УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүд: Орон сууц, автомашин, хүүхдийн сургалтын төлбөр, апликейшний зээлтэй

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын асуулгын цагаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Өдрийн хоолноос бусад зардал гаргадаггүй учраас зээлгүй амьдарч байна" хэмээсэн. Түүний хувьд сарын 10 сая орчим төгрөгийн цалинтай. Төрийн гурван өндөрлөгийн нэг учир хамгаалалт, орон байр, хоол хүнс аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас Төрөөс бүрэн даадаг. Төрийн ордонд нэг хоол 14.500 төгрөгийн ханшаар худалдаалагддаг. Ажлын өдрөөр тооцоолон үзвэл сард 304 мянган төгрөгийг өдрийн хоолонд зарцуулдаг гэсэн үг.

Тэгвэл УИХ-ын гишүүд хэдэн төгрөгийн цалин авдаг, зээлтэй эсэх, өдрийн хоолоо хаана иддэг, унаанд хэдэн төгрөг зарцуулдаг тухай тодруулан хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Орон сууц, авто гражны зээлтэй. Хоолоо өөрөө хийж ирдэг, миний машин эвдэрсэн учир нөхрийнхөө машиныг унаж байгаа

-Та зээлтэй юу, гишүүний цалин хэдэн төгрөг байдаг вэ. Цалингаа юунд зарцуулж байна?

-Орон сууц болон автомашины гражны зээлтэй. Мөн хэрэгцээтэй үедээ апплейкшнээс зээл авдаг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө их сургуульд багшилдаг байсан л даа. Багшийн цалинг бодвол гишүүний цалин хавьгүй өндөр, 6 сая гаруй төгрөгийг авдаг. Багшаар ажилладаг байхдаа зээлээс зээлийн хооронд л амьдарч байсан л даа. Тухайлбал эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууц, унаа машины зээл гэх зэрэг. Гишүүний цалингаар өрөө төлж дийлэхээр болсон. Гэхдээ зардал өссөн. Элдэв арга хэмжээнд очихдоо гар хоосон очиж болдоггүй. Хүмүүс гишүүн гэхээр л бэлэгтэй ирнэ гэж хараад байдаг юм билээ.

-Өдрийн хоолоо хаана иддэг вэ?

-Анагаахын багш нар дийлэнхдээ өдрийн хоолоо бэлдэж ирдэг. Иймээс долоо хоногийн 5-6 өдөр хоолоо ажил дээрээ бэлдэж ирээд идчихдэг байсан. Энэ төсвийн хувьд хэмнэлттэйгээс гадна эрүүл мэндэд тустай. Харин ордонд гишүүн болж ирээд хоолны чанар нь муу санагдсан тул сайжруулах шаардлагатай байна гэж бичиг өгч байсан. Одоо хавьгүй дээр болсон. Төрийн ордонд буй хоолны газар бусад газартай харьцуулахад хоол нь хямдхан. Гэхдээ байнга идэхэд ходоодонд хэцүү учир долоо хоногийн 2-3 өдөр өөрөө хоолоо бэлдэж ирэхийг хичээдэг.

-Ямар унаагаар ажилдаа ирж байна вэ?

-Би өөрийн унаатай байсан. Долоон жил орчим унасан. Саяхнаас таван бул нь эвдэрч, ордны хаалгахаар ороход "тар, тар" гэж дуугараад байсан учир нөхрийнхөө машиныг унаж байгаа. Хүмүүс УИХ-ын гишүүн гэхээр тусдаа унаатай, жолоочтой гэж ойлгодог юм билээ. Тийм зүйл байдаггүй юм шүү дээ. Хэрэгцээтэй үедээ такси дуудах, бусад тохиолдолд өөрөө унаагаа бариад л ажилдаа ирж, явдаг.

-Ерөнхий сайд УИХ-ын асуулгын цагаар зээлгүй, өдрийн хоолноос өөр зардалгүй амьдардаг тухайгаа илэрхийлсэн шүү дээ.

-Би өөрөө ээж хүн учраас хүүхдэдээ өдрийн хоолыг нь бэлдэж өгдөг. Ингэхдээ өөртөө ч мөн адил хоолоо бэлдээд гарах боломж бүрддэг. Үүнээс харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн соёлын болон зан үйлийн ялгаа харагдана. Ерөнхий сайд бидэнтэй харьцуулахад олон жил ажилласан, хувийн амьдрал болон ажил нь жигдэрчихсэн учир зээлгүй амьдарч байгаа байх. Иргэдийн хувьд зээлгүй хүн бараг байхгүй. Үнийн хөөргөдөл, зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой.

