Тэмдэглэл: Зээр юу зүүдэлсэн бэ?

“Уран бүтээл яг л урилга шиг”.
Энэ үгийг 2022 онд ярилцлага өгөхдөө зураач Ж.Мөнхцэцэг хэлсэн юм. Тэрбээр Венецийн биеннальд оролцоод ирсэн байв. Нийтлэлд Ж.Мөнхцэцэгийнхээс гадна куратор Б.Гантуяагийн яриа, урьд өмнө Венецийг зорьсон монгол уран бүтээлчдийн товч танилцуулга сэлт багтсан сан. Тийм учраас дан Ж.Мөнхцэцэгээр гарчиглаж чадаагүй.
Том нийтлэлийнхээ төгсгөл хавьд оруулсан Ж.Мөнхцэцэгийн тэр жижигхэн ярилцлага надад байн байн эргэн санагддаг байлаа.
Саяхан тэр залгав. Би багагүй гайхсан билээ. Учир нь, ганцхан удаагийн уулзалт одоо санах нь ээ түүнд төдийлөн сайхан сэтгэгдэл төрүүлээгүй байх учиртай. Тэр ярилцлагыг хурдан дуусгамаар оргиж, би хэтэрхий шалж ээрээд байх шигээр өөрийгөө мэдэрч... Тэгэхэд “Одоо болих уу?” гэж хэлсэн чимээгүй хоолойгоороо Ж.Мөнхцэцэг “Би зээрийн зүүдээр контемпорари бүжиг тавьж байгаа. Сүхбаатарын “Жаахан шарга” театрт болно. Далимд нь орчин үеийн урлагийн тухай лекц тавих хүмүүс бий, үзэсгэлэн ч дэлгэнэ. Чамайг урих гэсэн юм” гэлээ.
Ярилцаж байсан олон янзын зочид, тэр дундаа уран бүтээлчдээс өөрийн цараагаар эцэс төгсгөлгүй гайхшруулсан цор ганц хүн Ж.Мөнхцэцэг “Уран бүтээл яг л урилга шиг” гэж хэлсэн бол “Зээр юу зүүдэлсэн бэ?” контемпорари бүжигт би ингэж уригдлаа.
Арваннэгдүгээр сарын 7-9-нд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо Ж.Мөнхцэцэгийн санаачилснаар “Баруун Арт” контемпорари урлагийн өдөрлөг зохион байгуулагдсан.
Өглөөний 07.00 цагт төв талбай дээр ирэхэд биднийг хоёр ширхэг автобус, мэдээж гэнэтийн цас угтсан билээ.
Цас, халтиргаа, аюулгүй байдал гэсээр хөтөлбөр хоцорч, 21.00 цагийн алдад Баруун-Урт хотод орж ирэв. Баруун-Уртынхан “Жаахан шарга” театртаа бидний ирэхийг хүлээж байжээ. “Хотоос үзэгчид ирнэ, цас их орсноос замдаа саатсан байна. Та бүхэн ойлгож хүлээн авна уу” хэмээн тэдэнд хэлсэн байх.

Ж.Мөнхцэцэгийн хувьд зээр гэдэг уран бүтээлийнх нь гол сэдэв, шугам болоод 20 гаруй жилийг үдсэн. Уран бүтээлч өөрөө зурж, оёж, эмхэрдэж, нийлүүлж, хатгаж, олон янзаар үзээд одоо бүжиг рүү орж л дээ. Зээр юу зүүдэлснийг илэрхийлэхийн тулд түүнд бүжиг хэрэгтэй байсан байна.
Зээр юу зүүдэлснийг мэдлээ. Зээр хөл нь хүний гар болж хувирсан талаар зүүдэлсэн аж.
Цайвар шаргал өнгийн хувцсаар жигдэрсэн бүжигчид эгнэн зогсоод, санаа алдаад л байна. Тэдний нүүр далдлагджээ. Удалгүй бүжгийн эхний хэсэг эхэлсэн. Эр, эм хоёр зээр болов уу. Дараагийн хэсэгт тэд сүргийн дундаа харайлдаж байна. Гэхдээ энэ мэдрэмжийн хувьд багагүй түгшүүртэй. Зээрийн сүрэг нэг л төөрөөд, явж ирсэн амьдралынх нь хэмнэлийг ямар нэгэн хүчин зүйл өөрчлөх гээд байгааг алс хэтээс нь мэдэрч байна. Нэг эмхэрч, цэгцэрч аваад л алдагдана. Нэгнээ хөөж, хөөцөлдөнө. Бүжгийн хөдөлгөөн нэг бодлын огтхон ч анхаарал татахгүй (анхаарал хөдөлгөөнд уягдахгүй) хэмжээнд байх нь сайтар бодож дэглэснийх болов уу. Нөгөө бодлын ардын бүжгийн элементүүд ажиглагдах ба зээрийн сүрэг ярсхийн бутрах нь яг л уг амьтныг олон талаас судалж, шинжилсний үр дүн мэт.

