Eguur News 2025 | Бид хэвлэлийн үүргээрээ юуг хөндөж, ямар нөлөөлөл үзүүлэв
Уншигч танд Eguur News агентлаг 2025 онд Улс төр, эдийн засаг, Нийгэм соёл, эрэн сурвалжлах албаны сэтгүүлчдийн бэлдсэн 13604 мэдээ, нийтлэл, ярилцлага сурвалжилгыг бэлтгэн хүргэжээ.
Редакцийн бодлогоор улс төрийн цаг үеийн үйл явдлууд болоод түүний ард өрнөх далд нюансуудын учир холбогдлыг сэтгүүлч эрүүл, бодит гаргалгаагаар тайлбарлан, анализ хийж өөрсдийн нийтлэлээр уншигчдадаа хүргэснээр олон нийтийн улс төр, нийгмийн оролцоо, шийдвэр гаргалтад чухал үр нөлөөтэй байдаг билээ.
Энэ хүрээнд, Eguur News агентлагаас Улс төр, эдийн засгийн албаны Редактор П.Урнаагийн Япон-Монголын менежментийн гэрээгээр Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хариуцдаг “НУБИЭ” ХХК-д хууль зөрчигдсөн олон асуудал үүссэнийг сэтгүүлчийн хурц нүдээр харж, уг асуудлыг олон нийтэд илчлэхийн тулд тал бүрийн эх сурвалжуудаар баталгаажуулсны үндсэн дээр дараах нийтлэлүүдийг хөндөн бичсэн юм.
Ингэхдээ нэр бүхий дарга нар ажлын байрандаа архидаж, хуучин автобусыг өндөр үнээр шахахыг завдсан асуудлыг олон нийтэд ил гаргаж ирсэн билээ. П.Урнаагийн бичсэн цуврал нийтлэлийн үр дүнд дээрх ёс зүйн алдаа гаргасан таван даргыг ажлаас нь чөлөөлсөн юм.
- #1: Онцгой объектод архиддаг онцгүй ёс зүйтэй НУБИЭ ХХК-ийн дарга нар
- #2: ₮70 саяын хуучин автобусыг ₮700 саяар НУБИЭ ХХК-нд шахах оролдлого нь бүтэлгүйтсэн Б.Оргил ажлаа өгч, Ц.Цэвээндаш цэвэрхэн үлджээ
Манай нийтлэлийн мөрөөр: Ажлын байрандаа архидаж, өндөр үнээр хуучин автобус шахах гэсэн дарга нар халагджээ
Мөн тус байгууллагын талаарх “НУБИЭ ХХК-ийг 4 жил ₮10 гаруй тэрбумаар цэвэрлэсэн ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охины хамааралтай компани дахин “монопольдох уу” нийтлэлийг нэмж хөндсөн.
Стратегийн орд эзэмшигч буюу баялаг ашиглагчид 34-51 хувиа өгөх асуудал одоо ч чухал хэвээр. Эл сэдэв ид хөндөгдөх үеэр иргэдийн мэдэх эрхээс далдуур өрнөж буй улс төрийн тохироо, “Хөшигний ард” өрнөж буй үйл явдлыг хөндөж, УИХ-ын гишүүний хамаарал бүхий “Нарийнсухайт” дээр үүсээд буй асуудлуудыг дата мэдээллүүдээр баяжуулан хөндөж бичсэн нь хэвлэл мэдээллийн салбарт энэ төрлийн агуулгын санг улам нэмэгдүүлж, олон нийт тал талаас нь унших, асуудлын цаадахыг олж харах боломжийг сэтгүүлчийн хөдөлмөрөөр олж мэдэх боломжтой болж буй юм.
- Хөшигний ард: "Цагаан суварга"-аа стратегийн ордоос хасуулсан Н.Номтойбаяр энэ удаа "Нарийнсухайт"-аа баялгийн сангаас зугтаалгана
- VI сард "Ордоо өгөхгүй" гэж албан бичиг бичсэн Н.Цэлмүүн IX сард "Хэлэлцээр хийхэд бэлэн" хэмээн өөрчлөгджээ
- “39 орд: Х.Баттулгын дараа Ч.Хүрэлбаатар, Ш.Бямбасүрэн нар нэр цохогдож, баялаг ашиглагч "баячууд" төртэй тохиролцоно”
ОХУ-ын “Роснефть” компани 20 жил манайд онгоцны шатахуун цэнэглэх нөхцлөөр хэлэлцээ хийх тухай нийгэмд маргаан дагуулсан асуудлыг мөн л дан ганц цаг үеийн үйл явдал төдийгөөр мэдээлээд өнгөрөлгүй, сэтгүүлчийн эрэлч зангаар хөндөж дараах хоёр цуврал материалыг бэлтгэн хүргэсэн юм.
