Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдээр буюу 12-р сарын 6, 7 өдрүүдэд хоёр барилдаан зохион байгуулагдана. Тодруулбал, маргааш Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ой улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан болно. Тэгвэл энэ сарын 7-нд МҮБХ-ноос "Сайн үйлсийн аян”-г дэмжих ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.
Ардчиллын ойн өдөрт зориулсан барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 6 сая төгрөг, шөвгөрсөн хоёр бөх тус бүр 4 сая гардах аж. Мөн Ардчилсан намын дэргэдэх залуусын "Зориг" ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгосон "Зоригтон" бөхийн шагнал гурван сая төгрөгийг гардуулах юм байна. Тус шагналыг гурвын давааны аманд гарч хамгийн том цолтныг давсан хамгийн бага цолтой бөхөд олгодог уламжлалтай.
Бөхийн холбоо, ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгуулж буй хандивын барилдааны орлогыг тус төвийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчлэхэд зориулахаар болжээ. Мөн азтай үзэгч шалгаруулж авто машин бэлэглэх бөгөөд тасалбарын үнэ 60000 төгрөгөөр худалдаалж буй аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.