Гэмт хэрэг

Хуурай дүүгээ "надтай зодолдох хүн байна уу" хэмээн гэрээс гаргаж, машинаараа хоёр удаа дайрч хөнөөжээ

Булган аймагт 51 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хуурай дүүтэйгээ маргалдан, машинаараа хоёр удаа дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Тодруулбал уг хэрэг энэ оны долоодугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ... суманд болсон байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн 51 настай "Б" автомашин жолоодон хуурай дүү "А"-ийн гэрт очжээ. Тухайн үед бороо орж байсан тул "А"-тай хамт ажилладаг гурван эрэгтэй хоол идэхээр ирээд байсан аж. Тэдний нэг нь хувиараа машин засаж, мужаан, блок хийж, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан амь хохирогч "М" байжээ.

Тус өдрийн 19.00 цагийн орчимд шүүгдэгч "Б" Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон ирж "А"-ийн гэрт орж ирэн тэнд байсан хүмүүст хандаж “надтай зодолдох хүн байна уу” хэмээж хүмүүсийг өдөөн хатгасан байна. Ийн хэрүүл, маргаан хийж, амь хохирогч Ж.М-тай барьцалдан гэрээс гарч маргалдаж байх үедээ, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр амь хохирогчийг хоёр удаа дайрчээ. Улмаар эрүүл мэндэд нь “элэг задрал, уушгины нэвтэрсэн шарх, олон хавирга, өвчүүний хугарал” бүхий гэмтэл учруулж хөнөөсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч "Манайх "А"-ынхтай ойрхон байдаг болохоор яваад очиход талийгаач газар хэвтэж байсан, айлын хашаа нураад талийгаач нүд халтирам болсон хацрынх нь арьс хуулраад эрүүний яс нь харагдаад байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн. Намайг очиход цагдаа түрүүлж ирсэн. Талийгаач Ж.М болон шүүгдэгч Г.Б нар нэг нутаг усны гээд хоорондоо дотно хуурай ах дүүгийн холбоотой хүмүүс байгаа юм. Манай нөхөр хүнтэй хэрүүл маргаан зодоон цохио хийгээд байдаггүй юм шүү дээ. Ар гэрээ ганц авч явдаг хүн маань байхгүй болчихлоо. Том хүүхэд маань сая цэргээс халагдаж ирсэн. Би долоо, гуравдугаар ангийн хүүхдүүдтэй. Шүүгдэгчийн бага охинтой гуравдугаар ангийн хүүхэд маань нэг ангид сурдаг байсан. Амьдралынхаа тал илүү 22 жил хамт байсан хүнээ алдсан. Их хэцүү байна" хэмээн мэдүүлэг өгчээ.

Харин уг гэмт хэргийг үйлдсэн этгээд "Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Төрснөөс өөрцгүй дүүгээ ийм болгосондоо маш их харамсаж байна" хэмээжээ.

Шүүгдэгчийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт Булган аймгийн ... суманд оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн байжээ. Өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэх мэдээллээс нь харахад,

  • 2010 онд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр нэг сарын хорих ял,
  • 2017 онд мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдож хэрэгсэхгүй болж,
  • 2019 онд Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах хэрэг үйлдэж 10 сая төгрөгөөр торгуулж байжээ.

Шүүхээс уг хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна.


Холбогдсон хэргийн хуулийн заалт- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЛАЛАРЫГ ТИЙМ ОЛОН ЗАЛУУЧУУД ЦУГЛАРСАН БАЙЖ ХӨЛ ГАРЫГ НЬ ХУГА ЦОХИЧИХГҮЙ ХАЙРАН АМЬ

Зочин
Зочин

Хүн алчаад бхад 6 хан жил насаараа амьтны ад болж амьдарна даа үхвэл таарна

Холбоотой мэдээ

Back to top button