Ж.Үйлст: Хүчирхийлэгч хорвоод байхгүй хайраар бөмбөгдөж, дараа нь харгис өөрийгөө гаргаж ирдэг
Сүүлийн таван жилд гэрлэлт 29 хувиар буурч, гэр бүл цуцлалт 5 хувь нэмэгдсэн гэх дата судалгаа бий. Иймд Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй гэр бүлийн салалт, хүчирхийллийн сэдвээр ярилцлаа.
-Хүүхэд төрүүлээд гэртээ суухдаа "Өөрийн гэсэн "карманы" мөнгөгүй, нөхрөөсөө санхүүгийн хамааралтай болоход бэтгэлтэй байгаа юу" гэх асуултыг эмэгтэйчүүд өөрөөсөө асуух хэрэгтэй-

-2022 оноос эхлэн гэр бүл цуцлалтын тоо огцом өсөж, одоогийн байдлаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэх тоон мэдээлэл байна. Гэр бүл салалтын нийтлэг шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийн талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Монголчуудын хувьд гэр бүл төвтэй угсаатан. Тэр тусам гэр бүлийн хүрээнд хүүхэд төвтэй. Үүнтэй холбоотойгоор залуусын гэрлэлт харьцангуй эрт. Гэрлэсний дараа ойрхон олон төрөлттэй байдаг. Ингэснээр, нэгдүгээрт санхүүгийн ачаалал нэмэгддэг. Хоёрдугаарт, хувь хүн өөрөө өсөн дэвших боломж хязгаарлагдаж, цаг хугацаа нь хумигдаж эхэлдэг. Мөн хосын харилцаанд зарцуулах хугацаа нь багасдаг. Ийн бие биедээ зориулах хугацаа бага, амьдралын стресс, ар гэрээ тэжээн тэтгэх хэрэгцээгээ биелүүлэх гэж явсаар үл ойлголцол үүсдэг.
Ерөнхийдөө бие биеэ ойлгох гэхээс илүүтэйгээр тухайн хүн өөрийгөө ойлгох хэрэгтэй. Олон улсад тархи бүрэн хөгжих хугацааг 27 нас гэж судалсан байдаг. Улмаар 25-27 насыг гэрлэхэд хамгийн тохиромжтой үе гэж үздэг. Энэ үед юунд дуртай, юунд уурлаж бухимддаг, миний сэтгэлзүйн гэмтлүүд юу вэ гэх зэрэг өөрийгөө таних үйл явцууд үргэлжилдэг. Нэг үгээр хэлбэл өөрийн сэтгэлзүйгээ танин мэдэж, зохицуулж сурсныхаа дараа бусдын сэтгэл хөдлөл мэдрэмжийг ойлгож сурна.
-Эрт гэрлэх нь мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг нь багасгаад байх шиг...
Эрт гэрлэлт ба мэргэжлээрээ ажиллаж амжилгүй гэртээ хүүхдээ хараад суух тохиолдол залуусын дунд их байна. Нэг талаараа нийгмийн баталгаа, санхүүгийн байдлаараа нөхрийнхөө хараат байсаар нэг мэдэхэд 10 орчим жил гэртээ суучихсан байдаг. Үеийнх нь хүмүүс аль хэдийн мэргэжлийнхээ карьерыг хөөн нийгмийн тодорхой байр суурьт хүрчихсэн байгааг анзаардаг. Эргээд өөрөө мэргэжлээрээ ажиллах гэхэд чаддаггүй.
Энэ нь эдийн засгийн талаасаа харахад ашиггүй хөрөнгө оруулалт болон хувирч байгаа юм. Харин хувь хүнийх нь хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх байдалд нь нөлөөлж эхэлдэг. Улмаар хүн өөрт дутуу байгаа мэдрэмжээ ойрын хүмүүстээ буюу нөхөр, эхнэр, гэр бүлийнхэндээ "чи намайг дэмжихгүй байна" хэмээн нэхэх хандлага түгээмэл байдаг. Үүнээс болж хосуудын маргаан үүсэх нь ч бий.
