БНХАУ-ын үйлдвэрийн салбар дахин агшиж, бодлого боловсруулагчдад хүндхэн сонголт тулгарлаа
Хятадын аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа арваннэгдүгээр сард найм дахь сардаа дараалан буурлаа. Мөн үйлчилгээний салбар саарсан нь тус улсын бодлого боловсруулагчдад хүндхэн сонголт тулж ирээд байна. Бодлого боловсруулагчид бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх үү, эсвэл иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд арга хэмжээ авах уу гэдгийг шийдэх шаардлагатай боллоо.
БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо (NBS) танилцуулсан судалгаагаар аж үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) аравдугаар сард 49.0 байсан бол арванэгдүгээр сард 49.2 болж бага зэрэг өссөн байна. Хэдийгээр бага зэрэг сэргэлт ажиглагдсан ч гэсэн PMI 50-аас бага бол агшиж байгааг илтгэдэг юм.
Үйлдвэрлэлийн салбар саарч байгаа нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хадгалахад хүндрэлтэй байгааг харууллаа. Үйлдвэрийн PMI буурсан нь мөн АНУ-тай хийж буй худалдааны дайн бизнесүүдэд ирэх дарамтыг улам нэмэгдүүлсэнтэй холбоотой юм. Дээрээс нь үйлдвэрийн гарц зогсонги байдалд орж, шинэ захиалга болон экспортын шинэ захиалгын индексүүд өмнөх сараас сайжирсан ч тэлэлтийн 50 оноог давж гараагүй байна.

“Goldman Sachs” банкны эдийн засагч Юүтин Ян "Арваннэгдүгээр сард аж үйлдвэрлэлийн салбар дахин ширгэлээ. Гэхдээ энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилт биелэх боломжтой харагдаж байна. Тиймээс засгийн газар бодлогын томоохон дэмжлэг үзүүлэхээ ирэх оны эхний улирал хүртэл хойшлуулж магадгүй" гэжээ. БНХАУ-ын засгийн газар 2025 онд эдийн засгаа ойролцоогоор 5 хувь өсгөнө гэх зорилго тавьсан.
БНХАУ-ын бодлого боловсруулагчдад олон арван жилийн турш эдийн засгийн өсөлтийг дэмжих хоёр арга байж ирсэн. Үүний нэг нь иргэдийн хэрэглээ суларсан үед аж үйлдвэрлэлийг эрчимжүүлж экспортоо нэмэгдүүлэх, харин нөгөө нь томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх байсан билээ.
Гэвч дэлхийн эдийн засгийн саарч, БНХАУ-ын үл хөдлөхийн салбар гүн хямралд орж, орон нутгийн захиргаанууд өрийн дарамтад орсноос болж эдийн засгийг сэргээхэд хүндрэл тулгараад байгаа юм. Ийм учир эдийн засгийн шинэчлэл хийхэд бодлого боловсруулагчид анхаарч эхэлсэн.
Арваннэгдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрийн салбар агшсан бол бусад салбарт ч мөн бууралт ажиглагджээ. Үйлчилгээ болон барилгын салбарыг багтаадаг аж үйлдвэрийн бус салбарын PMI аравдугаар сард 50.1 байсан бол арванэгдүгээр сард 49.5 болж буурсан байна. Тус индекс 2022 оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа агшжээ.
“NBS”-ын мэдээлснээр аравдугаар сард тохиосон баяр ёслолын өдрүүдийн нөлөө суларсан тул үйлчилгээний салбарын PMI 50-аас доош унав. Үндэсний статистикийн хорооны статистикч Хүо Лихуй "Үл хөдлөх хөрөнгө болон өрхийн үйлчилгээний салбарын индекс хоёулаа 50-аас доор орж унасан нь зах зээлийн идэвхжил сул байгааг илтгэж байна" гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид эерэг хүлээлттэй хэвээр байгаа хэмээсэн юм.
БНХАУ-ын бодлого боловсруулагчид эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг засах, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх, мужуудын бие даах чадварыг боомилж буй өрийн асуудлыг шийдвэрлэх зэрэг шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байна. Гэвч Трампын худалдааны дайн эдийн засагт дарамт учруулж буй энэ үед томоохон өөрчлөлт хийх нь улс төрийн хувьд эрсдэлтэй билээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.11.26/ эрх баригчид хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнд хөдөө орон нутаг дахь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулж гэрийн тэжээвэр амьтан, анимэ, трэнд тоглоом зэрэг салбаруудад дэмжлэг үзүүлнэ гэж тусгаж өгчээ онцолсон байна. “Economist Intelligence Unit”-ийн шинжээч Тианчэн Шү "Хэрэв засгийн газар 2026 онд хэрэглээний дэмжлэгийнхээ гуравны нэгийг үйлчилгээний салбарт зориулж чадвал энэ нь тухайн салбар болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно" гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.