Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Баянсан: Хэлний илэрхийллийн утгыг тайлна гэдэг шинэ ертөнцийн агуулгыг нээж байна гэсэн үг
Монгол хүн эх хэлээрээ бүрэн дүүрэн ярьж чадах нь бидний оюун санаанд буй бүхнийг илэрхийлэх хэрэглүүрийн нэг хэлбэр юм уу, өнөөг хэр бидний сэтгэлгээний онцлогт шингэсэн тэр л ахуй бидний хэлэнд шингэж, түүнийгээ бид илэрхийлсээр ирсэн үү гэх сонирхолтой ойлголтын талаар бодож эргэцүүлэхэд хүрэв. Үгийн цаадах утга чанар буюу хүний ертөнцийг үзэх үзлийг бид хэрхэн ойлгон таних вэ? Хэлний илэрхийллээр үү, эсвэл бидний тархины үйл ажиллгаа, сэтгэлгээний чадамжаар уу?
Энэ олон асуултуудад хариулт олохоор Монгол Улсын гавьяат багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Журын Баянсантай ярилцлаа.
Монгол бахархлын өдрийг тохиолгон Монгол хэл бол Монгол хүн бидний нэг үнэт зүйл, бахархал мөн гэдэг талаар эрдэмтэн судлаач юу өгүүлж буйг таны мэлмий, сонорт зориулан Eguur News агентлаг бэлтгэв.
-Та Москвагийн Улсын Их сургуулийг Хэлний сэтгэл судлалаар аспирантураар төгссөн юм билээ. Хэлний сэтгэл судлал гэдэг энэ ойлголт өөрөө их сонирхолтой тодорхойлолт юм?
-Уг нь би сэтгэл судлалын чиглэлээр суралцахаар, элсэж очсон юм. Би монгол хэл, утга зохиолын ангийг төгссөн хүн чинь цоо шинэ мэргэжлээр шинээр сурах болчхов. Хэлний сэтгэл судлалаар нэг зүйл хийх юмсан гэдэг бодол байсан ч тухайн үед тийм хуваарь ирээгүй. Оросын Гэгээрлийн яаман дээр очтол нэгэнт ийм шийдвэрээр сэдэв зарласан учир өөрчлөх боломжгүй. Хэрэв үүнээс өөр чиглэлээр сурахыг зөвшөөрсөн удирдагчаа олбол ярилцаж болно гэх маягийн хариу өгсөн юм. Цаг үе нь ч тийм байсан хэрэг.
Ингээд би удирдагчаа олж, суралцах сэдвээ өөрчлүүлэх эрэлд гарлаа. Муу хүний заяа завагт гэгчээр олон жилийн өмнө Монголд ирж, бидэнтэй уулзсан нэг агуу хүн сэтгэлд минь байсан хэрэг. Хэлний сэтгэл судлал гэдэг чиглэлийг ОХУ-д үүсгэж, дэлхийн дэг болгосон Алексей Алексеевич Леонтьев гэдэг хүнийг Москвагийн Улсын Их сургууль дээр лекцтэй байхад нь хичээлийн цагийг нь тааруулж очоод, анаж байгаад хүсэл зоригоо хэлсэн. Тэр буянтай эрдэмтэн зөвшөөрөөд надад гарын үсэг хийж өгснөөр би Хэлний сэтгэл судлалаар сурах боломж нээгдсэн л дээ. Ингэж би энэ хүний шавь болов. Багшийн маань аав Алексей Николаевич Леонтьев, эрдмийн нөхдийнхөө хамтаар сэтгэл судлалын ухааны Оросын дэгийг дэлхийн дэгийн түвшинд тодорхойлуулж чадсан гарамгай эрдэмтэн байсан. Харин миний багш хэл шинжлэл болон сэтгэл судлал гэсэн хоёр чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
Хэлний сэтгэл судлал гэж их сонирхолтой сонсогдож байна гэж та хэллээ. Оросоор бол психолингвистика буюу психологи сэтгэл судлал, лингвистик хэл шинжлэл гэсэн хоёр өөр салбар чиглэл. Монголоор би Хэлний сэтгэл судлал гэж орчуулах болсон нь хэл шинжлэл, сэтгэл судлал хоёрыг нийлүүлчихсэн юм биш. Багшийн маань тайлбарлсанчлан, хэлний үзэгдэл баримтыг сэтгэл судлалын ухааны аргаар судлан тайлбарлаж буй гэснийг бодохоор энэ нэршил оновчтой юм.
- Тэгэхээр хэлийг шинжлэн судлаж чадвал хүний сэтгэлгээний онцлогийг ойлгон таньж чадах нь ээ?