Маш олон эмэгтэйчүүдийг "Хүүхэд гаргах гэж байна гэдэг хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болох гэж байна гэсэн үг шүү. Магадгүй хүүхдээ төрүүлээд хоёроос гурван жил гэртээ суухад, дараагийн хүүхдээ төрүүлээд энэ хугацаа сунгагдахад та бэлэн үү. Та ямар ч мөнгөгүй, өөрийн хэсэн "карманы" мөнгөгүй, хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болоход бэлтгэлтэй байгаа юу" өөрөөсөө энэ асуултыг асуугаасай гэж боддог. Нөгөө талаас харахад Монгол эмэгтэйчүүд маш дайчин. Санхүүгийн хувьд бүрэн хараат байхгүй гэсэндээ элдэв сургалтад сууж, ЖДҮ гэртээ эрхэлж, түүнийгээ зарж, борлуулж хэрэглээний мөнгөө олчихдог. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, хосын харилцаандаа зарцуулах цаггүй болгодог. Эсхүл хүүхдэдээ хангалттай цаг хугацааг зарцуулж чадахгүйд хүрдэг. Иймд гэр бүл төлөвлөлт хамгийн чухал. Хэдийд сурч хөгжих, хэдэн хүүхэд ямар хугацаанд төрүүлж өсгөх гэх мэт хосын харилцаа, гэр бүл төлөвлөлтөө сайн хийх шаардлагатай. Хэрэв өөрсдөө чадахгүй бол мэргэжлийн хүмүүст ханд. Хаана хүрэхээ мэдэж байгаа хүн амьдралд тулгарах олон сорилт, хэцүү байгааг мэдрэх мэдрэмж нь бага буюу урам зориг нь өндөр байдаг.
-Монгол гэр бүлд эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг их. Хүүхдээ асрах, нөхрөө халамжлах, гэр орноо цэвэр цэмцгэр авч явах, мөнгө олох... гэх мэт.
-Зах зээлийн нийгэмд шилжихээс урьд хүүхдийг төрөөс харж хандаж, асран хүмүүжүүлдэг байсан. Бараг 45 хоногтой байхаас нь ясли-д явуулж, эцэг эх ажиллах үүргээ биелүүлдэг байв. Харин зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн ээж нь ажлаасаа чөлөөлөгдөн хүүхдээ харж хандах үүргийг хүлээсэн. Ерөнхийдөө гэр бүлд эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг их хэвээр буй.
Нийгмийн зүгээс эрэгтэй хүн гарч ажлаа хийж, эмэгтэй хүн гэртээ л байх ёстой гэх уламжлалт жендерийн ёсоор зохицуулах гээд байдаг. Бодит байдлаас харахад эмэгтэй хүний ачаалал хоёр дахин нэмэгдчихдэг. Гэр бүлийн аав нь ганцаараа ажиллаад явахад гэр бүлийн орлого тогтвортой байдаг уу гэвэл үгүй. Ингэснээр ээж заавал ажиллах шаардлага үүснэ. Улмаар гэр орныхоо бүх ажлыг зохицуулах, хүүхдээ харах, нөхрөө халамжлах гээд ачаалал нэмэгдэж байгаа юм. Ерөнхийдөө үүрэг оролцооны байдал зөрчилдөж байна гэсэн үг. Энэ тэнцвэргүй байдал үргэлжилсээр эмэгтэйчүүд "чи надад тусалсангүй" гэж гомдоллоход хүрдэг. Эндээс анзаарвал "би энэ ажлыг хийх ёстой, харин чи надад туслаач" гэж буй. Угтаа гэр бүл гэдэг хамтын оролцооноос бүрддэг. Ингэж байж тогтвортой болно.
-Бид нүүдлийн соёл иргэншилтэй байх үед гэрийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил тодорхой хуваарьтай байсан шүү дээ. Мэдээж эмнэг сургахыг эмэгтэй хүн чадахгүй учир заавал эр хүн хийх хэрэгтэй болно. Гэтэл одоогийн суурин иргэншилд шилжсэн нөхцөлд гэрийн ажлыг ганцхан ээжид хамааруулах нь өрөөсгөл шүү дээ. Гэрийн гаднах ажил гэж бараг байхгүй болчихсон энэ үед тэнцвэртэйгээр хувааж хийх хэрэгцээ үүсэж буй.
