Улс төрийн халуун сэдэв

Сонсгол далимдуулж, Орос тэргүүтэй 5 орноос 375 төрлийн хүнс, эм, барааг татваргүй импортлох хэлэлцээрийг баталлаа

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж, улмаар соёрхон батласан.

Өнгөрсөн жилийн өдийд буюу 2024 оны 12-р сарын 18-нд ОХУ-ын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Евроазийн Эдийн Засгийн Холбоо-той Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг МҮАХҮТ-д аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцэж, санал сонссон.

Энэ үед заалнаас дотоодын үйлдвэрлэгчид уг хэлэлцээг эрс шүүмжилж, уур амьсгал ч ширүүхэн байсан юм. Монгол руу хямд, чанаргүй хүнс барааны урсгал гаалийн тарифгүй орж ирнэ гэдэг манай улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн, түр хэлэлцээгээ хойшлуулах, цуцлахыг танхимын холбоодоос санал хүргүүлж, улмаар түр хэлэлцээрийг хойшлуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргаж байв.

Уг хэлэлцээрийн асуудлыг анх 2022 оны 9 дүгээр сард Монголын талаас экспортын гарц муу байна, сайжруулъя гэдэг шалтгаанаар ОХУ-тай зургаан сарын турш гурван бүлэг бараа бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй гаргах асуудлыг ярилцаж эхлүүлсэн.  Улмаар мах, махан бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолууран гэх зэрэг 375 нэр төрлийн барааг ОХУ-руу татваргүй гаргах гэрээ хэлцэл хийж байна хэмээн түр хэлэлцээг тайлбарлаж явсан. Тухайн үед ОХУ болон Украйны дайны асуудал эхлээд хэдийнэ хагас жил өнгөрсний дараа Европын холбооны хоригт орчихсон улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудал ярьсан нь Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинаа унагах том эрсдэл байсан тул нэршлийг нь өөрчилж олон нийтэд тайлбарлаад яваад байсан гэж харагддаг.

Ингээд түр хойшлуулсан хэлэлцээрийг Эдийн засаг, хөгжлийн сайд асан Л.Гантөмөр түлхэж, 5-р сард түр хэлэлцээний баримт бичгүүдэд гарын үсэг зурагдах гэж байгаа талаар мэдэгдсэн. Улмаар 2025 оны 6-р сард Беларусь улсын нийслэл Минск хотод Евроазийн эдийн засгийн IV чуулганаар одоогийн УИХ-ын дарга Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Учрал түр хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

ЕАЭЗХ-нд түр элсэх хугацаа 3 жил. Хэрвээ энэ хугацаанд асуудал үүсвэл тус холбооны шүүхээр шийдвэрлэх бөгөөд шүүхийн харьяалал нь ЕАЭЗХ-ны Комиссын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой, гишүүн бус оронд бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн эрх ашигт шууд хамааралтай бизнес болон эдийн засгийн бусад үйл ажиллагааны маргаан уг шүүхэд хамаарах юм.

Түр хэлэлцээрийг манай талаас хөөцөлдөж ажил хэрэг болгосон гэж ярьдаг ч хэлэлцээрийн мэдээлэл тархаж эхэлсэн үеэс Оросын талаас Монголтой даруйхан хэлэлцээгээ үзэглэнэ гэсэн ганхашгүй байр суурь бүхий мэдээллийг төрийн албан тушаалтнаараа хэлүүлж, маш их хүч хаясан.

Дотоодын үйлдвэрлэгч компаниуд заргалдаж явсаар өөрсдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлттэй тарифаар оруулж ирэхийг нь хасуулж чадсан ч ОХУ гэхэд л хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дээгүүрт ордог. Хяналт шалгалтын болоод стандарт, бодлогын асуудал энд дагалдаж орж ирэлгүй орхигдсон харагдаж байгаа.

Дан ганц хүнс, бараа бус Евроазийн улс орнуудаас импортоор эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг гаалийн татваргүй оруулж ирнэ. Энэ нь чанартай эм, эмийн бүтээгдэхүүнийг зах зээлээс шахах нөхцөл үүсэж ч болзошгүй юм.

Өнөөдөр Монгол Улс хоёр тоталитар дэглэмтэй улсын дундах ганц ардчилсан улс. Энэ 3.6 сая хүнтэй зах зээл рүү урт гараа сунгах ашиг сонирхол хэнд ч бий. Нэг улс давамгайлсан холбоотой чөлөөт худалдаа хийх нь үнэндээ "чөлөөт" байх боломжгүй. ОХУ-ын валютын нөөц шавхагдсан, дайны үеийн эдийн засагтай байгаа энэ үед нь бид ердөө л ханган нийлүүлэгч болохоос "харилцан ашигтай" гэдэг ойлголт энд харагдахгүй байна. Өөрөө явж гарын үсэг зурж баталгаажуулсан түр хэлэлцээрээ УИХ-ын дарга Н.Учрал, дэд дарга Б.Пүрэвдоржоор чуулганыг ахлуулан Оюу Толгойн асуудлаарх сонсголын дундуур шалавхан хэлэлцүүлэн батлуулсан юм.

Ц.ТАМИР

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бас л МСS-н лоббишдээ. Стан орнууд руу мах гаргах гээд л байгаа

Зочин
Зочин

Үнэхээр Оджаргалын боолууд эзнийхээ төлөө үнэнчээр зүтгэдэг юм байнаа. Primeat гэх махны брэндээ анхнаасаа л eвроази руу гаргана гэж байгуулснаа МСS ярьдаг байсан. Улс орны эрх ашиг бол Оджаргалын эрх ашгийн дараа юм байна

Холбоотой мэдээ

Back to top button