С.Эрдэнэбат: Өмнөх парламенттай харьцуулахад унааны зардал 2-3 дахин буурсан учир өөрийн унаатай байх хэрэгцээ үүсэж, зээлээр машин авсан

-Та зээлтэй юу, нууц биш бол сард хэдэн төгрөгийг төлж байна. Цалингаа юунд зарцуулж байна вэ?

-Автомашины зээлтэй. Сардаа 1 сая гаруй төгрөгийг төлдөг. УИХ-ын гишүүн гэхээр л бүх юм нь төрөөс хангагддаг хүмүүс гэж хараад байдаг. Үгүй шүү. Харин ч өмнөх парламенттай харьцуулахад унааны зардал 2-3 дахин буурсан. Үүнтэй холбоотойгоор өөрийн унаатай байх хэрэгцээ үүссэн тул зээлээр машин авсан. Мөн бусад хэрэгцээний зээл авах тохиолдол олон гардаг. Ямар хүүхдийнхээ хадгаламжийн мөнгөөр оролдолтой биш дээ. Хэрэгцээтэй үедээ зээлээд буцааж төлөөд л амьдарч байна.

-Өдрийн хоолоо хаана иддэг вэ?

-Дийлэнхдээ ажил дээрээ, ордныхоо цайны газраас аваад идчихдэг. Хаяа гэрээсээ хоол хийж ирнэ.

-Хэдэн төгрөгийн цалин авч байна, түүнийгээ юунд зарцуулж байна?

-Сардаа 5 сая төгрөг авдаг. Үүнд гар утас, хоол, унаа, ажилласан жилийн нэмэгдэл гээд бүх зүйлс багтана. Хувьдаа бизнестэй хэр нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байгаа хүмүүст гишүүний цалин сонин биш байх. Гэхдээ цэвэр цалингаараа амьдардаг, гишүүн учраас томоохон зээл авах, хувийн бизнестэй байх нь хязгаарлагдсан хүмүүст тийм ч өндөр биш.

Гэтэл УИХ-ын гишүүнийг их мөнгөтэй гэж үзэж маш их гуйлга ирдэг. Сардаа 10 албан бичиг ирэх нь наад захын хэрэг. Хүүхэд өвдсөн хандив өгөөч гэх зэрэг хүсэлт ирдэг л дээ. Мөн хөдөө орон нутгаар уулзалт хийж явах шаардлага их гарна. Тэр бүрд зардлаа гаргаад явна шүү дээ. Засгийн газрын баазаас унаа захиалахаар км 2500-3500 төгрөг. Хөвсгөл аймаг ороод ирэхэд ойролцоогоор 7 сая төгрөгийг унаанд төлнө гэсэн үг. Үүн дээр зочид буудалд байрлах зардал мөн нэмэгддэг. Хэрэв зөвлөх, туслахтайгаа хамт явна гэвэл гишүүний тойрогт зарцуулах төсвийн тал нь зарцуулагдчихна л гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хүүхдийн сургалтын төлбөрийн зээлтэй. Ажилдаа автобусаар ирдэг

-Та зээлтэй юу, нийт өртөг, сард хэдэн төгрөгийг төлдөг вэ?

-Хүүхдийн сургалтын төлбөр болон кредит картны зээлтэй. Нийт 180 орчим сая төгрөг.

-УИХ-ын гишүүний цалин хэдэн төгрөг байдаг вэ, юунд зарцуулж байна?

-Гар дээрээ 5 сая төгрөг авдаг. Цалингаа амьдрал ахуйдаа л зарцуулж байна. Өөр юунд зарцуулах билээ дээ.

-Өдрийн хоолоо хаана иддэг вэ, хэдэн төгрөгийг зарцуулж байна вэ?

-Нэг удаадаа 20-25 мянган төгрөгийг хоолонд зарцуулдаг. Ямар хоол авахаас шалтгаалж үнэ хэлбэлзэнэ шүү дээ. Дийлэнхдээ ажил дээрээ буюу төрийн ордоны цайны газраас хоолоо идчихдэг.

-Ямар унаагаар ажилдаа ирдэг вэ?

-Хувьдаа машингүй. Эхнэртэйгээ нэг машинаа ээлжилж унадаг. Дийлэнхдээ автобусанд суугаад ажилдаа ирдэг. Зарим тохиолдолд таксигаар үйлчлүүлдэг.

-Ерөнхий сайд УИХ-ын асуулгын цагаар зээлгүй, өдрийн хоолноос өөр зардалгүй амьдардаг тухайгаа илэрхийлсэн шүү дээ.

-Хувь хүмүүсийн л санхүүгийн асуудал. Бидний хувьд хүүхэд өсөх насан дээрээ яваа учир сургалтын төлбөр, хоол, хувцас, хэрэглээний зардал өндөр байж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button