"Eguur News"-ийн ерөнхий продюсероор ажилласан “Их говийн манаач” баримтат кино нээлтээ хийнэ
“Их говийн манаач” баримтат кино өнөөдөр /2025.12.04/ ШангриЛа төвийн IMAX театрт нээлтээ хийнэ.
Тус баримтат киног хэвлэл мэдээллийн Eguur News агентлаг ерөнхий продюсероор ажиллан бүтээсэн. Харин “Дасгалжуулагч”, “Дурсаж яваарай” зэрэг цөөнгүй уран сайхны бөгөөд баримтат киногоор үзэгчдийн талархлыг нэгэнтээ хүлээсэн Э.Ган-Очир найруулсан.
“Их говийн манаач” баримтат кино алтайн өвөр говьд цөөн тоогоор мэнд үлдсэн, үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайн сэдвийг хөндсөн юм. Урьд өмнө мазаалай баавгайн талаарх кино, нэвтрүүлгүүд нь ихэвчлэн танин мэдэхүйн шинж чанартай хийгдэж байв. Тэгвэл энэ удаа мазаалайн талаар мэдээлэл өгөхөөс гадна түүний амьдардаг орчныг гойд дүрслэн үзүүлж, байгаль хамгаалагч, эрдэмтдийн нөр их хөдөлмөрийг анх удаа дэлгэн харуулснаараа онцлог.
Тухайлбал, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд ажилладаг байгаль хамгаалагчдын амьдрал, нэн эмзэг говийн экосистемийг хадгалж хамгаалахын тулд хичээх цаг наргүй хөдөлмөр зэргийг нь төвлөрч үзүүлсэн байгаа юм.
Мөн мазаалай баавгайн бодит дүрсийг авахын тулд дөрвөн улирлын зураг авалтыг тууштай хийж, BBC агентлагийн ашигласан автомат камерыг суурилуулж ажилласан.
“Их говийн манаач” кинонд ийнхүү мазаалайн хэд хэдэн цоо шинэ дүрс авагдсанаар үндэсний хэмжээний ач холбогдлыг олж, хүн бүр очиж үзэх боломжгүй алтайн өвөр говийн үзэсгэлэн ч дөрвөн улирлын өнгөө дэлгэсэн билээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Эрдэнэ монгол” компани “Их говийн манаач” кинонд бодлогын бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.