НИЙГЭМНийгэм ярилцлага

Балид 15 жил таксинд явж буй Inux: Хаустай болох мөрөөдөлтэй, хэзээ биелэхийг нь мэдэхгүй байна

Inux одоогоос 15 жилийн өмнө буюу 2011 онд Индонез улсын Жава арлаас Бали аралд ажил хийхээр иржээ. Өдгөө 37 настай тэр Бали аралд ирсэн жуулчдад такси үйлчилгээ үзүүлдэг. Түүний гэр бүл болох эхнэр гурван хүүхэд нь Жава аралд амьдардаг. Inux гэр бүлийн мөрөөдөл болох хаус авах мөнгө цуглуулахаар энд сарын 900,000RP буюу төгрөгт шилжүүлбэл ₮191 мянгаар өрөө түрээслэн амьдардаг.

Энд гурван долоо хоног ажиллаад гэр бүлтэйгээ нэг долоо хоногийг өнгөрүүлж амардаг байна. Ажиллах хугацаандаа RP10-15 сая буюу төгрөгөөр 2-3 саяыг олдог бөгөөд машины зээл болон бусад зээлээ төлснөөр түүнд 6RP сая буюу төгрөгөөр 1.3 сая орчим үлддэг. Үүнээс ₮950 мянга орчмыг нь гэр бүлдээ өгч үлдсэн ₮300 мянгаар 21 хоног амьдрах шаардлага үүсдэг аж. Мөрөөдлийнхөө төлөө гэр бүлээсээ хол ажиллаж буй түүнтэй ярилцлаа.

-Өглөө бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, гэр бүлтэйгээ хамт амьдрахыг хүсдэг-

-Яагаад Бали арлыг зорьж ажиллах болов. Гэр бүлээсээ хол ажиллах мэдээж амар биш байх?

-Өглөө бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, гэр бүлтэйгээ хамт амьдрахыг хүсэж байна. Харамсалтай нь Жава хотод цалин хөлс муу, ажил олоход бэрх. Тиймээс 2011 онд энд ирсэн. Бали аралд такси үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдүүдээ их санадаг болохоор 21 хоног ажиллаад, долоо хоног гэртээ очиж гэр бүлтэйгээ амардаг. Манай гэр бүл эндээс 400 км орчим зайтай Жава аралд амьдардаг.

-Гэр бүлээсээ хол энд ажиллаад сард хэр хэмжээний орлого олдог вэ. Такси үйлчилгээ учир тогтмол биш байх?

-Такси учраас тогтмол биш сард дунджаар RP10-15 саяыг олдог /₮2-3 сая/. Олсон мөнгөнөөсөө машины зээл болон бусад зээлээ төлөөд RP6 сая /₮1.2/ сая орчим үлддэг. Үлдсэн мөнгөнөөсөө RP4 сая орчмыг нь гэр бүлдээ явуулна. Үүнээс үлдсэн RP2 сая /₮500 мянга/ энд байх 21 хоногт зарцуулна. Нэг өрөө түрээсэлж амьдардаг учраас хөлсөнд нь RP600 мянга /₮127 мянга/ төлнө.

-Энд ирээд 15 жил ажилласан гэхээр их хугацааг өнгөрөөсөн байна. Өдөр бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, үргэлж хамт байхыг хүсдэг нь лавтай. Эндээс явж гэртээ очиж ажиллах төлөвлөгөө бий юу?

-Би хоёр охин нэг хүүтэй. Дундах нь хүү, тэднийгээ өдөр болгон сургуульд нь хүргэхийг үргэлж хүссээр ирсэн. Манай гэр бүл өөрийн гэсэн Хаустай болох мөрөөдөлтэй юм. Түүндээ хүрчихвэл гэр бүлээрээ очно. Гэхдээ одоогоор мөрөөдөлдөө хүрэх эсэхээ мэдэхгүй байна. Орлогоосоо тогтмол хадгалдаг хэдий ч хаус худалдаж авах хэмжээний мөнгө хурааж чадахгүй л явна. Тиймээс хэзээ гэртээ очиж ажиллахаа хэлж мэдэхгүй юм.

-Гурван хүүхдээ ямар мэргэжилтэй болоосой гэж боддог вэ, эцэг хүний хувьд?

-Том охин маань одоо 11 настай. Түүнийгээ их сургуульд сургаж бизнесийн ямар нэгэн мэргэжилтэй болгоно гэж боддог. Дундах хүүгээ армид өгч цэргийн хүн болгоно. Бага охин маань одоо гурван настай учраас мэргэжлийг нь би хэлж чадахгүй.

-Анх удаа Монгол хүнтэй уулзлаа, найрсаг гайхалтай хүмүүс байна-

-Энд ажиллах 15 жилийн хугацаанд тохиолдсон хэцүү зүйл юу байсан бэ?

-Ковидын үеэр Балид амьдрал үнэхээр хүнд байсан. Учир нь Бали арал жуулчид их ирдэг түүнээсээ эдийн засаг ихээхэн хамаардаг. Ковидын үед аялал жуулчлал бүрэн хаагдсан учраас бүгд ажилгүй болсон хэрэг. Тухайн үед надад ажил олж гэр бүлээ тэжээхэд маш хүнд бэрх байсан. Тиймээс Бали арлыг орхиж нийслэл хот болох Жакартаг зорьж хүнд үеийг давсан. Одоогоор бол хүүхдүүдээ санах л хэцүү байна даа.

-Таны машинд ихэвчлэн жуулчид суудаг юм байна. Хамгийн сонирхолтой нь ямар улсын хүн сууж байсан бэ?

-15 жилийн турш жуулчдад үйлчилсэн. Энэ хугацаанд үйлчлүүлсэн хамгийн сайхан сэтгэгдэл түрүүлсэн аялагчид гэвэл Иран улсын хоёр хос байсан. Надад найрсаг хандаж хамт хооллож, дэлгүүр хэссэн. Бид гэр бүл шиг л дотно найзууд болсон.

-Өмнө биднээс өөр Монгол хүнтэй уулзаж байсан уу. Та Монголын тухай мэдэх үү?

-Үгүй. Анх удаа Монгол хүнтэй уулзаж байна. Үнэхээр найрсаг, гайхалтай хүмүүс байдаг гэдгийг мэдэж авлаа. Та бүхний тухай үргэлж эерэг сэтгэгдэлтэй явах болно. Монгол Улсын тухайд гэвэл Орос болон Хятад улстай адил зан заншил, соёлтой санагддаг. Амьдралын хэв маяг, царай төрх нь ч тэр адил байж магад. Дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна.

-Гэр бүлээрээ ч юм уу аялахыг хүсдэг улс байгаа юу?

-Бид Муслим шашинтай учраас Араб улс руу аялахыг мөрөөддөг. Магадгүй хэзээ нэгэн цагт аялах байх гэж найдаж байгаа. Удахгүй хаус худалдан авах мөнгөө цуглуулж дуусаад гэр бүлтэйгээ үргэлж хамт байна гэдэгт итгэж байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button