Гадаад мэдээДЭЛХИЙ

ХI сард БНХАУ-ын үйлдэрлэлийн гарц 15 сарын доод хэмжээнд хүрэв

Арваннэгдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрийн гарцын өсөлт сүүлийн 15 сарын хамгийн доод түвшинд хүрч саарчээ. Үүний зэрэгцээ жижиглэн худалдааны борлуулалт ковидийн бодлогыг цуцалснаас хойших хамгийн муу үзүүлэлттэй гарсан байна. Эдгээр тоо баримт БНХАУ-ын эдийн засагт шинэ хөдөлгөгч хүч яаралтай хэрэгтэй байгааг харууллаа.

Хятадын засгийн газар иргэдийн хэрэглээг дэмжих гэсэн мөнгөн тэтгэмж буурч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж, үйлдвэрлэлийн салбарт орж ирдэг хөрөнгө оруулалт буурсан зэрэг нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас Бээжингийн эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд экспортод найдаж ирсэн.

Гэвч БНХАУ-ын худалдааны тэнцэл 1 их наяд ам.долларын ашигт хүрсэн тул бусад улс орнууд импортын хориг тавихаар ажиллаж эхэллээ. Иймд эдийн засгаа экспорт дээр суурилж өсгөдөг стратеги цаашид үр дүнтэй үргэлжлэх магадлал улам буурав.

БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо мэдээлснээр үйлдвэрлэлийн гарц арваннэгдүгээр сард 4.8 хувиар өссөн байна. Энэ нь 2024 оны наймдугаар сараас хойш үзэгдсэн хамгийн сул үзүүлэлт юм. Шинжээчдийн үйлдвэрлэлийн гарц 5 хувь өснө гэж таамаглаж байжээ. Харин жижиглэн худалдаа ердөө 1.3 хувиар өссөн нь 2022 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт боллоо. Аравдугаар сард жижиглэн худалдаа 2.9 хувь өссөн юм. Шинжээчид жижиглэн худалдаа 2.8 хувиар өснө гэж таамаглаж байснаас  хамаагүй бага өсөлт үзүүлжээ.

Эдийн засагч Шү Тяньчэнь "Энэ жил экспорт сайн байсан тул дотоодын эрэлтийг дэмжих шаардлага бага байсан. Одоо бодлого боловсруулагчид 2026 он руу анхаарлаа хандуулж байна. Эдийн засгаа 5 хувиар өсгөнө гэсэн зорилт биелэх магадлалтай харагдаж байгаа тул хэрэглээг дэмжих мөнгөн тэтгэмж нэмж явуулах хүсэл бодлого боловсруулагчдад бараг байхгүй" гэжээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан тааруу мэдээлэл Хятад компаниудын хувьцааны ханш унахад хүргэсэн байна. Мөн тус улсын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч "China Vanke" компани өрийн асуудалд орсон нь үл хөдлөхийн салбарын хямралыг даамжруулав.  Барилгын компаниуд үнээ хямдруулсан ч байраа зарж чадахгүй байна. "Vanke" компани зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргасан ч татгалзсан хариу авсан юм.

Эдийн засагчдын үзэж байгаагаар нэмэлт мөнгөн тэтгэмж үзүүлэх замаар БНХАУ-ын эдийн засгийг үр дүнтэй засах боломжит цаг нь өнгөрчээ.  Олон улсын валютын сан Хятадын засгийн газарт хандаж, үл хөдлөх хөрөнгийн салбарт яаралтай арга хэмжээ авахыг уриалсан байна. БНХАУ-ын айл өрхүүдийн хөрөнгийн 70 орчим хувь нь үл хөдлөхийн салбарт байдаг юм.

Ийм учир үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг яаралтай шийдэх нь чухал ач холбогдолтой. Тус салбарт тулгараад буй асуудлыг шийдвэрлэхэд ДНБ-ий 5 хувьтай тэнцэх зардал гарна гэж ОУВС тооцоолжээ. Үл хөдлөх хөрөнгийн салбар өмнө нь Хятадын эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button