Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: Муур эрэгтэй хүн рүү хоёр дахин их дуугардаг

Эмэгтэй хүнтэй харьцуулахад муур эрэгтэй хүн рүү илүү их дуугардаг болохыг шинэ судалгаа тогтоожээ. Үүний шалтгаан нь эрэгтэй хүмүүс гэрийн тэжээвэр амьтандаа илүү бага анхаарал хандуулдагтай холбоотой байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Туркийн Анкара их сургуулийн эрдэмтэд муур тэжээдэг 31 хүнийг судалгаанд хамруулжээ. Оролцогчид гэртээ орж ирэх үеийнхээ бичлэгийг тогтмол хийсэн аж. Тэдэнд аль болох энгийн, өдөр тутмын амьдрал шигээ байхыг эрдэмтэд даалгажээ.

Энэ туршилтын үр дүнд эрэгтэй эзэд гэртээ орж ирсэн эхний 100 секундэд муурууд дунджаар 4.3 удаа дуугарсан аж. Үүнд нь меовлох, хүржигнэх зэрэг чимээ багтана. Харин эмэгтэй эздийн хувьд муур нь дуугарсан тоо дунджаар 1.8 удаа байжээ. Муурын нас, хүйс, үүлдэр үүнд огт нөлөөлөөгүй гэдгийг судлаачид онцолсон байна.

Эрдэмтэд судалгааны ажил дээрээ бичихдээ, муурууд эрэгтэй асран хамгаалагч руугаа илүү олон удаа дуугарч байсан, өөр ямар ч хүчин зүйл үүнд нөлөөлөөгүй гэжээ.

Судлаачид мууруудаас нийт 22 төрлийн зан авирыг ажигласан байна. Үүнд эвшээх болон хоол руугаа гүйх зэрэг үйлдлүүд оржээ. Гэхдээ зөвхөн дуу гаргах үйлдэл л эзнийх нь хүйсээс хамаарч өөрчлөгдсөн юм.

Зургийн эх сурвалж: Brodie Animal Hospital

Муурын зарим үйлдлүүд хоорондоо холбоотой байжээ. Жишээлбэл сүүлээ өргөх, эзнээ шөргөөх зэрэг нийгэмших үйлдлүүд холбоотой тохиолдол байсан аж. Мөн биеэ сэгсрэх, маажих зэрэг холдох гэсэн үйлдлүүд хоорондоо хамааралтай байв. Энэ нь муур хүнд мэндчилэхдээ олон төрлийн дохио өгдгийг харуулж байна гэж судлаачид хэлжээ.

Харин дуу гаргах нь нийгэмших эсвэл холдох гэсэн үйлдлүүдтэй тийм ч холбоотой биш байсан аж. Энэ нь муур дуу гаргах үйлдлийг бие даан шийддэг байж магадгүйг харуулж буй. Өөрөөр хэлбэл дуу гаргах нь хоол нэхэх эсвэл эзнээ санасан эсэхтэй шууд холбоогүй байх магадлалтай.

Судлаачид муурууд яагаад эрэгтэй эзэн рүү илүү даргадаг шалтгааныг нарийвчлан судлаагүй байна. Гэхдээ тэдний таамаглаж буйгаар эмэгтэйчүүд мууранд илүү их анхаарал хандуулдаг бас муурын сэтгэл хөдлөлийг илүү сайн мэдэрдэг байх хандлагатай. Мөн эмэгтэйчүүд муурынхаа дууг дуурайх төлөвтэй байдаг тул муурууд эрэгтэй эзэн рүүгээ илүү меовлодог байх магадлалтай гэж эрдэмтэд үзжээ.

Тиймээс эрэгтэй эзэн нь хэрэгцээг анзаарч, хариу үйлдэл үзүүлэхэд муурууд илүү тод дуу чимээ гаргах шаардлагатай байж магадгүй гэж судлаачид таамагласан байна. Иймээс муур тэдний анхаарлыг татахын тулд эрэгтэй эзэн рүүгээ илүү их дуугарч сурдаг байх боломжтой юм.

Энэхүү судалгаанд цөөн тооны хүн оролцсон ч бодит бичлэг ашигласан нь том давуу тал юм. Учир нь тэжээвэр амьтадтай холбоотой ихэнх судалгаа зөвхөн эздийн яриан дээр үндэслэн явагддаг. Тус судалгаа нь муур анхаарал татах, хайраа илэрхийлэх, эсвэл дургүйцлээ харуулахын тулд меовлодог болохыг дахин харуулав.

Эх сурвалж: Science Alert

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button