Эмнэлгийн коридороор “попорсон” Ж.Чинбүрэн сайд арав ч алхалгүй бүдрэв

Одоогоос сар гаруйн өмнө буюу аравдугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн юу гэж хэлж байсныг эргэн сануулъя.
Тэрбээр, “Энэ өвөл томуугийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй гэсэн зорилго тавьсан. Үүний хүрээнд вакцинд хамрагдалтыг идэвхжүүлж, 75 хувьд хүрээд явж байна” хэмээн хийсэн мэдээлэлдээ дурдсан.
Гэтэл одоогийн бодит нөхцөл байдал түүний хэлсэн, ам гарсны эсрэг байна. Тодруулбал, шат шатны эмнэлгүүд ханиад хүрсэн, хүндэрсэн хүүхдүүдээр дүүрч, эцэг эхчүүд хүүхдээ үзүүлэхийн тулд 3-5 цаг урт дараалалд зогсож байгаа тухайгаа илэрхийлсээр буй. Мөн хэвтүүлэн эмчлэх тасгууд ачааллаа дийлэхгүйд хүрч, зарим эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэж байгаа ч хүрэлцээ хангалтгүй хэвээр байгаа юм.
Өвлийн эхэн сар гараад дөрөв л хонож байна. Томуугийн дэгдэлт алаг цоог түвшинд байгаа гэж тодорхойлогдсон. Шар бас улаан биш. Гэсэн ч сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор урагшлуулах саналыг Эрүүл мэндийн яам Боловсролын яаманд хүргүүллээ. Өөрөөр хэлбэл Ж.Чинбүрэн сайд П.Наранбаяр сайд руу “гал”-аа шилжүүлэв. Тэр сурагчдын амралтад өөрчлөлт оруулах эсэхийг Боловсролын яам л шийднэ гээд түлхчихлээ. Сарын өмнөх хийрхэл, бардамналдаа эзэн болсонгүй. Тухайн үедээ чухал сэдвээр “попорч” чадсан ч үгэндээ ингэж ороогдов.
Жилийн жилд өвлийн өмнөхөн утаа, томуу зэргээр улс төр хийж, эд хүйтний үеэр үнэнд гүйцэгддэг Ж.Чинбүрэн сайд шиг хүн олон. Тэд иргэдийн зовлонг ойлгосон мэт уянгалж, мэддэг юм шиг цэцэрхсэнийхээ ард арав алхаад л энэ мэтээр бүдэрчихдэг нь хөөрхийлөлтэй.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.