-Энэ тухай ярихын өмнө би хүн гээчийн тухай нэгэн зүйл ярья л даа. Хүн бол амьтнаас гоц ялгардаг, эгэлгүй амьтан шүү дээ. Сонсох төдийд бол “тэгэлгүй яах билээ” гэж бодогдоно. Гэхдээ рефлекс, төрөлхийн зарим шинжээрээ ч гэх үү хүнээс илүү мэдрэмжтэй, нохой, муур, адуу мэтийн зарим амьтад хаа нэг газар газар хөдөлж эхэлжээ гэвэл бараг нэг, хоёр хоногийн өмнөөс нэгэнт мэдэрч эхэлдэг гэдэг. Үүнийг хүн, зөвхөн байгаа газар нь л доргиж эхэлбэл сая мэдрэх жишээтэй. Хүний сонсох чадамж гэхэд л 16 хүртэлх gHz давтамжийн хүрээнд л авиа, дуу чимээг ялган сонсох чадвартай гэдэг. Гэтэл зарим амьтад үүнээс хоёр тийш хол хэтийдсэн давтамжтай авиаг ч саадгүй, ялган сонсож чадах мэт маш олон жишээ дурдаж болно. Нохой гэхэд л хэдэн зуун үнэрийг ялган кодлож хадгалдаг гэнэ. Үүгээрээ би юуг хэлэх гэсэн бэ гэвэл амьтдын байгалийн зарим мэдрэмж хүнээс дээр байхад хүн бид чинь аливаа амьтнаас гоц ялгаатай нь бид хийсвэрлэн сэтгэж, хэлж ярих, хийж бүтээх, үнэлж цэгнэх чадамжтай байдагтай нь холбоотой юм. Хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ хэлээрээ илэрхийлнэ. Тэгэхлээр хэл бол сэтгэхүйн илэрхийлэл, хэрэглүүр болох нь ээ гэж ойлгож болно. Ингэхлээр хүн бид чинь бүхэл бүтэн ертөнц бүтээж чаддаг шүү.
Энэ ташрамд бас нэг онцолж хэлмээр зүйл бий. Бид гурван ертөнцийн дунд амьдарч байдаг гэж хэлж болно. Үүний нэг нь Бодот ертөнц. Энэ ертөнц бол үзэх, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх гэгч таван мэдрэхүйд өртөж, төсөөлөл бүтээдг ертөнц юм. Үүнийг англи хэлтнүүд Real World гэж нэрлэдэг бололтой. Нөгөө нэг нь Боломжит ертөнц гэгч. Энэ маань урьд нь бидэнд байгаагүй, одоо ч гэсэн байхгүй атлаа бид өмнөх танилт, туршлага, мэдлэг зэрэгтээ тулгуурлаад, тэдгээрийг нэгтгэн эргэцүүлэн бодсоны үндсэнд ийм нэг зүйл бас байж болох юм биш үү хэмээн тогтож, “одоогоор байхгүй ч, байж болох” тэр ертөнцийг хэлж байна. Үүнийг англиар Virtual World гэж байх шиг. Энэ ертөнц байхгүй бол хүн бид зөвхөн мэдрэхүйдээ хөтлөгдөхөөс цаашгүй, болхи нэгэн амьтан чигээрээ үлдэх байжээ дээ. Тэгвэл гурав дахь ертөнцийг “Байгаагаар төсөөлмөл ертөнц” гэж тайлбарлах маягаар нэрлэж болно. Англиар үүнийг Fictive World гэдэг. Энэ бол мөн л өвөрмөц ертөнц гэх үү дээ. Яагаад гэвэл энэ ертөнц бол урьд нь ч, одоо ч, ирээдүйд ч бидэнд байгаагүй, бидэнтэй учрах боломжгүй ертөнц гэж болно. Асар хийсвэр ертөнц л дээ. Гэхдээ бид, хэзээ ч байгаагүй, одоо ч байхгүй, цаашид ч байх боломжгүй ямар нэг зүйлийг оюун санааныхаа хувиар хийсвэрлэн бүтээж, “ийм нэг юм үзэгдэл байна, байсан, байх юм гээд л бодчихъё л доо!!!” гэх маягийн ертөнц гэсэн үг.
Хэрэв ийм ертөнцийг хүн бүтээж эс чадсан гэвэл нэгэн үе хүний санаанд огт багтамгүй байсан, одоо бид дунд нь оршиж, орчиж байгаа энэ үй түмэн бүтээлийн ертөнц ер байхгүй байж ээ дээ. Ийнхүү ХҮН бид энэ гурван ертөнцийн дунд оршиж, орчиж, бүтээж, бий болгож, өвлөн уламжилж ирсний ачаар энэ ертөнцийн эгэлгүй гайхамшигт амьтад болжээ. Энэ бүхнийгээ нөгөө хэлээрээ илэрхийлнэ шүү дээ. Ингэхлээр бидний хэл бол хоорондоо харилцах чухал хэрэглүүр болж байдаг нь маргашгүй үнэн боловч, шинэ шинэ ертөнцийг нээх, тайлах түүнийг өөрийн тэмдгийн тогтолцоогоороо илэрхийлж байдгийн хувиар эдгээр ертөнцийг бас бүтээж, бүтээлцэж байдаг хэрэглүүр болж байна гэсэн үг. Тэгвэл хэл мөн л агуу гайхамшиг байгаа биз.
-Хэл гэдэг ерөнхий ойлголтоос гүнзгийрүүлж, та нэг удаа эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж байхдаа "Үндэсний хэл бол үндэсний сэтгэлгээг илэрхийлэх арга хэрэглүүр" гэж хэлж байсан. Бид магадгүй эх хэлнийхээ энэ гүн мөн чанарыг өнөөдөр ойлгон таньж, үндэсний сэтгэлгээгээ хадгалж байгаа гэж ойлгож болох байх. Энэ асуудлыг арай тодруулж өгнө үү?