Дараагийн хэсэгт зээрийн сүрэг хөлтэй холбоотой ямар нэг “ёслол” үйлдэж эхэллээ. Зээрийн амин сүнсийг хөлөнд нь оруулж илэрхийлэх санаа маш оновчтой санагдаж байв. Үзэсгэлэнтэй, бас хүчирхэг, хурдан хөлнүүд. Хөлгүй бол зээр үхнэ. Үүний ялдамд хүний хөлний гоо үзэсгэлэнг ч бас илэрхийлж чаджээ. Хүний хувьд фетишгүй л бол хамгийн энгийн, ойлгомжтой эрхтэн, доош тонгойж ажиглаад байхгүй. Хүн аливаа юмнаас өөрийн ухаанаар зугтаж, уураг тархиар аврагддаг амьтан. Харин зээрийн хувьд энэ бол хөл нь.

Харин дараагийн хэсэгт нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Магадгүй энэ төмөр зам дагасан торон хашаа л болов уу. Замын-Үүдийн төмөр зам бол цагаан зээрийн популяцыг хоёр хуваасан гэмтэй. Давж харайх гээд төмөр торонд нь олноор өлгөгдөн үхдэг цагаан зээрийн асуудлыг байгаль хамгаалагчид л олонтой гарган тавьж ирсэн. Харин энд уран бүтээлчийн эмзэглэлээр хөндөгдөж байна. Зээрийн сүрэг тулгарч ирсэн шаардлагыг давж гарахаар хичээж, тэмцэж, тэр нь болж өгөхгүй, нэг л бүтэхгүй, улмаар айдсыг маш ихээр мэдэрч байна.
Төгсгөлд нь зээрүүд зүүдэлж эхэллээ. Зээрийн зүүд эхлэл хэсгийн адил видео ажлын тусламжтай илэрхийлэгдсэн. Зээр нөгөө үзэсгэлэнт хөлөө хүний гар болоод хувирчихсан байгаагаар зүүдэлж байна.

Улмаар зээрийн зүүдэн дотор, эсвэл зээрийн зүүд нойрон дотор юу болж байгааг хүний хөдөлгөөнөөр илэрхийлэх гэсэн мэт агзасхийм, дараа нь асар тайван, орон за ба цаг хугацаагүй хэсгүүд тоглоод, энэ контемпорари бүжиг дууслаа. Зээр үхэх мэт, үхээд дараагийн төрөлдөө алгуур шилжицгээх мэт, тэгэхдээ хүн болон төрөх гэж байгаа ч юм шиг. Түүнийхээ өмнө тэгж зүүдэлсэн юм шиг мэдрэмж авчирлаа.
Бүжгийг Ж.Мөнхцэцэг өөрийн концепцоор найруулж, хөгжүүлсэн бол Н.Номин-Эрдэнэ дэглэжээ. Харин хөгжмийн зохиолчоор залуу уран бүтээлчид болох Д.Нямхүү, Х.Цэцэн нар ажилласан. Тэдний алив нэг жанрт баригдахгүй электрон суурьтай хөгжим маш хүчирхэг бөгөөд чихэнд элдэв чийргүй. Гэхдээ дотор нь агуулагдаж, улмаар үзэгчид рүү цацарч байгаа эрчим хүч нь сэтгэл эзэмдэх чадвартай. Цохивор хөгжмийн дуугаралтууд, бас цуур үлээж байгаа мэт чимээ. Д.Нямхүү Баруун-Уртын “Дарьганга” зочид буудалд байрлан, хөгжим дээр ажиллаж байхдаа цуур үлээх мэт чимээг өөрөө олж сонссон байна. Энэ тал нутгийн салхи нь цонхоор нэвтэрч, зочид буудлын хаалганы завсраар сийгэхдээ яг тийм чимээ гаргаж байхыг тэрбээр гайхшран сонсож, гар утастаа хурааж аваад хөгжимдөө ашигласан билээ. Өөрөөр хэлбэл зээрийн, тал нутгийнх нь салхины чимээ энэ бүжгийн хөгжимд шингэсэн байна.

