320 мянган иргэн, аж ахуй нэгж 6.5 их наяд төгрөгийн татварын өртэй энэ үед татварын өршөөл "амь орох уу"
Даваа гарагт УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэрээ Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулж, энэ хүрээндээ татварын өршөөлийн асуудлыг хөндөнө хэмээсэн.
АН-ын бүлгийн хуралдаан дээр Татварын ерөнхий газрын танилцуулсан тоо, баримт дунд, өнөөдрийн байдлаар 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наяд төгрөгийн татварын өр, хүү, алданги хуримтлагдсан бөгөөд өнгөрсөн жил 3.5 их наяд байсан нь ийн нэмэгдсэн. 2024 онд 50 мянган аж ахуй нэгж татварын өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгдсэн төдийгүй 220 мянган иргэн татварын ямар нэг асуудалтай байгаа талаар онцолжээ.
Өмнө нь 2007 онд Татварын хуулиудад өөрчлөлт оруулах тухай хууль баталж, 2008 оныхоо II сард Татварын өршөөлийн тухай хуулийг баталж байсан юм. Угтаа энэ хуулийн зорилго нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн. Үүний дараа 2015 онд мөн татварын өршөөлийн хуулийг дахин хэрэглэсэн билээ.
Татварын өршөөл нь иргэний болон эрүүгийн хариуцлагын хүрээн дэх торгуулийн хэмжээг бууруулах буюу бүрэн чөлөөлдөг хэлбэрээр хэрэгжиж зарим тохиолдолд татварын хувь хэмжээг хуульд заасан хувь хэмжээнээс бууруулан төлөхийг зөвшөөрдөг.
Манай улсад хэрэгжсэн уг хууль нь хувь хүн, аж ахуй нэгжүүдэд татварын өршөөл үзүүлэх зорилгоор буюу 2007 оны өршөөлөөр хувь хүний орлогын албан татварын тухай, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдүүд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлсөн юм. Тухайн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй ашиг малтмалын үнэ унаж, экспортын эрэлт огцом буурсан нь дотоодын эдийн засагт хүндрэл үүсгэж, үүнээс үүдэн зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлж байв.
Өршөөлд 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, 748 иргэн хуулийн этгээд шинээр бүртгүүлсэн бөгөөд 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431 тэрбум төгрөгийн татварыг хамруулсан байна.
Ийн 2015 оны 8-р сард өмнө нь өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй татвар төлөгчдөд боломж олгох үүднээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Мөн л албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй% үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө орлого болон орлогоос бусад албан татварт зэргийг тайлагнасан, бүртгүүлсэн, мэдүүлсэн бол торгууль, хүү ногдуулалгүй нэг удаагийн албан татвар болон хариуцлагаас чөлөөлсөн юм. Үүний үр дүнд 6.1 их наядын хөрөнгө орлого ил болж байжээ.
Судалгаагаар, уг өршөөлийн хуульд хамрагдсан эсэхэд тус судалгаанд хамрагсдын 35.3 хувь нь тийм, 61.3 хувь нь үгүй гэх хариултыг өгчээ. Улмаар шударгаар татвараа төлж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжээгүй гэсэн шүүмжлэл ч дагуулсан.
Иймд энэ удаад татварын өршөөлийг дахин хэрэгжүүлнэ гэвэл зорилтот бүлгүүдэд хүргэх тал дээр хуулийн сурталчилгааг сайтар хийх, далд эдийн засгийг бууруулахад нөлөөлж буй нөлөөллийг гүнзгийрүүлэн судлах, татварын өршөөлөөр үүссэн тэгш бус байдлыг арилгах, татвараа цаг хугацаанд төлж ирсэн иргэд, аж ахуй нэгжүүд рүү чиглэсэн урамшуулал, дэмжлэгийг хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарах нь зүй хэмээн хэд хэдэн судалгаанд өгүүлжээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
татвар нь орлого олсон үед л бодогддог. Тиймээс өршөөнө гэсэн зүйл байж болохгүй.