-Цаг үе өөрчлөгдсөн шүү гэх ойлголтыг авах нь зөв. Улсын зүгээс бодлогоор шийдвэрлэх асуудал. Яагаад вэ гэвэл хүний ухамсрын бүтцийн хүрээнд, хүүхэд байхдаа ямар орчинд өссөн, аав ээжийнх нь аль нь оролцоо ихтэй байсан тухай яригдана. Мөн хотын соёлд суралцаад дөнгөж 30 жил болж байна шүү дээ, бид. Гэтэл хотжилтод бүрэн төлөвшөөгүй, 60 гаруй жилийн өмнөх сэтгэлгээний үлдэгдэл, төлөвшил байсаар буй.
Хүчирхийлэгчид, харилцаа эхлэх үед хаана ч байхгүй хайраар бөмбөгддөг. Хорвоогийн хамгийн сайхан хүн шиг аашилж, тухайн хүний хэзээ ч авч байгаагүй мэдрэмжүүдийг өгдөг. Улмаар маш богино хугацаанд шийдвэр гаргаад сууж, хүүхэдтэй болчихсон байдаг

-Гэр бүл салснаар хэн хамгийн их хохирдог бол?
-Маш сонин асуулт, сонин хариулттай байх юм байна. Хүн бүр л өөр өөрөөр хариулах байх. Хүний сэтгэлийн тэнхээ гэж байдаг. Булчинтай болохын тулд өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсний дараа тодорхой масс нэмэгдэж явсаар хүссэндээ хүрнэ. Үүнтэй адилаар сэтгэл зүйн хөгжил, төлөвшил, хатуужил гэдэг зүйл асуудал тулгарах бүрийд түүнээс суралцсанаар бүрэлддэг. Сэтгэлийн хат муутай буюу амьдралын олон асуудлуудад унаж байна уу, суралцаад мэдлэг ойлголт, хатуужилтай болж байгаа эсэхээс асар хамаарна. Сэтгэлийн хат муутай хүн маш их хохирч байна гэж ойлгоно, ойлгуулна. Харин сэтгэлийн хат сайтай хүний хувьд салалт, түүний дараах үйл явцыг ойлгон, дасан зохицоод цааш явдаг.
-Тэгвэл гэр бүл салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүүхдэд сайн муугийн баримжаа байдаггүй. Болж байгаа процессыг шууд шингээж авдаг. Мөн сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ тэд төдийлөн сайн мэддэггүй. Тодорхой хэмжээгээр уйлах, уурлах, түрэмгий байдал үзүүлэх, анхаарал муудсанаар сурлагын чанар муудах зэрэг ажиглагдана. Харин хамгийн хүчтэй нөлөөлөл нь өөрөө насанд хүрээд, гэр бүл зохиох үед нь салалтаас авсан өвдөлтүүд нь нөлөөлж эхэлдэг. Ерөнхийдөө салалтын шок гүн үлдсэн тохиолдолд хэн нэгэнд итгэх байдал буурдаг. Хамгийн их итгэж найдаж, хайрлаж байсан нэг тал нь орхиод явчихсан гэсэн үг шүү дээ. Ингэснээр хаягдахаас, хууртагдахаас айх айдастай байх, хардах эмгэгтэй болох зэрэг сөрөг үр дагавар үүсэж болдог.
-Гэр бүлийн хүчирхийлэл бол анхаарах том сэдэв. Тэр дундаа дийлэнх тохиолдолд гэр бүлийн эмэгтэй хүн хүчирхийллийн золиос болж хохирч үлддэг дүр зураг манай Монголд элбэг харагдах боллоо. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд эмэгтэйчүүд шүгэл үлээж, хүчирхийлэгч нөхрөө сошиал хэрэглэгчдээр яллуулах боллоо. Тодруулан хэлбэл хүчирхийлүүлсэн тухайгаа сошиал орчинд бичиж, зураг нийтэлж байна шүү дээ.
