Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ, АНУ-ын худалдааны дайнд хэн ялж байна вэ

АНУ ба Хятадын хооронд олон жил үргэлжилсэн худалдааны дайн 2025 оны хоёрдугаар сард улам хурцадсан. Ерөнхийлөгч Доналд Трамп хоёрдугаар сарын 1-нд БНХАУ, Канад, Мексик улсуудын бараанд нэмэлт гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдсэнээр дайн дахин ширүүссэн юм. Үүнээс хойш Вашингтон, Бээжингийн харилцаан сөргөлдөөнтэй, эмх замбараагүй өрнөсөн. Хоёр улс бие биедээ хариу арга хэмжээ авч гаалийн татвар заримдаа гурван оронтой тоо руу орсон билээ.

Харин өнгөрсөн пүрэв гарагт /2025.10.30/ БНСУ-д явагдсан Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын хажуугаар Трамп, Ши Жиньпин нар  хэлэлцэн тохиролцоонд хүрсэн юм. Үүний үр дүнд Трамп БНХАУ-ын бараанаас авч буй тарифыг 10 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Хариуд нь Бээжин АНУ руу орж буй фентанилын хууль бус урсгалд хатуу хяналт тавих амлалт өгсөн байна. Арван хувиар бууруулсан ч гэсэн БНХАУ-аас АНУ руу орж буй барааны гаалийн татвар ойролцоогоор 47 хувь байх юм.

Тэгвэл Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш хурцадсан худалдааны дайны нөхцөлд Хятад хэрхэж байгааг харцгаая.

БНХАУ АНУ-аас худалдан авах түүхий эдийн хэмжээгээ тогтворжуулжээ

Трамп дахин сонгогдохоос өмнө ч БНХАУ-аас АНУ руу хийж буй экспорт буурах хандлагатай байсан. Харин сүүлийн хэдэн сард энэ бууралт улам эрчимжжээ.

БНХАУ есдүгээр сард АНУ руу хийсэн экспорт нийт 34.3 тэрбум ам.долларт хүрсэн юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 47 тэрбум ам.долларын экспортоос 27 хувиар буурсан үзүүлэлт.

Зургийн эх сурвалж: Science.org

АНУ-тай хийж буй худалдаа огцом буурсан ч БНХАУ-ын экспорт энэ онд 6.1 хувиар өсжээ. Тодруулбал есдүгээр сарын тоо баримтаар бол экспорт өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар нэмэгдсэн юм. Хятад улс бусад бүс нутгуудад хийж буй экспорт эрчимтэй өссөнийг энэ тоо баримт харуулж байна.

БНХАУ зөвхөн экспортоо төрөлжүүлэхээс гадна, АНУ-ын барааг орлох зорилгоор бусад орнуудаас бүтээгдэхүүн импортлох хэмжээгээ ч нэмэгдүүлж байгаа юм.

Шар буурцаг болон үхрийн мах

БНХАУ ба АНУ хоёрын аль алинд ч стратегийн ач холбогдолтой түүхий эд болон шар буурцаг худалдааны хэлэлцээрийн гол сэдэв байв.

Сүүлийн саруудад БНХАУ Америкийн шар буурцгийн импортоо тогтмол бууруулсаар ирсэн. Харин есдүгээр сард АНУ-аас нэг ч тонн шар буурцаг импортлоогүй байна. Энэ нь БНХАУ сүүлийн олон жил АНУ-ын шар буурцгийг импортлоогүй эхний тохиолдол болсон.

Үүний оронд Бээжин Бразил болон Аргентиныг гол нийлүүлэгчээрээ сонгож, тэдгээр орнуудаас импортлох шар буурцгийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Есдүгээр сард Аргентины засгийн газар шар буурцгийн экспортын татвараа түр хугацаагаар цуцалсан. Ингэснээр БНХАУ тус улсаас 1.2 сая тонн шар буурцаг худалдан авсан байна. Харин Бразилаас авсан импорт 11 сая тонн хүрч, өмнөхөөсөө эрс өсжээ.

Дэлхийн шар буурцгийн ханшийг илтгэдэг Чикагогийн шар буурцгийн фьючерсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн эхээр Ши Жиньпин ба Трампын уулзалтаас өмнө өссөн байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент пүрэв гарагт мэдэгдэхдээ хоёр хэлэлцээний хүрээнд БНХАУ энэ улиралд 12 сая тонн, ирэх гурван жилд жил бүр 25 сая тонн шар буурцаг худалдаж авахаар амласан гэсэн юм.

Үхрийн махны импорт буурч, Хятад бусад нийлүүлэгч рүү шилжив

Хятад бол АНУ-ын үхрийн махны гурав дахь хамгийн том худалдан авагч. Гэвч сүүлийн саруудад уг барааны импорт эрс багасжээ.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр бол энэ оны нэгээс долоодугаар сард БНХАУ 481 сая ам.долларын үхрийн мах АНУ-аас худалдан авсан байна. Энэ нь тус хугацаа дахь АНУ-ын нийт үхрийн махны экспортын 8 хувийг эзэлжээ. Харин өнгөрсөн онд энэ үзүүлэлт 15 хувь байсан билээ. Өөрөөр хэлбэл БНХАУ руу хийх үхрийн махны экспортын эзлэх хувь 47 хувиар буурсан байна.

Шар буурцгийн адил, БНХАУ АНУ-тай хийсэн үхрийн махны гэрээг энэ оны эхэнд сунгаагүй. Харин Австрали болон Аргентинаас үхрийн махны худалдан авалтаа нэмэгдүүлснээр үүссэн орон зайг нөхөж байгаа юм.

БНХАУ АНУ-аас импортолж буй үхрийн мах цаашид ч буурах төлөвтэй. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, өнгөрсөн сард БНХАУ АНУ-аас 11 сая ам.долларын үхрийн мах импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сарын 110 сая ам.долларын импортоос 90 хувиар буурсан үзүүлэлт.

Эдгээр тоо баримтаас харвал БНХАУ АНУ-аас худалдан авдаг томоохон импортуудаа багасгаж, өөр орнуудаас нийлүүлэлт хийж төрөлжүүлж чадаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнгөө койн бооцоот тоглоомонд тавьдаг мангаруудад ийм боломж бгаа л юм бна
Монголд ургах боломжтой шар буурцгийн сортууд бга�##� юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button