- Агаарын түлшний цорын ганц крант Роснефть, гэхдээ манай нефтийн үйлдвэр нээгдвэл 2045 он хүртэлх ₮3.3 их наядын борлуулалтаа яах вэ
- Г.Ёндонг УУХҮ-ийн сайд байхад “Роснефть Аэро” гэх охин компаниа оруулах санал тавьж, хууль өөрчлүүлж байжээ
Төв талбайд зохион байгуулсан хоолны фестивальд хилийн цэргийн тогооч нарыг сургалтад суулгах нэрийдлээр хуурч авчран ажиллуулсан үйл явдал тодорхой хүрээнд дарагдаад өнгөрөх байсныг цааш лавшруулж, олон талын эх сурвалжуудаар баталгаажуулан уншигчдад ил болгосон юм.
Улс төрийн эргэн тойронд болж буй цаг үеийн үйл явдлууд болоод улс төрийн өндөр албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийн ард ямар нөхцөл үүсэж байдаг, мөн олон нийтэд мэдэгдэлгүй өнгөрсөн агуулгуудын цаана ямар хор хохирол хүлээж байгаа зэрэгт редакцийн бодлогоор анхаарч хүргэсээр ирсэн.
- Ах, дүү аваргууд "Эрдэнэт үйлдвэр"-ийн ₮42 тэрбумыг, "Чингис хаан" банк ЭМДС, НДС-гийн ₮124 тэрбумыг залгиад мартагдлаа
- ТАЗ дүлий юм шиг сууж, МАН, АН ЗГ-ын 11 агентлагт сонгон шалгаруулалтгүй үүрэг гүйцэтгэгч томилжээ
- Иргэдийн мөнгийг хүүлдэг ББСБ-тай долоон гишүүнтэй парламентаар зээлийн хүү бууруулах хууль батлагдах уу
- Арилжааны банкууд ББСБ-д зээл олгохоо больсон тул Д.Сүндий "Чингис хаан" банкийг авахаар санаархаж эхэлжээ зэргийг бичсэн билээ.
Мөн 12-р сард Хөшигний ард: Б.Лхагвасүрэн 50 мянгатын дэвсгэрт хууль бусаар хэвлээд дотоод аудитаараа акт тогтоолгосноо нууцалсан уу нэртэй нийтлэлээр төв банкны ерөнхийлөгчтэй холбоотой ноцтой асуудлыг хөндөн бичсэн юм.
Нийгэм, соёл, эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Д.Мөнхбат нь энэ онд өөрийн цуврал сурвалжилга, нийтлэл, ярицлагыг хөндөн гаргасан нь нийгэмд сахрын нэгдүгээр хэв шинжийн талаарх зөв ойлголтыг хүргэж чадсан билээ.
- Сурвалжилга: Б.Маргад өдөрт 10, сард 300 удаа өндгөө хатгуулдаг, түүнтэй ижил зовлонтой 260 хүүхэд байна
- Г.Ганзориг: Уушгины рентген авахдаа цамцны товчийг цусархаг толботой андуурч, сахрыг сүрьеэ гэж оношилсон
- Хөндөх сэдэв: Тасралтгүй 24 цаг, минут, секунд бүр үхэлтэй тэмцдэг 260 хүүхдийн цаана
Нийгмийн хүлээлт болсон цаг үеийн ховор зочныг эрэн олж, дараах ярилцлагыг авсан нь тухайн үйл явдалтай холбоотой олон асуултад хариулт болж чадсан юм.
Ганц бие өндөр настнуудын өмнө тулгарч буй хүнд сорилт, бэрхшээл, ядууралд өртөж буй шалтгаан нөхцлийг олон нийтэд хүргэсэн нь холбогдох албаныхны анхааралд орж, сурвалжилгын зочин 90 настай эмээгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн билээ.
- Сурвалжилга: 90 настай эмээгийн 2 хүү нас барж, асрамжийн газар очих хүртэл хорооны иргэн гэртээ асарч байна
- Сурвалжилга: Уулын оройд, дан гэрт амьдардаг 87 настай З.Чулуун цахилгаан халаагуураар өвлийг давна
- Сурвалжилга: “Шуудайнд талхны үйрмэг, памперс, уранхай мишок хийж үлдээгээд, 82-той аавыгаа гадаа хаясан байсан”
Монголд өдөр тутамд хэн нэгэн хүнд өвчний онош сонсож, амьд үлдэх эцсийн сонголт нь гадагшаа эмчилгээнд явахаас аргагүйдсэн цаг үед энэ зовлонтой нүүр тулсан хүмүүс, тэдний ар гэр юуг даван туулж байгааг сэтгүүлч өөрийн эмзэглэлээр хөндөж, дараах сурвалжилгуудыг бэлтгэсэн бөгөөд үүний үр дүнд тодорхой хандивууд цугларч, нийгэмд нөлөөлөл үзүүлж чадсан юм.