-Эхлээд дэлхийн хэлний төлөв байдлын талаар нэг баримт дурдах нь танин мэдэхүйн талаас зохистой байж магад. Дэлхий дээрх 8 тэрбум орчим хүн 7000 гаруй хэлээр ярьдаг. Өнгөцхөн хуваарилбал, нэг хэлээр дунджаар 850.000 хүн ярьж байгаа мэт боловч, 2.5 тэр бум буюу дэлхийн хүн амын 40.5 хувь нь 8-хан хэлээр ярьдаг. 7000-н хэлний 1.2 хувь буюу зөвхөн 77 хэлээр дэлхийн нийт хүн амын 78 хувь нь ярьдаг. Дэлхийн нийт хэлний 94 хувь нь хүн амын зөвхөн 6 хувьд нь л ногддог. Дэлхийн хүн амын тал гаруй хувь нь 20-иод хэлээр ярьдаг. 4000-н хэлээр зөвхөн 8-хан сая хүн, 2000 хэлээр хагас сая хүн ярьдаг бол 1000 гаруйхан хүн ярьдаг 1700 хэл, 100 хүрэхгүй хүн ярьдаг 600 хэл байдаг ажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн нэг хэлээр ярьдаг хүний тоо гэхэд л их харьцангуй юм. Жишээлбэл, өнөөгийн 8 тэрбум хүний 1 тэрбум 400 гаруй сая нь хятадаар ярьдаг байх нь. Гэтэл хүний тоогоор Хятадаас давж буй Энэтхэгийн хүн амын хэдэн хувь нь англиар ярьдаг юм бол. Түүн дээр төрөлх англи хэлтэй уугуул англичууд, дээр нь өөр өөр тивд оршин суудаг, төрөлх англи хэлтнүүдийг нэмбэл нэлээн их тоо гарна биз дээ. Ингэхлээр 7000 хэлнээс үлдсэн 6998 хэл хаачаа вэ? гэсэн асуулт гармаар байгаа биз.
Үүнээс үзвэл тухайн хэлээр харилцдаг хүний тоо их харьцангуй байдгаас гадна орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан, техник, технологийн үр дүн буюу бүтээлийн тоо хэмжээ, үр өгөөж болгоныг уг хэлээр маш хурдан түргэн илэрхийлж түгээх арга ажиллагаа мэттэй ихээхэн холбоотой олон хүчин зүйлээс хамаарсан байдаг. Үүнээс гадна тухайн хэл маань бичиг үсэг хэрэглэдэг эсэх, түүгээрээ өөрийн улс гүрэн, угсаатны бүлгийн төдийгүй, дэлхийн бусад улсын түүх, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, уран зохиолын сан хөмрөгөөс ямар хэмжээгээр, ямар түвшинд орчуулан хэвлэж, хэрэглэж байгааг хэлний харилцааны үүргийг тодорхойлох гол зарчим болгодог. Энэ бол цаагуураа, үндэсний хэл бол түүнийх төрөлх хэлээ болгон харилцдаг угсаатны бүлэг, үндэстний сэтгэлгээнийх нь онцлог, үндэстний үндэсний дархлааны нэг хэмжүүр болдог гэж арай өргөн утгаар хэлэлцэж болно.
Сая өгүүлснээр, 4000 хэлээр зөвхөн 8-хан сая хүн, 2000 хэлээр хагас сая хүн ярьдаг бол 1000 гаруйхан хүн ярьдаг 1700 хэл, 100 хүрэхгүй хүн ярьдаг 600 хэл байгааг эргэж харьцуулбал монгол хэл маань харилцдаг хүнийхээ тоогоор тийм ч цөөнд бас орохгүй нь илэрхий байна. Манай Монголын эрдэмтэн мэргэд олон зүйлийн бичиг үсэг зохион хэрэглэж, түүгээрээ бичиж туурвих, өөр үндэстэн, улс гүрний сор болсон бичиг зохиолыг өөрийн хэлнээ орчуулан хэвлэх, тэр ч байтугай өөр хэлээр ном зохиол бичих зэргээр бичиг зохиолын нэн арвин сан хөмрөг бүтээж ирсэн нь Монголын маань бас нэг зүй ёсны бахархах зүйл мөнөөс мөн.
Би түрүүн хүн бүтээх чадвартай байна гэдэг нь түүний нэг гайхамшиг гэж сая хэлсэн. Ингэхлээр үндэсний хэл, үндэсний сэтгэлгээ, тэдгээрийн хоорондын харьцаа хамаарал, уялдаа холбооны тухай жаахан дэлгэрүүлж, тайлбарлан ярья. Монгол хүн, Монгол газар нутагтаа олон зуун сая жил оршин амьдарч иржээ. Тэгвэл үндэсний газар нутаг, үндэсний байгалийн бүтээсэн зүйл гэж байна. Энэ бол тэндэхийн цаг уур, уул ус, ургамал мод, араатан жигүүртэн, өт хорхойноос авахуулаад бидний амьдралын уг сурвалж болсоор ирсэн, монгол хүний гаршуулж, гэршүүлсэн таван хошуу мал тэр чигээрээ энд л бий болж, үржиж өсөх, үхэж үрэгдэх, ургаж төлжих, устаж үгүй болох, бөхөөд сэргэх, дэлгэрээд бас мөхөхөд нь зохирсон орчин, түүний бүтээсэн бүтээл гэж болно.