-Хэзээ нэгэн цагт бид энэ үеийг туулах л байсан. Туулахгүйгээр бүх асуудал шийдэгдэнэ гэж байдаггүй. Энгийн жишээгээр тайлбарлавал, энэ өрөөний гэрэл унтраастай байлаа. Бид нэг зүйл олох ёстой. Энд ямар нэгэн хүнд хохиролтой зүйл байгаа гэж бодоход гэрэл асахаас нааш олохгүй. Харанхуйтай дасан зохицоод амьдарлаа гэж бодоход тэнд аюултай зүйл байгааг мэдэж байх нь сэтгэлзүйд хэрхэн тусах болох. Гаднын олон орнуудад гэр бүлийн хүчирхийллийг ил болгох, жендерийн тэгш бус байдлыг ил болгох хөдөлгөөнүүд өрнөсөн. Ингэж байж л шийдлүүд гарч ирсэн. Иймд илүү олон эмэгтэйчүүд ил гарч ирж, өөрт тулгамдаж буй асуудлуудаа хуваалцаасай. Одоогийн Монголд гэр бүлийн хүчирхийллийг хуулийн байгууллагаар шийдүүлэх гэхэд хохирогчийг буруутгах хандлага түгээмэл байдаг. “Үнэхээр ийм хүчирхийлэлд байсан юм бол яагаад удаан тэссэн юм. Тэнэг хүн шиг яагаад тийм муу хүнтэй байсан юм бэ” хэмээн хохирогчийг хүчирхийлж эхэлдэг. Тиймээс ил болгох хэрэгтэй. Ил гаргаж байгаа тулдаа л энэ сэдвээр та бид хоёр ярилцаад сууж байна.
-Тэвчээрт олон зүйлс нөлөөлдөг байх. Магадгүй ганцаараа амьдралаа яаж авч явах вэ дээ, хоёулаа байвал харьцангуй дээр. Эсхүл энэ хүртэл бүтээсэн, босгосон амьдралаа нураах хайран гэх зэрэг нь тэвчих шалтгаан болоод байх шиг.
-Яагаад тэвчээд байгаа дээр маш олон шалтгаан байж болно. Магадгүй тэр хүн багадаа аав, ээжийнхээ аль нэг нь байхгүйд өссөн байж учир гэр бүлээ бүтэн байлгахын тулд өөрийгөө золиослодог. Өөрийнхөө өвдсөн өвдөлтийг хүүхэддээ мэдрүүлэхгүй гэж тэр шүү дээ.
Мөн хүчирхийлэлд өртөж байгаа тал нөгөө талынхаа санхүүгийн эрхшээлд байдаг. Ингэснээр гараад явлаа гэхэд хонох газаргүй, мөнгөгүй амьдрах эрсдэл хүлээж байдаг. Үүнээс гадна ажилгүй, нийгмийн байр суурьгүй болчихсон байдгаас шалтгаалдаг.
Хүчирхийлэх зан чанар гаргадаг хүмүүс хүнийг өөртөө итгэх итгэлгүй болгодог. “Чи надгүй бол юу ч чадахгүй”, “Бүр хэн ч биш”, “Би чиний амьдралыг аварсан. Чамайг ямар арчаагүй амьтан байхад чинь өөд нь татлаа” гэдэг байдлаар ханддаг. Үүн дээр ойр төрлийн хамаатан садан, найз нөхөд байхгүй гэдгийг нь мэддэг байх нь илүү ихээр хүчирхийлэх нөхцөл болдог. Эсвэл гэр бүл, найз нөхөд, хамт олноос нь буюу хамгаалах системээс нь холдуулдаг. “Ээж чинь тэглээ, ингэлээ”, “Би тэр найзад чинь дургүй” эсвэл “Ажил хийж яах юм бэ” гэдэг байдлаар үүнийгээ илэрхийлж байдаг. Энэ нь зөвхөн өөрөөсөө л хамааралтай болгож, улмаар өөртөө итгэх итгэлгүй болгоод дараагийн шатанд улам илүү довтолж байдаг. “Хаашаа ч явсан бай байгаа газарт чинь очоод алчихна. Би ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж байнгын дарамтад байгаад ирэхээр үнэхээр л тийм юм шиг санагддаг. Яг ийм хүчирхийллийн дайралцаанд байгаа хүн сэтгэлзүйн хувьд хэвтэрт орчихсонтой адилхан.
Хүмүүс бодохдоо, ийм харилцааг таних боломжтой гэж боддог л доо. Гэтэл энэ бүхэн маш алгуур, зөөлнөөр эхлээд нэг л мэдэхэд буюу 3-4 жилийн дараа эргээд харахад хэдийн хүчирхийлэлтэй харилцааны золиос болчихсон байдаг.
