Чуулган | Хоёр нь орж ирэлгүй унаж, нэгнийх нь санал хураалт хойшилсноор өнөөдөр 10-хан минут хуралдав

УИХ-ын өнөөдрийн /2025.10.30/ нэгдсэн чуулганы хуралдаанаар ердөө гуравхан асуудал хэлэлцэхээр товлосон.
- Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/
Үүнээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын "гишүүн байх хугацаандаа шалгуулахгүй царцаах" хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос өөр үг хэлсэн гишүүн ч байсангүй. ХЗБХ-ны хуралдаанаар дэмжигдсэн уг хуулийн төсөл дээр санал хураалт явуулах гэсэн ч, МАН-ынхан орж ирсэнгүй. Иймд маргаашийн чуулган руу шидэж, хойшлуулав.
Харин нөгөө хоёр асуудал нь байнгын хороодоор хэлэлцэгдээгүй хэмээн хэлэлцэх асуудлын дарааллаас шууд уналаа. Өчигдөр ЭЗБХ-ны хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын "Ухаа худаг"-ийн асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах төсөл хэлэлцэх байсан ч, хэлэлцээгүй аж. Мөн М.Бадамсүрэн нарын Газрын тосны тухай хуулийг ч холбогдох байнгын хороо хэлэлцээгүй байна.
Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр ердөө аравхан минут үргэлжлээд хаалаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж арга ядахдаа Ардчилсан намынхныг, Засгийн газрыг, А.Ариунзаяа болон Т.Аубакир нарын Казакстанаас тэтгэвэр авах хуулийн төсөл зэргээ оруулж ир хэмээв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.