БНХАУ-ын үйлдвэрийн ашиг сүүлийн жилд үзэгдээгүй хэмжээгээр буурав
БНХАУ-ын үйлдвэрлэгч компаниудын ашиг арваннэгдүгээр сард сүүлийн нэг жилд үзэгдээгүй хэмжээгээр буурсан байна. Тус улсын экспорт сайн үзүүлэлттэй байгаа ч дотоодын хэрэглэгчид зардлаа танаж буй нь ийм үр дүнд хүргэв. Тодруулбал БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо (NBS) гаргасан тоо баримтаар бол арваннэгдүгээр сард үйлдвэрүүдийн ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.1 хувиар буурчээ.
Дэлхийн улс орнуудад дотоодын хэрэглээ нь ДНБ-ий томоохон хэсгийг бүрдүүлдэг. Гэвч хятадууд эдийн засагт нь үүсээд буй дефляц болон үл хөдлөхийн салбарын хямралаас болж аливаа зардлаа танаж байгаа юм.
Арваннэгдүгээр сар хүртэл БНХАУ-ын үйлдвэрийн ашиг өмнөх оны мөн үеэс 0.1%-иар өссөн байна. Нэгээс аравдугаар сарын хооронд энэ үзүүлэлт 1.9 хувийн өсөлттэй байсан юм. Арваннэгдүгээр сарын уналтад нүүрс олборлолт болон угаалгын салбарын ашиг 47.3 хувиар буурсан нь голчлон нөлөөлжээ.
“Economist Intelligence Unit"-ийн ахлах эдийн засагч Шу Тяньчэн “Ашиг орлогын үзүүлэлтүүд дөрөвдүгээр улиралд эдийн засгийн идэвхжил ерөнхийдөө удааширсантай нийцэж байна. Энэ удаашралын гол шалтгаан нь дотоодын эрэлт сул байгаа явдал” гэж хэлжээ.
БНХАУ-ын компаниуд худалдан авагчдыг татахын тулд барааныхаа үнийг бууруулах ширүүн өрсөлдөөнд орсон байгаа. Энэхүү үнэ бууруулах дайны үйл явцтай тэмцэж байгаа тул үйлдвэрүүдийн ашиг сайжирна гэж Шу хэлжээ. Мөн компаниуд гадаад дахь худалдан авагчдаас орлого боломжтой ч энэ нь дэлхийн бусад өрсөлдөгч фирмүүдийн орлогод сөргөөр нөлөөлнө.
Дөрөвдүгээр улиралд БНХАУ-ын эдийн засгийн эрч саарсан ч эрх баригчид өсөлтийг дэмжих шинэ бодлого хараахан хэрэгжүүлээгүй байна. Хятадыг ажигладаг шинжээчдийн үзэж буйгаар Бээжин энэ онд эндийн засгаа 5 орчим хувь өсгөнө гэсэн зорилготой хүрэх боломжтой . Ийм учир бодлого боловсруулагчид нэмэлт арга хэмжээ авахгүй байгаа аж.АНУ-БНХАУ-ын худалдааны дайн тодорхой хэмжээнд намжсан нь мөн дэм болжээ.
Гэсэн хэдий ч ирэх онд дотоодын эрэлт болон эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай гэж зэх зээл дүгнэж байна.
Энэ сарын эхээр болсон бодлого тодорхойлох хурлаар эрх баригчид ирэх онд хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд идэвхтэй бодлого явуулахаа мэдэгдсэн юм. Мөн БНХАУ-ын засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн хэрэглээг дэмжих, уналтад ороод буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулна гэсэн амлалт өгчээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар гоё вэ.