Гэтэл Монгол байгалийн энэ бүтээл дунд, түүнийг зүйл бүрээр таньж, түүнийг ашиглаж хэрэглэн, бас бүтээж ирсэн Үндэсний Хүний Бүтээл гэж байна. Үүнд, олон мянган, сая жилийн турш Монгол хүний бүтээн цогцлоож, хойч үедээ өвлүүлэн уламжилж ирсэн биет ба биет бус соёлын бүх зүйл үүнд хамрагдана. Үүний зэрэгцээ монгол ёс заншлын бүх зүйл, хорио цээр, баяр цэнгэл, тахилга шүтлэг, магтаал дуулал, ардын дуу шүлэг, зүйр цэцэн үг, өвөрмөц хэллэг, яруу илэрхийлэл, оньсого таавар, туульс гэх мэт ардын билиг сургаалын дээжис, өв тэргүүтэн бол монгол Үндэсний сэтгэлгээний илрэл, баримт болдог.
Ингэхлээр Монгол сэтгэлгээ гэдэг бол Монгол газар нутагт нэн эртнээс өдгөө хүртэл аж төрж, таван хошуу малыг амьдралынхаа үндэс болгож ирсэн зон олны Монгол нутаг газар, түүний бүтээл, орчин ахуйг таньсан танилт, түүнийг үзэх үзэл, үйл ажил, хэрэг явдалд хэрхэн хандах учиртайг мэдэж ойлгосон ухаан билгийг бүхлээр нь багталцуулан үзэж буй мэдлэг гэж болно. Өөрөөр хэлбэл, Монгол үндэсний сэтгэлгээ гэдэг бол монгол нутгийн байгалийн бүтээл, тэнд аж төрж ирсэн үе үеийнхний бүтээл туурвилын дээжийн дээж, хосгүй чуулбар, мэдлэг ухааныг хэлдэг гэж ойлгож болно. Энэ бүхэн нь монгол хүн бүрийн бие цогцост шингэж, чухамдаа судас судал болгоноор нь цусных нь эргэлттэй хамт бүх биеэр нь эргэлдэн урсаж, оршиж гэмээнэ сая үндэсний сэтгэлгээтэн болно. Үүнийгээ, энэ чанараа бага багаар алдахын хэрээр монгол сэтгэлгээ нь алдуурч, монгол хүн биш болох аяс нь аажим аажмаар нэмэгдэх аюул учирна гэж ойлгууштай юм аа.
Яагаад хэлний тухай ярьж байснаа уул ус, ургамал амьтан болоод эхлэв гэж гайхаж магадгүй. Хэл гэдэг ойлголт дангаараа юуг ч илэрхийлэхгүй бөгөөд хэлний цаадах мөн чанар нь юу вэ гэдэг ухагдахууныг л хоёулаа гаргах гээд байгаа хэрэг шүү. Учир нь тухайн улс, үндэстний хэлний онцлог байдал нь нэг талаар, төрж, өсөж, амьдарсаар ирсэн газар нутаг, байгаль, ахуйгаас үүтгэл, шалтгаантай, нөгөө талаас, хүн бодгалийн өөрийнх нь биологи-физиологийн хүчин зүйл, удамшлын сангаас үүтгэлтэй. Энэ хоёрын аугаа зохионгуй байдаг тулдаа аугаа төгөлдөршил болдог байна гэдгийг л Бахархлын өдрөөр “Бахархал” болгох гээд байна шүү дээ...
Үндэсний сэтгэлгээ гэдэг бол юмыг хийж бүтээх, бүтээсэн зүйлд хандах, харьцах, түүнийг өөрчлөн байгуулах зэрэг мэдлэг ухаан үндэсний хүн-бодгалийн бие цогцост шингэж төлөвшихийг хэлж байна. Энэ бүхэн нь үндэсний хэл, төрөлх хэлнийх нь илэрхийллийн агуулга болж байдаг гэсэн үг. Үүнийг л бид үндэсний сэтгэлгээ, үндэсний хэлний холбоо хамаарал гэж байгаа юм. Агуулга нь хэрэв байхгүй бол хэлний тэмдэг бидэнд юу ч хэлж өгөхгүй. Хэлний тэмдэг, түүнийг хэрэглэх дүрэм, тогтолцоог бий болгон боловсруулж чадахгүй бол агуулгаа юугаар илэрхийлэх вэ, зүгээр л юм хийгээд байх уу гэх мэт асуулт гарна аа даа. Тэгвэл энэ нь иймэрхүү учир хамааралтай юм.

-Таны ярианаас шууд л төсөөлөгдөж байна л даа. Ялангуяа ахуйд, байгальтайгаа зохицон амьдрах арга ухаан нь монгол хүний сэтгэлгээний онцлог байдлыг харуулдаг. Гэр гэдэг сууцаа барих, буулгах арга ухаан гэхэд л өвөрмөц шүү дээ шүү дээ
-Өрхний оосор салхинд дэрвэхэд л түүнийг мэдрэнгүүтээ гарч бөхөлдөг, чиглүүлдэг, гэрээ оосор таталгаар бэхлэх үү яах вэ, одоо юу хийх вэ, дараа нь яах ёстой билээ? гэдэг бүх асуулт, хариулттайгаа бие цогцост нь, тархи толгойд нь нэгэнт суусан байдаг гэсэн үг л дээ. Ингэж ахуй соёл нь бие цогцос, тархи толгойд нь хоногшиж хэвшихийг, үйл хийх арга ухаан сууж хэвших мэтийг л сэтгэлгээ, сэтгэлгээний тогтвортой хэв шинж, сэтгэлгээний өвөрмөц онцлог гэх мэтээр бид хэлэлцдэг. Энэ талаар бид маш олон зүйлийн тухай олон зуун цаг яриад ч барах юм биш.... Энэ бүх онцлог хэлээр нь илэрдэг.
