Сайд нарт өгсөн Н.Учралын СЭРҮҮЛЭГ
Н.Учрал УИХ-ын даргын индэр дээрээс Г.Занданшатарын танхим дахь сайд нарыг парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, чуулгандаа суухыг үүрэгдлээ. Спикер болсноос хойших энэ үйлдэл нь харьцангуй содон тусч байгаа юм. Учир нь тэр УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга. ҮАБЗ-ийн нэг ба төрийн тэргүүнийг орлох зохицуулалттай өндөр статуст оччихоод байна.
Очихдоо Г.Занданшатарт "Засгийн газрыг чинь спикерийн ба намын даргын үүднээс тогтвортой байхад анхаарна" гээд ам шүд алдчихсан. Үүнд нь ч эртнээс хэдэн талд зэрэг ажиллаж явсныг мэдэх Г.Занданшатар уулгамч хүүхэд аятай итгэсэн юм. Ингэж тэд итгэлцлэл үүсгэсэн.
Гэтэл спикер асан Д.Амарбаясгалан ер нь нэг Л.Оюун-Эрдэнийн танхимд сэтгэл дундуур байгаагаа сайд нарыг нь чуулганы индэр дээрээс загнаад илэрхийлчихдэг, тийм атмосферыг тогтоочихсон юм. Жишээ нь, Ж.Энхбаярын барьж орж ирсэн хуулийн төслүүдийг Д.Амарбаясгалан хэлэлцүүлэх нөхцлийг нь ч бүрдүүлдэггүй байв.
Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төсөл бүрийг бөөн шүүмжлэл рүү түлхэж, "Сайд нар нь хаана байна аа" гэж чуулганы танхимаар нэг гөвшиж орхидог байлаа. Аминдаа л амь санаа нэгтэй байхаар Л.Оюун-Эрдэнэ тооцож, түүнийг 2024 оны сонгуулийн дараа спикерээр томилуулсан хэрэг шүү дээ. Яг ажил явахаар далдын нэг "таарамж муутай ёрын хүчнүүд" нь ингэж мөргөлдөөд, нэгнээ хөөрхөн чадасхийгээд, чимхэсгээд байсан нь тэр.
Энэ байдлыг ер давтахгүй байх боломжийг тооцож, Н.Учрал, Г.Занданшатар нар нэгэндээ одоо цагт, ирээдүй цагт өгч чадах бүхнээрээ найр тавьсан харагддаг. Гэхдээ таашгүй. Ж.Чинбүрэнгийн суудал дээр Д.Болд гэгч орон тооны бус зөвлөх нь суусан асуудлыг Н.Учрал чуулганы танхимд ярихдаа "Төлөөлүүлэх хүнээрээ төлөөлүүлээрэй" гэж гөвөөд өнгөрсөн.
Гэвчиг бодит байдал дээр Н.Учралыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаанд түүнийг дагасан зөвлөх нэртнүүд тус яамаар дүүрэхчүү юм болсон гэдэг. Бүр яамных нь газар, хэлтэс бүрд нь нэг зөвлөх нэртэй Н.Учралыг дагасан нөхөр давхиж ирээд, баахан дүрэмдэж, үдэш оройгүй ажлаар дарж, сахилгын шийтгэл бичих зэргээр асар удаан самарсан.
Харин Н.Учрал засгаас явснаар яам нь жаахан амирлаад байгаа гэх. Тийм хүмүүстэй атлаа Н.Учрал чуулганы индэр дээрээс Ж.Чинбүрэнг загнаж чадсан л байгаа юм. Дотор нь байсан, тэгээд гарч ирсэн хүн яаж тоглолт хийхээ хүртэл ингэж сайн тооцож чадаж буй.
Тэр бас өчигдөр "Би сайд байхдаа чуулгандаа суудаг байсан" гэж хэллээ. Ер нь Н.Учрал ажил хэрэгч. Сайд нарын муу байгааг тодотгохдоо "Одоо нээрээ арай дэндлээ, ач холбогдолтой хууль оруулж ир" гэчхэж байна. Ер нь Г.Занданшатарын танхим дахь сайд нар Л.Оюун-Эрдэнийн танхимаас үлдэхээр, шинээр орж суух гэж хамаг тамираа барчихсан, одоо жаал духныхаа хөлсийг арчиж яваа, сул хүмүүс байгаа нь үнээн.
Сайд нарын бас нэг үнэн нь, Г.Занданшатарын танхимын ажлыг нугалж өгөх туйлын хүсэл гэж алга.
Ухаандаа Б.Батцэцэг л гэхэд захирагдах ёстой танхимын тэргүүн нь суусаар атал бүх гадаад бодлогын том агуулгаа төрийн тэргүүнд аваачиж наасаар, хэдэн ЗГ дамжлаа. Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар бас цүнхтэй мөнгөө тийш л сарвайж, тэндээс сайдын суудлаа баталгаажуулж байна.
Эрх биш төрийн аж ахуйн ажил авсан хүн тул Г.Занданшатар үс нь салмайчхаад ажлаа явуулах гээд зууралдаад байдаг. Сайд нарын манлайлал, ажил нугалдаг байдал зэрэг нь улам муудсаар байна. Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө төлөө эргэн тойрноо маш сайн ажиллуулж чаддаг байсан бол Г.Занданшатар тэднийхээ хүслийг биелүүлэх гэж ядарсан дүр л болчхоод сууж байна.
Ийм орон зайн дээр Н.Учрал Г.Занданшатарын танхимын сайд нарт намын даргын хувиар ч, спикерийн зүгээс ч сэрүүлэг өгч байгаа нь зөв алхам. Аа харин яг лавшруулж, муу санаалж харвал засгаа баадуудсаар бүр суллачихаж чадах эрхийг тэр хоёр зэргээр атгаж байгаа хүн. Тиймээс "Заа, нээрээ сайд нар арай дэндлээ" гэдэг түүний үг содон тусч байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.