“Зээр юу зүүдэлсэн бэ?” контемпорари бүжгийг боломж олдвол дахин үзэхийг хүссэн. Баруун-Уртын суурин иргэд ч ихээхэн талархаж хүлээж авч байх шиг санагдсан. “Жаахан шарга” театрын өөрийн нь бүжигчид ажилласнаас гадна Тайванийн уран бүтээлч Яаяа Чень урилгаар ирж оролцжээ. Орон нутгийн театр гэдэг утгаар тэд үзэгчдийнхээ хамт сэтгэлгээ, урлан бүтээхийн том алхмыг тэр өдөр хийсэн билээ. Бага зэрэг чийгтэй, сэрүүхэн "Жаахан шарга" театрын доторх агаар өөрөө контемпорари бүжгийн уур амьсгалтай явц цав нийцэж, нууцлаг, ангид хэмжээст өрнөж буй мэт мэдрэмжийг өгчилгөж байсан.
Маргааш нь бид Ж.Мөнхцэцэгийн өмнө нь зээрийн сэдвээр бүтээж байсан дүрслэх урлагийн зарим бүтээл, инстоляц бүхий багашаар үзэсгэлэн "Дарьганга" зочид буудалд дэлгэгдсэн байхыг үзэв.
Мөн орчин үеийн урлагийн хөгжлийн чиг хандлагын талаар,
- Урлаг судлаач, доктор М.Батзориг
- Утга зохиол судлаач У.Бямбаням
- Урлаг судлаач, доктор Н.Оргилболд
- Урлаг судлаач, доктор Д.Уранчимэг нар товч илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулсан.