Хүн бүр энэ бүхнийг ойлгон таних, харах, хандах байдал, нүд өөр өөр байдаг учир эдгээрийг ухамсарлан мэдэж байгаа хүн болгоны дотор өөр ертөнц бий болдог гэж бас хэлж болно. Нэг юм, үзэгдлийг өөр өөр үндэстний хүн байтугай, тухайн нэг үндэстний хүн болгон ижил ойлгодог, мэддэг байх албагүй, тийм боломж ч байхгүй. Хүн бүр, өөрийн гэсэн, өөр өөр ертөнц байдаг. Гэхдээ нийтлэг ойлгодог, нийтээрээ тэгш мэддэг дундын чадамжийнхаа ачаар бие биенээ саадгүй ойлгодог. Энэ хоёр аргыг салгаж, бас нэгтгэж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл бид нэг улсад амьдарч, нэг хэлээр ярьж байгаа атлаа байгалийн зохирол, нийгмийн үйл хэрэг гээд эргэн тойрноосоо хүртэж буй бүхнийг өөр өөрийнхөөрөө л ойлгодог биз. Юмыг таньж мэдэх аргууд нь өөр гэсэн үг. Түүнчлэн бид энэ ахуй, байгаль зэрэг өнөөг хүртэл туулж ирсэн бүх мэдлэгийн хуримтлалаа хэлэндээ шингээж өгдөг. Нэг жишээ хэлье л дээ.
Атан тэмээ ачаа даадаг
Арвайн гурил ус даадаг
Аавын хүү үг даадаг гэдэг зүйр үгийг бид задлаад бодохоор атан тэмээ гэхээр хөнгөлсөн тэмээг хэлдэг гэж мэдэхэд амархан. Ачаа гэхээр хүнд эд зүйл юм байна гэдгийг бас л амархан ойлгоно. Ингээд нас бие гүйцсэн атан тэмээ хүнд ачааг даалгүй яах вэ вэ дээ гэдэг төвөггүй ойлгох зүйл. Гэтэл Арвайн гурил ус даадаг гээд бодонгуут юу билээ? гэж бодно. “Арвайн гурил” гэхлээр арвай нь тарианы нэг зүйл, гурил бол түүнээс бий болгосон бүтээгдэхүүн, “ус” бол ус, “даах” бол даах гэх мэтээр тэдгээрийн тэмдэглэж буй зүйлээ ерөнхийдөө мэдэх нь мэднэ. Гэтэл “гурил ус даана” гэхлээр чухам яаж байхыг хэлдэг юм бол гэж бодогдмоор байгаа биз. Арвай тариагаа тарихдаа хөрсний байдал, нарны гэрэл дулаан, ус чийг мэтийг зохируулж, үр гүйцэд боловсорсон үед нь хурааж аваад зөв хадгал, зөв үслээд, зөв хуурч, зөв тээрэмдээд гаргасан гурилыг зуурах усны хэмжээг ялимгүй хэтрүүлсэн ч гэсэн нялцайхгүй, биежин, тар нь нийлж байхыг хэлдэг.
Тэгвэл “ус даадаг гурил” гэж үг тус бүрийг нь маш сайн мэддэг үгийг холбоод өгүүлбэр болгосны цаана хэдэн зүйлийн үйл ажил, ямар эрэмбэ дараалалтай байдаг, түүнийг яаж хэрэгжүүлэх мэт маш олон зүйл мэдлэг ухаан, арга ажиллгаа бүрийг мэдэж гэмээнэ уг илэрхийллийн утга төрөлх хэлт бидэнд сая л нэг юм тодорхой болж ирэх жишээтэй байгаа биз. Үүнийг л үгийн цаана хүний танин мэдэхүй, хийсвэрлэн сэтгэх үйл явц, тэр үйлийн үр дүн байдаг гэсэн үг.
Энэ маань үг хэллэгийн утга нь хэлэндээ биш, түүнийг хэрэглэдэг хүнийх нь тархи, оюун ухаан, соёл боловсролд нь байдаг гэсэн үг. Түүнээс л бид утгыг нь эрж, олж авдаг. Өөр арга байхгүй, Хэлний тэмдгийн энгийн чуулбар бидэнд юу ч хэлж өгөхгүй гэж миний ахин дахин хэлээд байгаа санаа энэ юм.
-Ярилцах тусмаа ойлголцдог гэдэг үг санаанд бууж байна л даа. Бид юмсыг нэг л шинжээр нь харах атлаа түүнээс бидэнд ирж буй ойлголт, мэдээлэл нь хүн бүрт өөр гэж үзвэл миний бодож буй таныхтай яв цав таарч байна уу, үгүй юу? гэдэг асуултын хариу нь мэдэхгүй зүйлээ мэдэхийн тулд, эсвэл, миний мэдэж байгаа зүйлийг тэр хүн надтай адил мэдэж байгаа болов уу, үгүй болов уу гэж уу гэдгийг мэдэхийн тулд, үгүй бол, би мэдэх зүйлээ түүнд хэлж нэвтрүүлэхсэн гэх мэт сэдэл өдөөлгийн үүднээс хэлж харилцдаг гэж ойлгож болох нь ээ дээ?
