АНУ-ын элч Украины хэлэлцээ бүтэхэд ойртсон гэсэн бол Москва өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Украины тусгай элч Кит Келлог дайныг дуусгах хэлэлцээ бүтэхэд ойрхон байна гэж ням гарагт /2025.12.07/ хэлсэн байна. Тэрбээр Рейганы Үндэсний батлан хамгаалахын форумд оролцож байхдаа хэлэлцээ бүтэхэд ойртсон ч сүүлийн хэдэн алхам хамгийн хүнд байдаг гэжээ. Түүний хэлснээр хоёр том асуудал үлдээд буй нь Донбасс бүс болон Запорожье цөмийн цахилгаан станцыг ирээдүйд хэн эзэмших талаар аж. Тэр “Хэрвээ бид энэ хоёр асуудлыг шийдвэрлэж чадвал үлсэн асуудлуудыг сайн шийдвэрлэх боломжтой гэж би бодож байна. Бид тохиролцоонд их ойртож ирсэн” гэсэн юм.
Келлог ингэж хэлсэн бол Москва энхийн тохиролцоонд томоохо өөрчлөлтүүд хийх хэрэгтэй хэмээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гадаад бодлогын туслах Юрий Ушаков “АНУ нь баримт бичигтээ томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй” гэж хэлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. Москва ямар өөрчлөлт хүсэж байгаа тал дээр тэр мэдээлэл өгөөгүй юм. ОХУ нь Донбасс бүс нутгийг бүхэлд нь авах хүсэлтэй байгаа. Путин тус бүс нутгаас украинчууд ухарна үгүй бол цэргийн хүчээр авна гэж саяхан мэдэгдсэн. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ бүх нийтийн санал асуулга явуулалгүйгээр Донбассыг өгөх нь хууль бус хэрэг болно гэжээ. Мөн тус бүс нутгийг өгснөөр ОХУ ирээдүйд Украин руу дайрах тавцан болно гэж тэр анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.