Дэлхий дахин анхааралтай ажиглах уулзалтыг өнөөдөр Трамп, Ши Жиньпин хоёр хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр /2025.10.28/ БНСУ-ын Бусан хотод БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, хэлэлцэнэ.
Энэ нь Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш Ши Жиньпинтэй хийх анхны уулзалт болно. Мөн сүүлийн зургаан жилд тэд анх удаа уулзаж байгаа гэдгээрээ ач холбогдолтой. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) форумын хажугаар, албан ёсны хөтөлбөрийн гадна хоёр улсын тэргүүн хэлэлцэх юм. Хоёр тал тал тохиролцоонд хүрэх тал дээр өөдрөг байр суурь илэрхийлсэн байгаа.
Даваа гарагт /2025.10.27/ болсон хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Го Жиакүн уулзалтын талаар нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Доорх дөрвөн сэдэв нь асуудал нь дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх тул Трамп, Ши Жиньпин хоёр эдгээр асуудлаар ямар тохиролцоонд хүрэх бол гэдгийг олон улс анхааралтай ажиглана.
Худалдаа
Трамп энэ сарын эхэнд БНХАУ-ын бараанд оноодог гаалийн татварыг 100 хувиар нэмнэ гэж сүрдүүлсэн. Хэрвээ хэрэгжүүлбэл дөрөвдүгээр сараас хойш өрнөсөн худалдааны дайныг огцом хурцатгах юм. Гэхдээ тэр энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байх магадлал өндөр байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент CBS News-ийн “Face the Nation” нэвтрүүлэгт ням гарагт /2025.10.26/ оролцохдоо “Тариф нэмэх асуудлыг авч хаясан” гэсэн билээ.
БНХАУ газрын ховор металлын экспортод шинэ хязгаарлалт тавьсны дараа Трамп ийнхүү анхааруулга өгсөн. Хятад улс дэлхийн газрын ховор металлын нийлүүлэлтийн гуравны хоёр гаруй хувийг хянадаг. Газрын ховор элемент нь цахилгаан автомашин, пуужин чиглүүлэгч систем, гар утас, таблет зэрэг технологид зайлшгүй шаардлагатай материал юм. Ийм учир Вашингтон Австрали, Канад зэрэг түнш орнуудтай нийлүүлэлтийн хэлцэл байгуулах замаар Бээжингээс хараат байдлаа бууруулахыг эрмэлзэж байна.

БНХАУ-ын тавьсан экспортын хязгаарлалт арванхоёрдугаар сард хэрэгжиж эхэлнэ. Бээжин хязгаарлалтаа хойшлуулах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ч Бессент хэлцэлд ахиц гарч байгаа гэсэн юм.
АНУ-ын хамгийн том хөдөө аж ахуйн экспорт бол шар буурцаг. Ши Жиньпин, Трамп хоёрын хэлэлцээнээс шар буурцгийн худалдаанд мөн ахиц гарна гэх хүлээлт үүссэн. БНХАУ нь дэлхийн хамгийн том шар буурцаг импортлогч. Гэвч Бээжингийн тавьсан хариу гаалийн татварын улмаас АНУ-аас худалдан авалтаа бараг бүрэн зогсоосон.
Хэлэлцээгээр энэ тал дээр ахиц гарч БНХАУ-ын худалдан авалт хэсэгчлэн сэргэсэн ч худалдааны дайнаас өмнөх түвшинд хүрэхгүй гэж шинжээчид гэж байна. Учир нь Бээжин Бразил, Аргентин зэрэг орноос шар буурцаг импортлон, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхийг зорьж байгаа юм. Бессент “Face the Nation” нэвтрүүлэгт оролцохдоо “Америк тариаланчид энэ жил болон ирэх жилүүдэд худалдааны гэрээнд сэтгэл хангалуун байх болно” гэжээ.
TikTok
Вашингтон ба Бээжин талууд есдүгээр сард Мадрид хотод болсон хэлэлцээний үеэр боловсруулсан “TikTok”-ийг худалдах тохиролцоонд хүрсэн. Энэ удаагийн хэлэлцээгээр тус худалдааг эцэслэн тохиролцоно гэж шинжээчид хүлээж байна. Бессент “Нарийн ширийн зүйлсийг аль хэдийн тохиролцсон. Одоо Трамп ба Ши нарын гарын үсэг л үлдээд байна” гэж хэлжээ.
170 сая гаруй америкийн иргэн хэрэглэдэг тус платформ нь үндэсний аюулгүй байдлын маргааны төв асуудал хэвээр л байгаа. Учир нь TikTok-ийг эзэмшдэг “ByteDance” нь хэрэглэгчийн мэдээллийг БНХАУ-ын засгийн газарт өгч магадгүй гэж Конгресс болгоомжилж байгаа юм.