-Тийм л дээ. Хүн үндэснийхээ хэлээр чадварлаг ярьж, бичиж байна гэдэг бол цаад ерөнхий агуулгаараа, аливаа үйл, юманд хандах хандлага, мэдрэмж нь зөв төлөвшсөний илэрхийлэл болно. Нөгөөтээгүүр, тухайн хүний ертөнцийг таньсан байдал, ертөнцийг үзэх үзэл мөн л аль зэрэг, ямар түвшинд байгааг илтгэнэ. Үүний цаана, бидний одоо тухайлан ярилцаад байгаа, үндэсний соёл, сэтгэлгээний хэв шинж, онцлогийг агуулсан мэдлэг ухаан, түүний зурагламал загвар тархинд маань байгаа гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.
Ер нь байгаль, хүний нийгмийн амьдралд болж байдаг, одоо болж байгаа, цаашид болж магад үйл хэрэг, тэдгээр юмс үзэгдлийн хооронд ямар харьцаа хамаарал, уялдаа холбоо байгааг эхлээд тархиндаа зураглан буулгасан хийсвэр загварламал бүтэцтэй болдог байна. Нэгэнт ийм загварламал бүтэцтэй болсон бол түүнийгээ хэлээр илэрхийлэх хэрэгцээ шаардлага тулгамдсан бол хэлээрээ илэрхийлнэ. Энэ цагт л хэл маань хэрэг болж, хэлний хэрэг гарна гэсэн үг шүү дээ. Тархиндаа байхгүй, тэнд бий болоогүй юмыг ямар ч хэлээр илэрхийлэх боломж хүн бидэнд огтхон ч байхгүй.
Бид айраг бүлж байгаа хүүхдэдээ "айргаа зогсоочих оо" гэж хэлсэн гэвэл тэр хүүхэд айргаа биш, түүнийг бүлэхээ болих гэсэн утгатай гэж яаж мэдэж байгаа юм бэ? гэдэг нь сонин байгаа биз. Гэтэл машинаа зогсоочихлоо гэвэл нэг хэрэг, харин бороо зогсчихлоо, салхи зогсчхож гэх мэтээр өгүүлдэг. Мөчир дээр болжмор зогсож байгааг хараад “болжмор зогсож байна” гэхгүй, “сууж байна” гэдэг. Гэтэл Машин усанд суужээ. Манай гэр хойшоо суусан байна. Би Дулмаатай суугаад хорин жилийн нүүр үзжээ. Ах маань хотод, дүү хөдөө суудаг. Бид гурилаар, бас галаар суучхаад байна гэх мэт хэллэгт орсон үг болгоныг мэдээд байх хэрнээ тус бүрийн утга, юунаас хамаараад ийм болж байгааг бид анзаардаг билүү?, хэрэв хүн асуувал юу гэж хариулах бэ? гэх мэт асуултын хажуугаар одоо хүртэл хээвнэг, мэдэг царай гарган явж ирсэн биз дээ. Тэгвэл энэ болгон чинь хэл, сэтгэлгээний асуудал шүү. Энэ мэт ойр зуурын юманд л бид амархан сурчихна шүү дээ.

–Зүйр үгнээс монголчуудын сэтгэлгээний онцлог, хэлний онцлог, таны хэлж буй, өнөөг хэр бидэнд тогтож ирсэн арга ухаан, мэдлэгийн илэрхийлэл харагддаг шүү дээ?
-Яг тийм. Монгол хэлэнд 10 мянга гаруй зүйр үг, мөн тийм тооны өвөрмөц хэллэг, оньсого таавар байдаг аж. Түрүүн хэлсэн зүйр үгийн ус даах, үг даах гэдэг хоёр хэлцийг ажиглавал, бүрэлдэхүүн ч, агуулга нь адилгүй хэрнээ, ерөнхий бүтэц нь адилхан. Гэхдээ энэ мэт зүйрлэмэл илэрхийлэл бүтэх тархи-мэдрэл, сэтгэцийн оньс нь нэг төрлийнх байдаг. Оньсого хүртэл үндэсний хүний сэтгэлгээний онцлогийг бас тусгасан байдаг. Өвөр Монголоос гаралтай байж магадгүй нэг оньсого би хэлье л дээ.
Шавар гэрийн өрх дээр
Шалдан хүн чарлана гэдгийг би анх сонсохдоо юуг хэлж байгааг таах гээд чадаагүй. Тэгсэн тарвага дошин дээрээ хошгирохыг оньсоголосон нь тэр аж. Тарвага чинь нүхэнд амьдардаг, нүх нь тарваганы гэр, тэгэхээр тарваганы өрх гэж хэлжээ. Монголчуудын газрын өрх гэж ярьдаг ойлголт энд бас харагдаж байгаа биз. Хүн ч бас эрт урьд цагт нүхэнд амьдарч байсан шүү дээ. Ингээд харвал бидний тэр урьд цагаас хуримтлагдан ирсэн энэ мэдээлэл, мэдлэг нь хэлц, зүйр үг, үг ярианд хүртэл хэрэглэгдсээр байдаг нь сэтгэлгээ, соёл, хэлний илэрхийллийн бүтэц-утга зүйн өвлөл, уламжлалын гэрч болно.