Үүний дараа "Зээр юу зүүдэлсэн бэ?" бүжгийн талаарх зарим асуултад зураач Ж.Мөнхцэцэг хариулсан билээ. Тэр Дарьганга нутгийн бэр болж ирээд, 20 гаруй жилийн өмнө зээрийн талаар анх сонссон мөчдөө энэ сэдвийг эргэлт буцалтгүй барьж авсан аж. Сүхбаатар аймагт амьдардаг, өөрийгөө найруулагч гэж танилцуулсан хижээл насны эр бээр Ж.Мөнхцэцэгээс "Үзэгчид гэдгийг та юу гэж боддог юм? Яагаад үүнийг Сүхбаатарт, "Жаахан шарга" дээр тавьж байгаа юм?" гэж асуув.
Ж.Мөнхцэцэг: Би үзэгчдийг хүрээд л ирнэ гэж бодсон. Зээрийн тухай бүжгийг зээрийн нутагт нь тавих илүү ойр. Давхар энд экологийн асуудлыг ч хөндөж байгаа. Асуудлыг газарт нь бас хөндвөл зохимжтой шүү дээ.
Хүний нөлөөнөөс үүдэн амьдралынх нь эргэлт эрсдэлд учирч байгаа зээрийн зүүдийг илэрхийлэхдээ, хамгийн үнэтэй хөл гэдэг эрхтэн нь хүний гар болчихож буй хэлбэрийг барьснаар энэ бүжгийн санаа маш хүчирхгээр биежиж ирж байсан. Үзэгчид энэ талаар, мөн хөгжим хэрхэн бүтсэн тухай сонирхон асууж байв.
Ингээд Баруун-Урт хот дахь DG Tower гэж барилгын дуусаагүй давхарт контемпорари урлагийн үзэсгэлэн нээж, үйлдлийн урлагийн үзүүлбэр толилуулагдлаа. Ийш бидний мэдэх орчин үеийн сайн уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг илгээжээ. Яг л Сүхбаатар аймагт Art Week зохион байгуулагдаж байгаа юм шиг орон зай тэнд бий болсон байв. Аймгийн үзэгчид зорьж ирээд, зарим нь айх, гайхах, хачирхах, сониучирхах хослон тэдгээр бүтээлд маш өндөр анхаарал хандуулан үзэж зогссон.
Орой нь "Жаахан шарга" театрт найруулагч С.Бямбын "Хүсэл, шунал" баримтат киног гаргав. Энэ бүтээл 10 гаруй жилийн өмнө хийгдэхдээ, уран бүтээлч хүний бүтээл хийх хүсэл, хүсэл нь бас шунал болчихдог талаар эмзэг сэдвийг хөндсөн. Найруулагч Жигжидийн Биндэр эдийн засгийн амаргүй нөхцөлд кино л хийхийн тулд амьдарч, орон нутгийн театр, соёлын төвүүдээр киногоо үзүүлэн зардлаа нөхөх гэж хичээж, олдсоныг идэж таарсандаа хоноглон явж буй тэр хүсэл, шунал баримтжин үлджээ. Найруулагч С.Бямба "Энэ киног хийхдээ би асуулт тавьсан. Өнөөдөр тэр асуултын хариу бүр ч ойлгомжгүй болсон" гэж онцлов.
"Хүсэл, шунал" киноны нэг хэсэгт аанай л "Жаахан шарга" театр гарч байна.
"Баруун-Арт" өдөрлөгийн сүүлчийн хөтөлбөр болж, загвар зохион бүтээгч Ariunaa Suri-гийн бүтээлүүдээр загварын шоу зохион байгуулагдсан. Түүний хамгийн гол элемент, хэллэгүүд шингэсэн бүтээлүүд нь энд толилуулагдлаа. Чанга хөгжим, эрс шийдэмгий, этгээд хэллэгүүд нийлээд "Баруун-Арт"-ын төгсгөлийг бүр ч орчин үеийн болгосноос гадна бидний мэдрэмжийг одоо цагт буцаан авчирч, сэрээж, бөхлөж өгсөн юм.
Зээрийн нутагт "Зээр юу зүүдэлсэн бэ?" контемпорари бүжгийг толилуулахдаа, давхар орчин үеийн урлагаар амьсгалж, амрах цогц бололцоог бий болгох гэж хичээсэн ийм гойд бямба, ням гараг. Гэнэтийн цастай хамт эхэлсэн энэ бүх зүйл Улаанбаатарт бол төдийлөн шинэ байхгүй. Жилдээ дор хаяж нэг удаа ийм орчинд орж, ийм мэдрэмжээс атгах боломж Улаанбаатарын иргэдэд олдож байдаг. Харин Сүхбаатар аймгийн оршин суугчдад үүссэн орчин гэдгээр авч үзвэл ихээхэн өег сэтгэгдэл төрж байна.
Хөл хөдөлгөөн, цаг хугацаа, дуу чимээнээс ангижирч, тусдаа нэгэн орчинд орж, урлагаар амьсгална гэдэг өөрөө урлагийн тухай илүү ихээр бодох, өөрөө уран бүтээлч байх талаар дахин хүчтэйгээр эрэлхийлэх том нөлөөлөл ч авчирсан.
Ж.Мөнхцэцэг хүчирхэг уран бүтээлч гэдгээ үүгээр дахин бататгасан юм. Ийм хэмжээний өдөрлөг зохион байгуулах, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллага олохын тулд түүний өөрийнх нь хүрсэн өндөрлөг чухал. Жаахан л намдвал үүнийг бүтээж чадахгүй, боломжгүй.
Тэр өндөрлөгт хүрсэн уран бүтээлч Монголд олон ч олон нийтэд зориулсан ийм хэмжээний арга хэмжээнд чиглэдэг, зориглоод үздэг нь цөөн. Ж.Мөнхцэцэгийн хувьд өөрийн ертөнцдөө анир чимээгүй оршдог нэгэн мөртлөө үүнийг санаачилсан нь анхнаасаа яах аргагүй анхаарал татсан юм.
Түүний дарьгангачуудад, бидний хэдэн урлаг сонирхогч, уран бүтээлчдэд илгээсэн урилга бол сэтгэлгээний тэлэлтэд хөтлөх ба үлдсэн дурсамж нь өөр өөрсдийн доторх урилгыг олж нээхэд замчлах болно.
М.ТЭНГИС








































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.