-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь хүүхэдтэй болохоос өмнө бидний харилцаа өөр байсан, хүчирхийллийн шинж ажиглагдаагүй гэдэг.
-Хүчирхийлэгч эхний 2-3 жил ямар нэгэн хүчирхийлэл үйлдэхгүй байж болдог. Харин анхнаасаа хүчирхийлэгч хүн бол харилцаа эхлэхэд л маш хортой байдаг. Хүчирхийлэгчид, харилцаа эхлэх үед хаана ч байхгүй хайраар бөмбөгддөг. Хорвоогийн хамгийн сайхан хүн шиг аашилж, тухайн хүний хэзээ ч авч байгаагүй мэдрэмжүүдийг өгдөг. Улмаар маш богино хугацаанд шийдвэр гаргаад сууж, хүүхэдтэй болчихсон байдаг. Эхэн үедээ сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдэж, дараа нь бие махбодынх болж өөрчлөгддөг. Нэг удаа гар хүрнэ, хоёр болно. Нэг л мэдэхэд 20, 30 удаа чиний биед хүчирхийлэл үйлдчихсэн байдаг.
Аль хэдийн гэрлэсэн хойноо ч юм уу, гэмт хэргийн хохирогч болсон хойноо ярихаас илүүтэй болзож байх үедээ л тухайн хүнийг маш сайн анзаарч, таньж мэдэх хэрэгтэй. Энэ хүнд үнэхээр итгэж болох уу гэдгийг болзож байх үеэсээ л анзаарах хэрэгтэй байгаа юм. Хүн өөрийнхөө сул талыг төдийлөн ил гаргаад байдаггүй ч хосын харилцааны янз бүрийн үе шатанд зан чанар нь илэрч байдаг.
-Хүчирхийлэл даамжирч, яагаад энэ байдалд хүрэх болов гэх асуулт хөврөх үед хүчирхийлэгч өөрөө хохирогчийн дүрд тоглож, “Чиний буруу болохоор би ингэж байгаа юм” гэх хандлагыг гаргадаг…
-”Чи тэгээгүй бол би ингэхгүй байсан. Чи л сүртэйгээр хүлээж аваад, асуудал үүсгээд байна” гэж хохирогчийг бүгдэд буруутгадаг. Чи, чи, чи… гээд бүгдэд буруутгаад ирэхээр “нээрээ би л болохгүй байгаа юм байна” гэдэг мессеж үлдээдэг гэсэн үг.
Асуудалтай харилцаанд байхаар “салаач” гэнэ. Асуудлаасаа холдоод салахаар “яагаад салчхав аа, илүү их тэвчихгүй яасан юм. Амьдралаа аваад үлдэхгүй яасан юм. Асар том алдаа гаргачихлаа” гэдэг. Ямар ч байсан шүүмжилнэ.

-Салсан хүн л хорвоогийн хамгийн муу хүн болчихдог. Гэр бүлийнхэн хийгээд найз нөхөд, ойр дотнын хүмүүстээ ад шоо болж нэг хэсэг ганцаар алхаж харагддаг.
-Салсан бүх хүмүүс хамгийн түрүүнд салалтаас авсан өвдөлтөө эдгээх хэрэгтэй. Салах процесс орон зайн хувьд тусдаа болсноор бий болдоггүй. Сэтгэл зүйн салалт аль эрт явагдсан байдаг. Орон зайн хувьд салахаас өмнө олон удаа салж нийлсэн, тухайн хосын харилцаанаасаа олон шарх авсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тэр өвтгөлүүдээ эдгээж байж хосын харилцаанаасаа айх айдсаа багасгаж, дараагийн харилцаагаа үүсгэх, эсхүл сэтгэл амар амьдрах боломж бүрдэнэ. Тэгж чадахгүй бол алдаагаа дахин давтана. Өмнөх хүнтэйгээ адилхан хүнтэй суухыг үгүйсгэхгүй шүү дээ. Хоёр, гуравдах харилцаан дээрээ алдаж, өмнөх хүнээсээ ялгаагүй хүнтэй учрах үедээ “хосын харилцаанд одгүй юм байна” гэж бодоод болих. Мөн дахин салалт нэр хүндэд нөлөөлнө хэмээн хэцүү харилцаагаа тэсэж үлдэх гээд байдаг. Энэ нь эдгээгүй байгаа зүйлийн нөлөөлөл явагдаад байна гэсэн үг.