Хэлц үг, зүйр үг гэхлээр, зарим хүний ойлгож ярьдгаар, зөвхөн уран зохиолд л хэрэглэгддэг, уран сайхны илэрхийллийн арга хэрэглүүр төдий зүйл биш ээ. Яг тэр л зүйр үгийг хэлэхгүй бол санаагаа бүрэн гүйцэд ойлгуулж чадахгүй юм шиг болтол бидэнд суучихсан зүйл. Хэдийгээр ингэж хэлээд заншчихсан юм гэж яриад байдаг ч учиртай заншсан байдаг.
-Гэхдээ хэлний цаадах энэ гүн ойлголт үнэхээр бидний дотоод мөн чанарт нэвт шингэсэн зүйл юм гэж бодвол бид заримдаа их маруухан ярих нь ч бий?
-Хүн ер нь өөрийн орчин тойрон, байгаль, нийгмийн байдал, цаашилбал орчлон ертөнцийн юмс үзэгдэл, тэдгээрийн харьцаа хамаарлыг хэр зэрэг таньж мэдсэн, ухаарч ойлгосон, түүнээсээ өөртөө бий болгосон мэдлэг туршлага, үйл бүтээлээс өөр өөрийн аяга савныхаа хэмжээгээр утган авах мэт зүйл юм даа. Сайн боловсролыг эзэмшин, сайн ярьдаг байлаа гэхэд тэр хүний ертөнцийг таньж, ойлгож авсан байдал нь хэр вэ гэдгийг бас цааш ухан бодох ёстой.
Тодорхой тогтолцоо бүхий сургууль сургалтад хамрагдаагүй, тухайлбал бидний өвөг дээдсийн олонх гэхэд л бичиг үсэг мэддэггүй хэрнээ ямар сайхан ярьдаг, ярьсан зүйл нь утга учиртай, агуулга нь тодорхой, өгүүлж ярих нь эрэмбэ дараатай, эмх цэгцтэй байдгийн учир нь хэлэндээ гол нь биш, хэлээрээ илэрхийлэх юмээ эхэлж олж авч чадаж уу, үгүй юу гэдэгтэй шууд холбоотой байгаагийн гэрч гэдэг нь үүнээс тодорхой харагддаг. Ийм учраас үгийн утгыг, илэрхийллийн утгыг үгээс биш, биеэсээ хай гэж миний хэлэх санаа энэ байлаа.
Хэл хэдийгээр харилцааны хэрэглүүр мөн гэдэг үнэн ч гэлээ үүгээр хязгаарлагдахгүй, тухайн хүнийхээ ертөнцийг, ертөнцийн төлөвшил байдлыг нь илэрхийлдэг. Тэр хүний дотоод сэтгэлийн толь нь болж байдаг. Заримдаа бид, хүн төрөлх хэлээрээ яриад яахаараа ойлголцдоггүй юм гэж хэлж болох ч тухайн хүмүүсийн өөр өөрсдийнх нь амьдралын зан үйл, харж үзэж, туулж ирсэн сайн муу зүйлс болгон нь тэдний хүний мэдрэл, сэтгэн бодох, ухамсарлан ойлгох чадвар, түүнийгээ хэлээрээ илэрхийлэх чадвар чадамж мэттэй нь шууд холбоотой байдаг.
Үгийг мэднэ гэдэг заримдаа тийм ч ойлгомжтой, хангалттай зүйл биш. Үгийн цаадах утгыг танина гэдэг чухал юм. Хэлээр ганц ертөнцийн агуулгыг нээдэг биш цоо шинэ ертөнцийг бий болгодог байх нь. Тэгэхээр үндэсний хэл гэдэг ямар гайхалтай вэ.
-Аливаа агуулгаар бид ойлголцон нэвтрэлцэхгүй зүйл гэж бараг л үгүй болов уу. Монгол хүмүүс л хоорондоо ярилцахад, бүр дэлгэрүүлэн ярилцаагүй байсан ч ойлголцож чаддаг зүйлс их бий?
-Хэл хэдий харилцааны хэрэглүүр боловч тухайн угсаатны бүлэг, үндэстний дундын ертөнц болдог. Монгол хүний дундын ертөнц бол тэр ахуй соёл, уламжлалыг ойлгож байгаа тэр сэтгэлгээ юм. Үндэсний хэлний тухай ярина гэдэг тухайн хэлийг төрөлх хэлээ болгосон улс үндэстний өдийг хүртэл ертөнцийг яаж таньж ирсэн арга ухаан, энэ арга ухаанаас хүн бодгаль, нийгэмшсэн хүн, яаж өөртөө савлаж, хэрэглэж байгаа юм гэдгийг нээнэ гэсэн үг.
Бид үгийг нь мэдээд байгаа учраас юмыг нь мэдээд байгаа юм уу, эсвэл үг хэлээр зуучлуулан түүний цаана байгаа агуулга, түүний учир шалтгааныг сэргээлгэн мэдээд байгаа юм уу гэдгийг зөв тайлж, зөв ухаарч байх ёстой гэсэн үг.
"Ээжийгээ санахаар сэтгэл уймраад байдаг юм" гэдэг үгийг хүн хэллээ гэж бодоход уймрах гэдэг үгний илүү гүн утгыг мэддэг, ойлгон таньсан хүн ч бий үгүй нь ч бий. "Ээжийгээ санахаар сэтгэл үйрээд" гэж хэлбэл цаад гүнзгий утгыг мэдрүүлээд байна аа даа. Ээжийгээ санахаар сэтгэл эмтрээд л, эмтрээд л, эмтрэн эмтэрсээр үйрэн унаж байна гэхээр илүү хүрч байгаа биз. Тэгэхээр зарим хүнд сэтгэл нь уймарч байхад заримд нь үйрч байдаг гэдэг энэ л илэрхийлэмж гэхэд тухайн хүний, тухайн зүйлийг хэр зэрэг гүн гүнзгий, олон талаас нь таньж мэдсэний гэрч болно гэж бид ойлговол зохих юм.
Бид заримдаа сэтгэл мэдрэмжийг олон янзаар илэрхийлсэн ч нөгөө хүн нь ойлгохгүй байх тохиолдол бий шүү дээ. Яагаад гэхлээр, тэр хүний хувьд уймрах гэж юуг хэлээд байгааг хараахан мэдрээгүй, тиймдээ түүнийг мэдэхгүй байж ч болох юм. Ингэхлээр тухайн зүйлийн талаар хоёр хүний таньж мэддэг, бий болгосон ертөнцийн агуулга нь давхцах уу үгүй юу. Ямар талбайгаараа нийлээд, ямар талбайгаараа огт нийлэхгүй, давхцахгүй байна вэ гэдгээс хамаараад уг зүйлийн тухай хэлээрээ харилцах үед ялгаа үүснэ. Бүрэн ойлголцсон, дутуу ойлголцсон, ер ойлголцсонгүй гэж ярьдаг зүйл энэ мэтээс үүтгэлтэй байх нь зүй ёсных. Ер нь тэр хоёр хүний таньж мэдсэн ертөнцийн агуулга хоорондоо ижил төсөөтэй биш бол дундын юм нь бага эзэлхүүнтэй сав байж таарах нь ээ...
-Аль ч утгаараа бид өөрсдийн үндэсний хэлийг хайрлах, түгээмэл тодорхойлолт буюу "хэлний дархлаа"-г хамгаалах шаардлага нь таны тайлбарласан олон учир шалтгаанаар бүр ч илүү нотлогдож байх шиг?
-Монгол хэлээр бид ярьдгийн хувьд энэ хэл бол бидний дундын хэрэглүүр, дундын өмч. Монгол хүний хувьд нас хүйс, ажил мэргэжлийн онцлог мэтэд төдий л хамааралгүйгээр, бидэнд дундаа ойлгодог зүйлс гэж бий. Энэ дундын ойлголт гэдэг нь хэлний тэмдэг нь илэрхийлж буй агуулгатайгаа яв цав нийцэхтэй холбоотой үзэгдэл баримт болно. Энэ дундын харилцааны ойлголтоо бид тэгш хэрэглэж, ашиглаж ирсэн гэсэн үг л дээ. Тийм учраас төвөггүй ойлголцож болоод ирсэн.
Гэтэл тэр даруйдаа, тэр дундын ойлголт дотор учрыг тайлбарлахдаа хүрвэл, ноцтой асуудалтай тулгарч эхэлнэ. Жишээлбэл, гар, нүд хоёр бол бидний биеийн гол, хоёр эрхтэн. Гараа алчуураар арчиж болно. Гараа алчуурт арчиж болно. Нүдээ алчуураар арчиж болно. Гэтэл Нүдээ алчуурт арчиж чадах уу. Хэрэв чадах бол яаж арчих вэ? Хэрэв чадахгүй гэвэл, ямар учраас вэ, гэх мэт асуулт нөгөө дундын маань дундаас гараад л ирнэ. Энэ мэт бол бидний танин мэдэхүй, сэтгэлгээ, хэлний холбоо хамаарлын асуудал болно.
-Ярилцсанд баярлалаа
Ц.ТАМИР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ ярилцлагыг хийлцсэн хүн өөрөө үзээд: - нийтлэх гэж буй зүйлд, хэдийгээр цаг зав, боломж нөхцөлд хавчигдсан ч гэсэн зөв бичих дүрмийн алдаа мадаг гарсан эсэхийг урьдчилан сайн хянаж, нягталж байгууштай байна гэж зөвлөе.
Өнгөрсөн зууны эхээр Санший, Хэвэйгээс ирж суурьшс ан өвгөн луухаан нар л Баянсан, А лтансан нтр гэсэн нэртэй байдагсан, үр удам нь болохоороо тэр нэрэнд нь хайртай, бас өөрсдөө авдаг зүүдэг байх нь ээ, хө !
...эрдэм номтой хүн мэдсэн сурсанаа түмэнтэйгээ хуваалцаж байна. Үс нь дотогш харсан малаа
Ойрын олон арван жил уншаагүй гайхалтай сайхан ярилцлага нийтлэл байна.. Олон хүн уншиж ухаарал авахаар маш гүн гүнзгий утга агуулгатай аргагүй л эрдэмтэй эрдэмтэн хүний ярилцлага байна... Эрдэмтэй эрдэмтэн буурал професортоо баярлалаа
Баярлалаа. Багш таньд улам их амжилт хүсье
Худлаа мэдэмхийрэх л юм .....хийх юмаа хийхгүй поопрохоос өөр юмгүй хувиа хичээгч нар.