- Нөхөртөө элгээ өгөх гэж буй Б.Золжаргал: Ханийгаа "үхсэн ч гомдолгүй" гэж 7 удаа гарын үсэг зурсан, ахиж тийм мэдрэмж авмааргүй байна
- Ярьж, алхаж, юм идэж чадахгүй байгаа 15 настай охины ээж: Энэ бүхэн зүүд байгаасай
Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг долоон ам бүлтэй айлын хоёр гэр галд автаж, улмаар тэд гудманд өмссөн хувцастайгаа үлдсэн. Энэ нөхцөл байдлыг сэтгүүлч олж анзаарч, олон нийтэд хүргэсэн бөгөөд үүний дараа сэтгүүлч Д.Мөнхбатын сурвалжилгын дараа тус айлд хороо дүүрэг, олон нийтийн сайхан сэтгэлийн тусламжаар дахин хоёр шинэ гэртэй болж чадсан юм.
Нийгэм, соёл, эрэн сурвалжлах албаны сэтгүүлч О.Ононгийн бэлтгэсэн сурвалжилга, ярилцлага дотроос дараах агуулгууд нь араас нийгэмд үүсгэсэн нөлөөлөл өндөр бөгөөд хандиваар нийтдээ 120 гаруй сая төгрөгийг цуглуулж, сурвалжилгын зочдоо тодорхой түвшинд олон нийтэд таниулснаар тэдний нийгмийн харилцаанд эерэг өөрчлөлт гарсан юм. Мөн олон нийтийн дундах буруу ойлголтыг мэргэжлийн судалгаа, олон талт эх сурвалжуудаар эерүүлэн зөв ойлголт өгөхөд хувь нэмрээ оруулсан билээ.
- “Сурвалжилга: 920 хүүхдийн багтаамжтай сургуульд 4300 хүүхэд элсэж, нэг ширээнд гурвуулaa сууж байна” бүтээлийн дараа тус ангид сурагчдыг гурваар нь суулгах шийдвэрийг өөрчлөн шийдсэн байна.
- “Сурвалжилга: Үндсэн сургуульдаа багтаагүй I ангийн 360 хүүхэд мөөгөнцөртэй цэцэрлэгт суралцаж байна” материалын дараа дээрх 154-р сургуулийн нэгдүгээр ангийн 10 бүлгийг буцаан сургууль дээр нь хичээллүүлэхээр болсон юм.
- Манай сурвалжилгын мөрөөр: Мөөгөнцөртэй цэцэрлэгт суралцаж байсан I ангийн 360 хүүхэд төв сургууль руугаа шилжлээ
- “Хөндөх сэдэв: Гэр бүлийнхэн нь сонсож, ярилцаагүйгээс өсвөр насныхан гэмт хэргийн оролцогч болж байна” зэрэг нийгмийн чухал асуудлыг хөндөж, дата болон олон талт, мэргэжлийн эх сурвалжуудаар баяжуулан олон нийтэд хүргэжээ.
Түүнлэн Eguur News агентлаг редакцийн бодлогоор 2025 оны 1-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрхийг хангахад ухралт хийж, хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан нь хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал хэмээн үзэж уг шийдвэрийг эсэргүүцсэн билээ.
Ингэхдээ бид хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж, өөрсдийн бичвэр, нийтлэл, сурвалжилга, ярилцлагаар дуу хоолойгоо нэгтгэн сайтынхаа нэг өдрийн бүх гол бичвэрүүдийг хаврын морин уралдаантай холбоотой хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж бэлтгэсэн юм.
