Улс төрийн мэдээ

"Одоо Н.Учралын талынхны дураараа дургих цаг"

МАН дотоодын хэрүүлээ төрийн зодоон болгон хувиргаж, хэсэг пижигнээд намжихдаа ялагчаар нь Ерөнхийлөгчийн тал тодорлоо. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жилийн манлайллын араас Н.Учрал гарч ирэв. Яг энэ үйл явцтай зэрэгцээд Л.Оюун-Эрдэнийн аль ойр байсан бүхэн рүү эсрэг талаас нь галаа чиглүүлсээр байна.

Тухайлахад, Э.Болормааг гадны оронд томилолтоор явж байхад нь албадан аваачиж, мэдүүлэг авах агуулгаар мэдэгдэл гаргуулав. Засгийн газрын тэргүүн нь гадны Үндэстэн дамнасан корпорацитай хийх хэлцэлдээ олон нийт дунд дуугарч яваа О.Батнайрамдал шиг дүртэйгээ хамтарч ажиллах ёстой атал эсрэгээр мадалж тоглож байх жишээтэй.

Нөгөө талд МАН-ын Их, Бага хурлын гишүүдийн төлөөлөлд Н.Учрал болоод Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн талынхан бөөндөө чихэж орж, хэдэн өдөр угсруулан, баяраа тэмдэглэцгээв.

Тэдний зүгээс хэлсэн гол мессиж нь, "Намд зүтгэсэн хүмүүсээ жагсаалтад оруулна. Одоогийн хүмүүс үнэхээр муу сонголт" гэсэн утга байлаа. Эсрэгээрээ огт уулзаж үзээгүй шахам дүрүүдээ жагсаалт руу дэсэлсэн Л.Оюун-Эрдэнийн гаргасан харизма, үзэл санааг дээдэлсэн байдлыг тэд хэзээд ч гаргахгүй гэдгээ харууллаа. Н.Учрал нарын хэлсэн үг МАН-ынханд таалагдах ав чиг 2028 оны сонгуулиар тэдний хүрээлэл л жагсаалтад орно гэдэг олон нийтийн эрх ашиг талдаа бол цэвэр ухралт юм.

Энэ бүх процесс дунд оролцож, Засгийн газар унахад ч, шинээр бүрдэхэд ч, МАН-ын дарга солигдоход ч Ерөнхийлөгчөөс дутуугүй оролцсон субейкт бол яах аргагүй MCS байлаа. Тэдний нөлөөгөөр АМНАТ-ын орлого 2025 онд 1.4 их наядаар буурч, салбар яаман дээр сайд томилсон зэрэг кэйсүүдийг МАН-ынхан харсан ч хараагүй мэт өнгөрөөцгөөв.

Л.Оюун-Эрдэнэ хүчтэй байх цагтаа намдаа төвлөрч ажиллаагүй. Үүнийхээ үр шимийг өөрийнхөө эсрэг энэ цагт ч сайн ашиглууллаа. Басхүү юм л бол хураана, хянана, төрд авна агуулгаар түүнийг хэт вакумжуулж, эрх мэдлийн хүрээгээр ч өндөр явсан хэдэн найзууд нь өнөөдөр харин буланд шахагдаж байгаа.

Юм ээлжтэй гэж энэ, дэлхийн тэнхлэг ч эргэх эргүүлэгтээ захирагддаг.

Энэ байгалийн жам ёсны эргэлтээр одоо У.Хүрэлсүх, Н.Учрал нарыг тойрон хүрээлэгсэд сайтар урагшаа явж, хэсэгтээ даналзах цаг нь ирлээ. Энэ бүхний ард Г.Занданшатар ганцхан Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх тохироо хийгээд л өөрийнхөө төлөө бүх шатлалаас ухарчихлаа. Тэгэхээр эл орон зайн дээр тоглож, сайтар цэнгэж авах нь бас эрх мэдэл хэрэгжүүлэгчдийн буруу биш гэлтэй.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button