Одоогийн хэлэлцээрийн дагуу Oracle тэргүүлсэн Америкийн консорциум TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааны 80 хувийг эзэмшиж, ByteDance 20 хувийг хадгалах юм. Харин шүүмжлэгчид “ByteDance алгоритмын удирдлагыг бүрэн шилжүүлэхгүй л бол Хятадын Коммунист намын нөлөө үлдэнэ” гэж анхааруулж байна.
Тайвань
Ази руу нисэхээсээ өмнө Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ Тайванийн асуудал нь Ши Жиньпинтэй хийх уулзалтын гол сэдвийн нэг байх болно гэсэн. БНХАУ нь өөрийгөө Тайванийн бүрэн эрхт эзэн гэж үздэг. Тус арлыг нэгтгэхийн тулд цэргийн хүч хэрэглэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн. Ши Жиньпин Тайванийн асуудлыг давж болохгүй улаан шугам хэмээн нэрлэсэн юм. Сүүлийн жилүүдэд Бээжин томоохон цэргийн сургуулилалт явуулж, өдөр тутам шахуу Тайванийн ойролцоо байлдааны онгоцоо нисгэж байгаа.
АНУ Тайванийн асуудал дээр олон жилийн турш стратегийн тодорхой бус бодлогыг баримталж ирсэн. Вашингтон Тайпэйд зэвсэг, улс төрийн дэмжлэг үзүүлдэг ч аюулгүй байдлын баталгаа олгодоггүй.
Трамп энэ зун Тайвань руу илгээх 400 сая ам.долларын цэргийн тусламжид хориглосон. Мөн Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ Латин Америкт хийсэн айлчлалын үеэр Нью-Йоркоор дамжин өнгөрөхийг зөвшөөрөөгүй хэмээн юм. Үүний улмаас Конгресс дахь Тайванийг дэмждэг гишүүд Трампыг шүүмжилсэн. Мөн Трамп Тайвань хамгаалалтын төлбөр төлөх ёстой гэж хэлсэн нь шүүмжлэл дагуулсан.
Трамп ийнхүү Тайваньд ээлгүй үйлдэл болон мэдэгдэл гаргасанд нь зарим хүмүүсийн сэтгэлийг зовоогоод байгаа. Түүнтэй хамт Азид айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Худалдаанд хэлэлцээ дээр нааштай хариу авахын тулд бид Тайванийг орхих ямар нэг тохиролцоонд хүрнэ гэж бодох хэрэггүй. Тийм зүйл болохгүй” гэсэн юм.
ОХУ
Трамп 2017 онд анх ерөнхийлөгчөөр ажилласнаас хойш БНХАУ ОХУ-тай харилцах бодлогодоо хойш бараг өөрчлөлт оруулаагүй. Мэдээж, ОХУ 2022 он хүртэл Украин руу довтлоогүй байсан. Энэ нь Ши Жиньпин ба Трамп нарын сүүлчийн уулзалтаас гурван жилийн дараах үйл явдал юм. Гэхдээ бүрэн хэмжээний дайнаас өмнө ОХУ 2008 онд Гүрж рүү довтолж байсан.
БНХАУ эдгээр үйлдлийг буруушаагаагүй. НҮБ-ын санал хураалтын үеэр Украины дайнд ОХУ-ыг зэмлэхээс түдгэлзсэн. Гэхдээ Крым болон Гүржийн нутаг дэвсгэрийг ОХУ-ын эзэмшлийнх гэж хүлээн зөвшөөрөөгүй. Мөн ОХУ Украйны зүүн хэсгийн нутаг дэвсгэрийг нэгтгэснийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Иймээс Хятад тэнцвэртэй, болгоомжтой байр сууриа хадгалж буй. Гол зорилго бол ОХУ-ын дургүйцлийг хүргэхгүй байх. БНХАУ нь ОХУ-д зэвсэгт үйлдвэрлэхэд шаардлагатай микро электроник нийлүүлдэг. Харин ОХУ-аас БНХАУ хямд үнээр газрын тос худалдан авч байгаа. Трамп Украины дайныг дуусгах хүчин чармайлтын хүрээнд БНХАУ-ыг ОХУ-аас газрын тос худалдан авахаа зогсоохыг уриалж буй.
Эх сурвалж: Newsweek, The Conversation












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу л ш�##�ив гэж, ша а л дэмий цаг үрсэн яриа хийгээд, боль цаашаа!