Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. 2025 оны 11-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчмоор -23...-28 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
2025 оны 11-р сарын 12-ноос 11-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
- 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,
- 15-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.