Мөн эргэн тойронд байгаа хүмүүсийн тусгалыг өөр дээрээ тусгаж авахгүй байх хэрэгтэй. Асуудалтай харилцаанд байхаар “салаач” гэнэ. Асуудлаасаа холдоод салахаар “яагаад салчхав аа, илүү их тэвчихгүй яасан юм. Амьдралаа аваад үлдэхгүй яасан юм. Асар том алдаа гаргачихлаа” гэдэг. Ямар ч байсан шүүмжилнэ. Үүн дээр хэлэхэд, хэн ч таны өмнөөс нэг ч хором амьдрахгүй, нэг өдрийн хоолыг чинь хариуцахгүй хүмүүс. Тиймээс тэр хүмүүсийн үгэнд автахгүйгээр, яагаад энэ харилцааг дуусгаснаа ухамсарлаж ахин өвдөхгүй байхад анхаарч, орон зай цаг хугацааг өөртөө өгөх хэрэгтэй. Өөртөө хамгаалалт хийгээд тэр хүмүүсийг өөрийн амьдралдаа оруулахгүй байх хэрэгтэй.
-Ярилцлагийн төгсгөлд нэгэн кейсийг дурдмаар байна. “Жем молл”-ын хэргийн талаар дуулсан байх. Нөхрийнхөө хүчирхийлэлд олон жил байж, салах шийдвэр гаргаад шүүхэд өргөдлөө өгчихсөн байсан цаг хугацаанд үйлдэгдсэн шүү дээ. Нэг үгээр хэлбэл, эвлэрүүлэн зуучлах хугацааг шүүхээс өгсөн тэр хугацаанд онц хэрцгийгээр нөхрийнхөө гарт амиа алдсан.
-Тухайн хохирогч эмэгтэй хүчирхийллийн улмаас салж байгаа гэж мэдүүлэг өгөөгүй байх. Үгүй бол хүчирхийллийн улмаас салж байгаагаа илэрхийлсэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах хугацааг олгохгүй байх хуулийн зохицуулалт бий.
Хүчирхийлэгчээс хэрхэн салах вэ гээд асуух юм бол, олон улсад ЗУГТ гэдэг. Хэрэв сэтгэлзүйн болоод бие махбодын хувьд хэн нэгэн чамд хүчирхийлэл үзүүлж байгаа бол тэр даруй таслан зогсоох хэрэгтэй.
-Салалтыг туулж байгаа хүнтэй ойр дотнын хүмүүс нь хэрхэн харилцах ёстой вэ?
-Хэцүү байгаа нөхцөл байдалд тухайн хүн юу хүсэж байгаагаа илэрхийлэх нь маш чухал. Хүн болгон салалтыг янз бүрээр туулдаг. Зарим нь илүү ганцаараа байхыг эрмэлздэг. Хэн нэгэн санаа тавих гэж бүрхүүл рүү нь нэвтрэхэд өвтгөлтэй байгаа сэдвийг нь дахин хөндөж, сэдрээгээд байдаг учраас. Тиймээс хамгийн сайн даван туулах арга бол сэтгэл зүйч дээр очих, очиход нь туслах хэрэгтэй.
Харин зарим нь илүү гадагшаа илэрхийлдэг. “Би ингэж хохирсон, ийм зүйлийг давж гарч ирсэн” хэмээн ялалтын байр сууринаас ханддаг. Энэ үед нь хүмүүс аймар хэцүү байсан юм байна хэмээн өрөвдөх гээд байдаг. Гэтэл аль хэдийн дуусгасан тухай яриад байна гэдэг ялалтын байр сууринаас асуудлаа харж байгаа гэсэн үг. Энэ үед нь “чи мундаг байна шүү” гээд дэмжих ёстой. Мөн нийгмийн байр сууриа ахин бэхжүүлэх, шинээр эхэлж байгаа зүйлс дээр нь туслах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувь хүн гэхээсээ эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт ханшийн өсөлттэй холбоотой хүн амын амьжиргааны доройтол асар хүчтэй нөлөөлж байгаам даа