- Улстөрчидтэй хамааралтай бизнесийнхнээр дүүрсэн уяачдын холбоо, адуутай сайд нарт хүүхдийн амь үнэгүй байх шалтгаан
- Б.Давааням: 2013 оны зургуудын дараа "Дүнжингарав"-ыг өнжиж, замын цасыг цэвэрлэдэг болсон. Баримтат гэрэл зургийн хүч тэр
- Хаврын морин уралдааныг зохиох үгүйг шийдэх засаг дарга нар “адуутай, уяач ах дүүтэй"
- Морины хүүхэд хамгаалалтын хувцасгүй унаж эндэхэд, эзнийг нь тэнссэн хоёр хэрэг
- UNICEF-ийн судалгааны дүгнэлт: Монголын хаврын морин уралдааны БОДИТ ҮНЭН
- Дэлхийн улс орнууд морин уралдаанд ямар зохицуулалт тавьдаг вэ
- Инфографик: Сүүлийн есөн жилд мориноос унаснаар 17 хүүхэд эндэж, 5.6 мянган хүүхэд бэртлээ
- Унаач хүүхдийн сарын цалин 800 мянга, хурдан морины сарын зардал хоёр сая төгрөг
Бидний гаргасан агуулгууд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хаврын морин уралдааныг эсэргүүцсэн сэтгүүл зүйн бүтээлүүд олон нийтэд хүрч эхэлсний дараа 2-р сарын 4-ний өдөр Хаврын морин уралдааныг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлуулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Мөн зарим аймагт хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан бөгөөд 2-р сарын 5-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаврын морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан билээ.
Мөн Eguur News агентлаг нь жил бүрийн 5 дугаар сарын 3-ны дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулан тухайн жилийнхээ оны эхэн үеэс авхуулан сэдвийн боловсруулалт хийн, бэлтгэж дотоодын хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлыг олон талаас нь хөндөн нийтлэдэг билээ.
2025 оны 5-р сарын 3-ны өдөрт Eguur News агентлаг “Төрийн хэвлэлийн алба үүргийн дагуу ажиллаж байна уу. Тэдний хөгжлийн чиг хандлага юу вэ” сэдвийн хүрээнд төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нь ямар үүрэгтэй, чөлөөт хэвлэлийн сэтгүүлчээс юугаараа ялгаатай зэрэг зааг ялгааг мэргэжлийн хүрээнд тодорхойлохыг хичээж, өнөөдөр Монголд ямар статус, үүрэг оролцоотой байгаа зэргийг тал бүрээс нь даацтайгаар нягтлан, эрхлэгч Ж.Мядагбадам, ерөнхий редактор Ц.Тамир, сэтгүүлч П.Урнаа, Д.Мөнхбат, М.Тэнгис, Б.Буяндорж, О.Онон, гэрэл зураг, медиа албанаас Б.Эрдэнэбаяр, О.Улсболд, Г.Золбоо зэрэг редакцын өргөн бүрэлдэхүүнээр ажилласан билээ.
Ингэхдээ сэтгүүл зүйн уламжлалт бичиглэлийн хэв маяг болох нийтлэл, орчуулга, ярилцлага, тодруулга, судалгаа, дата анализ орчин үеийн медиа хэлбэрээр инфографик, видео хийцлэл зэрэг төрлүүдийг хослуулан салбарын сэтгүүлчид, хэвлэлийн төлөөлөгч нарыг оролцуулан бэлтгэж нийтлүүлсэн юм.
Бидний бэлдсэн энэхүү сэтгүүл зүйн дата бүтээл нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын цаашдын судалгаа, шинжилгээнд тодорхой хувь нэмрийг оруулахаас гадна сэтгүүл зүйн онол, практикийн хичээлд жишээлэн ашиглах боломжтой билээ.
2025 оны 12-р сарын 05-ны өдөр Eguur News агентлагын эрхлэгч Ж.Мядагдбадамын продюсерлэн, сэтгүүлч, нийтлэлч М.Тэнгис зохиолчоор, зураглаач О.Улсболд гэрэл зурагчнаар ажиллан бүтэн жил гаруйн хугацаанд дөрвөн улирал дамнан зураг авалт хийсэн "ИХ ГОВИЙН МАНААЧ" баримтат киног үзэгчдийн хүртээл болгов. Энэхүү уран бүтээлээр алтайн өвөр говьд цөөн тоогоор мэнд үлдсэн, үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайн сэдвийг хөндөн хүргэсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө сэтгүүл зүйн салбарт өөрсдийн бүтээлээр дата сан үүсгээд зогсохгүй, тухайн цаг үедээ салбарынхаа онцлог байдлыг гэрчлэн үлдээдэг. Иймд Eguur News агентлаг энэ үүргээ тогтмол санаж, өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаанаас гадна томоохон дата агуулгыг олон талт хосолмол байдлаар, бэлтгэхийг зорьсоор иржээ.
2026 онд илүү нягт нямбай, хэрсүү сэтгүүл зүйн агуулгуудаар уулзацгаая












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud