэлэхэд нэлээд хэцүү. Гэхдээ бид 2050 он гэхэд онгоцны буудал дээр тавина гэж төлөвлөөд байгаа.
-2050 оноос онгоцны буудлууд дээр тавиад эхэллээ гэж бодъё. Улсаа яах вэ гэж асуумаар байна, манайд орж ирэх боломжтой болов уу?
-Манай төслийн санхүү талын нэг зорилго энэ л дээ. Одоогоор хөгжсөн технологиуд дундаас байж болох хамгийн бага хэмжээгээр рентген туяагаар бүртгэдэг компьютер томограф байна уу гэвэл байна. Гэхдээ дэлхий дээр нэгхэн ширхэг бий. Тэр бүртгэгч төхөөрөмж 5 сая долларын үнэтэй. Өөрөөр хэлбэл түрүүн миний хэлсэн хагас дамжуулагч материал нь үнэтэй. Чигчий хурууны хумсны толио шиг жижигхэн хар кристал 1 см куб нь 2,000 доллар. Ингэхээр компьютер томограф чинь ямар том төхөөрөмж байдаг билээ. Тэрний доор хэдэн зуун ширхэг хагас дамжуулагч орно. Ингэхээр өртөг маш өндөр.
Харин бид шинэ кристал өөрсдөө зохион бүтээж, ургуулаад, төхөөрөмж болгох зардлыг хэдэн зуу дахин хямд болгосон байгаа. Судалгааны түвшинд явж байгаа учир тодорхой тоо хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл барагцаалсан дүн.
Нэг зүйлийг энд тодотгоё. 1 см куб нь 2,000 доллар гэж үнэлэгдээд байгаа кристалыг ургуулахад маш өндөр чанартай, 99.999999 гэсэн цэвэршилттэй материалууд ашигладаг. Тэдгээрийг хайлуулах зууханд хийгээд 1000-аас дээш градус цельст 90 хоногийн турш хайлуулаад, хөргөөд байлгана. Ингээд гурван сарын дараа кристал гарч ирнэ. Түүнийх нь 25 хувь л ашиглагдана. Чанар нь сайн биш гэсэн үг.
Харин бид ердөө 40 градус цельст перовскит гэдэг кристалыг гаргаж авсан. Энэ гаргаж авсан кристал маань хамгийн сайн үр дүнгүүдийг гаргаж, рентген туяаг маш сайн шингээж аваад байгаа. Өөрөөр хэлбэл, бид 1000 градуст гурван сар хийж байгаа зүйлийг 40 градуст хоёрхон хоногийн дотор хийж, гарган авч байна. Тиймээс манай төсөл маш ирээдүйтэй гэж батлагдаад, гарааны компаниараа Европын холбооноос санхүүжилтээ аваад ажиллаж байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн хэзээ эмнэлэгт үзүүлэх шинжилгээ хийлгэх нь хувь хүний эрх өөрийн шийдэх асууд�##�. Хүний эрх чөлөөнд х�##�даж болохгүй . Зүгээр хүн өөрөө хүсэж шийдсэн үёдээ шинжилгээ өгөх боломжоор хангаж найрсаг тав тухтай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.Аливаа гэнэтийн мэдээллийг хүн янз бүрээр хүлээж авна. Зарим хүн их цочирдоно.
Mongol hund yag iim chanar baidag, medleg, onol, experience dutuu ch gesen, dairaad garaya gedeg shazruun zan. Zuv ashiglaval mash sain. Harin, yag iim zantai huduugiin huuhduud orj irenguutee, hotiin goy huuhen avch suuya, mungutei boloyo getel arga baihgui, tegeheer n oochir dairah zam n Uls turch yum bna, Nam yum bna gedgiig olj haraad, uher shig dairna. Duu mini, Ehluulsen ajil, mergeshij bgaa Science aaraa uuriinhuu chineend tultal n yavahiig husen yuruuyu. End ireed uls turch bolood hereggui, Mongoloos tasraad, ter orchniihoo uur amisgalaar l sain vacuumjmaar bna. Tegj chadval, 20 jiliin daraa, ene huu shig 100 Mongol scientist turnu, enen shig 100 buteel Mongol hunii oyun uhaanaas garna.