Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор сурагчдын амралтад зохицуулалт хийхээр хуралдаж байна

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд хоёр аймаг байна.
Вирус судлалын тандалтаар, амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.
Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.
ЭМЯ-ны Томуу, томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар долоодугаар сард төлөвлөгдөж, 10-р сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг.
2025 оны 11-р сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний "Алаг цоог дэгдэлт"-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг яг одоо ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Энэхүү Тохиолдлын Удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ЕБГ-ын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.
Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.
Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.