УИХ-ын гишүүд: Монгол хоолоо идэж, монголчуудыг бахархуулж байгаа "Physical asia"-г үзнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна. УИХ-ын гишүүдээс уг баярын өдрийн үнэ цэн болон хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар тодруулан хүргэж байна.
Монголчуудынхаа нэрийг өндөрт өргөж яваа залуустаа баярлалаа

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдгээрээ маш их бахархаж, төрийнхөө сүлдэнд байнга залбирч явдаг. Манай гэр бүлийнхний хувьд ч тэр Монгол төрдөө хүндэтгэлтэй ханддаг. Дан ганц Монгол Улсын 1.5 сая км.кв нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүсээр хязгаарлагдахгүй, Монгол гарал үүсэлтэй дэлхий даяар тархан суурьшиж байгаа Монголчуудын баяр тохиож байна. Энэ баяраар гэр бүлтэйгээ гэртээ сайхан амарч, Монгол хоолоо идэж, тус өдөрт зориулан бүтээсэн контентыг үздэг.
Монгол бахархлыг Монгол хүн бүр тээж байгаа гэж боддог. Бид Монголчуудын онцлог, дархлаа, бахархлыг дэлхий нийтэд хэдийн тамгалчихсан шүү дээ. Бидний төр зарим үед ядарч явсан үе бий. Мөн эзэрхийлж байсан ч цаг бий. Монголчуудынхаа нэрийг өндөрт өргөж яваа залуустаа баярлалаа гэж хэлье.
Монгол бахархлын өдрөөр гэр бүлээрээ гэртээ тухалж, сайхан бууз хийж идэж өнгөрүүлдэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Монгол бахархлын өдрөөр гэр бүлээрээ гэртээ тухалж, сайхан бууз хийж идэж өнгөрүүлдэг. Өөр төлөвлөгөө байхгүй.
Миний хувьд Чингис хаан бол хувь хүн гэхээс илүүтэйгээр Монгол үндэстнийг шинээр бий болгож, нэг үзэл санаанд нэгтгэж чадсан нэгэн. Том ууртай дарга биш хуулиар засагладаг тогтолцоог бүрдүүлсэн. Их засаг хууль дээр тулгуурлан Хамаг Монголын ханлигаас гадна Евроазийн нутаг дэвсгэр тэр чигээрээ захирагдаж байсан. Дипломат төлөөлөгчдийг хүндэтгэж үздэг, хулгай дээрмийг цээрлэдэг "Факс Монгол" ертөнцийг байгуулсан хүн. Энэ утгаараа Монгол төрийн уламжлалын маш том төлөөлөгч шүү дээ. Иймд төрсөн өдрийг нь Монгол бахархлын өдөр гэж нэрийдэн тэмдэглэж байгаа нь зөв зүйл. Монгол түмэн минь Монгол гэдгээрээ бахархаж тэмдэглэн өнгөрүүлээрэй.
Монгол бахархлын өдрөөр гэр бүлээрээ Physical asia-г үзэж дуусгах төлөвлөгөөтэй байна

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Баяр бүрийг тэмдэглэж амждаггүй. Завтай, завгүй үе бий шүү дээ. Гэхдээ Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зөв гэж боддог.
Энэ удаагийн Монгол бахархлын өдрөөр гэр бүлээрээ Physical asia-г үзэж дуусгах төлөвлөгөөтэй байна. Тус тэмцээнд оролцсон залуусын талаар сошиал сүлжээнд болоод тааралдсан хүмүүс ам уралдан ярьж, бахархаж буй. Өглөө гэрээсээ гарахаасаа өмнө 15 минутыг зарцуулан нөхөж үзэж эрч хүч авч байгаа.
Монгол Улс маань улс төрийн болон нийгмийн асуудал ихтэй байна. Байнга нэгнээ сөргөөр ярьдаг, гутранги нийгэм болчихсон байсан цаг үед дэлхий даяар Монголчуудыг таниулж, ур ухаанаа харуулсан зургаан залуугаар бахархахгүй байхын аргагүй болчихлоо.
Улс эх орныхоо төлөө суралцаж, хөдөлмөрлөж, нийгмээрээ сайн сайхныг бүтээж явах учиртай. Гэтэл томчууд бид ирээдүй хойч үедээ хангалттай сайн үлгэрлэж чадахгүй байна. Бодлого боловсруулагч бид ч гэсэн энэ хүрээнд ажлаа сайн хийх хэрэгтэй. Амбиц шуналдаа хэт автахгүй л байх учиртай. Үүнийг уриалмаар байна.
Манай гэр бүл бахархлын өдөр зориулан бүтээсэн контентуудыг үзэж, Монгол хоолоо идэж өнгөрүүлнэ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Монголчууд дэлхийн талыг эзэлж явсан том гүрэн байсныг үр хүүхдүүд, гэр бүлдээ ухаж ойлгуулахыг хичээдэг. Өндөр том барилга, сайхан машин, эд гоёл гэхээс илүүтэйгээр ямар угсаа гаралтай байснаа мэдэх, мэдрэх нь чухал санагддаг. Ялангуяа залуу хойч үедээ. Тэдний нүдээр Монгол утаатай, түгжрэлтэй, ядуу орон гэж хардаг. Дандаа болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг шүү дээ. Тиймээс энэ өдөр сайн сайхан талаас нь харж, түүхээ эргэн санаж өнгөрүүлээсэй. Америк гэхэд 200 жилийн л түүхтэй улс шүү дээ. Гэтэл манай Монгол улс хэдэн мянган жилийн түүхтэйг санаасай. Зүгээр нэг амралтын өдөр шиг битгий өнгөрүүлээсэй.
Миний хувьд Морин хуурын дугуйланд явж байгаа. Одоогоор сайн тоглож чадахгүй байгаа ч гэсэн үр хүүхдүүддээ өвлөн уламжлуулах гэсэндээ хичээн суралцаж байгаа. Энэ өдрөөр манай гэр бүл бахархлын өдөр зориулан бүтээсэн контентуудыг үзэж, Монгол хоолоо идэж өнгөрүүлнэ. Мөн шатар, даамаа гарган тоглож, нууц товчооны талаар хүүхдүүддээ ярьж өгнө гэж төлөвлөж байна.
Одоогоор Монголчуудын бахархлыг төрүүлж, ярианы сэдэв болж байгаа Physical asia-д оролцсон зургаан залууг онцолмоор байна. Багахан боломж олгоход л өөрийн өгөгдлөө хэрхэн гаргаж, дэлхийд гайхагдаж чаддагийг харууллаа.
Хүүтэйгээ Монгол бөхийн өргөө орж хүчит бөхийн барилдаан үзнэ

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Монгол бахархлын өдөр бол Монгол хүн бүрт үнэ цэнтэй. Бидний байнга бодож, санаж, сэрж байх ёстой өдрүүдийн нэг. Их эзэн Чингис хаанаараа бахархаж, үр хүүхдүүддээ энэ өдрийн цэнийг, утга учрыг мэдрүүлэхийг хичээдэг. Энэ өдрийг гэр бүлээрээ хэрхэн тэмдэглэх талаараа өчигдөр ярилцсан. Миний хувьд хүүтэйгээ Монгол бөхийн өргөө орж хүчит бөхийн барилдаан үзэхээр төлөвлөсөн. Мөн идэшний үе тул энэ баяртай холбогдуулан гэр бүлээрээ чанасан мах хүртэнэ гэж ярилцсан. Монгол түмэн минь ч гэсэн энэ бахархалт өдрөөрөө гэр бүлээрээ сайхан амарч өнгөрүүлээрэй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.