ХААНЫ ГЭР БҮЛ ЦУВРАЛ 6: Хэргэм зэргээсээ татгалзсан гүнж

Японы эзэн хааны гэр бүлийн гишүүний хэргэм зэргээсээ хамгийн сүүлд буюу 2021 онд татгалзсан хүн бол угсаа залгамжлах хунтайж Фүмихито (одоогийн эзэн хаан Нарухитогийн төрсөн дүү)-ийн том охин Мако гүнж юм. Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасанчлан хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд хэрэв язгууртан гаралтай хүнтэй гэр бүл болохгүй бол хэргэм зэргээсээ татгалзах ёстой болдог. Харин эрэгтэй гишүүд жирийн иргэнтэй гэр бүл болж болдог учиртай.
Эзэн хааны гэр бүлийн агентлагаас өмнө гаргасан "Хааны гэр бүлийн ургийн мод"-ны уг зурагт Мако гүнж байх бол одоогийн зурагт Мако гүнжийг хассан байдаг бөгөөд нэгэнт хэргэм зэргээсээ татгалзсан бол тэрбээр ийнхүү огт байгаагүй мэт арилдаг бөгөөд түүнээс төрсөн хүүхдүүд ч энэ гэр бүлтэй огт хамааралгүй болох юм.
Эзэн хааны гэр бүл, ордоны амьдралын талаарх цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт уншигч танд Мако гүнжийн амьдрал болоод хэрхэн хэргэм зэргээсээ татгалзах болсон, өдгөө хаана хэрхэн амьдарч буй талаар өгүүлэхээр бэлдээд байна.
ТӨГС ГЭХ ТОДОРХОЙЛОЛТОД ОЙР ГҮНЖ
Мако гүнж 1991 оны аравдугаар сарын 23-ны өдөр төрсөн, өдгөө 34 настай. Эзэн хааны гэр бүлийн гишүүн бүр хувийн бэлгэ тэмдэгтэй байдагчлан Мако гүнжийн хувийн бэлгэ тэмдэг бол бэнксийн сарнай байв.
Бага нас ордоны бусад багачуудын адил хязгаарлагдмал орчинд, дэлгүүр хэсэх, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг энгийн хүүхдүүдийн хийдэг зүйлсийг эрх чөлөөтэй хийж чаддагүй байсан тухайгаа тэрбээр дурсан ярьсан байдаг. Өсвөр насанд хүрсэн хойноо ч хэрэв гадуур гарч зугаалах бол заавал хамгаалагчтай, хэн нэгэн хойноос нь харж хандаж, дагаж явдаг байсан учраас өөрийнхөөрөө байх боломжгүй байсан гэдэг.

1998 онд Мако гүнж язгууртнуудын суралцдаг Гакшуиний бага сургуульд уламжлалын дагуу элсэн орж тэндээ дунд болон ахлах сургуулийн боловсролоо бүрэн эзэмшиж төгссөн байдаг.
Цовоо цолгиун Мако гүнжийг 10 нас хүрэхтэй зэрэгцэн аав Фүмихито нь гадаад улс дахь айлчлалууддаа хамт авч явахын зэрэгцээ, зангиагүй уулзалтууд, музей, урлаг соёлын төвүүдэд зочлохдоо зайлшгүй дэргэдээ байлгана. Ингэж явахдаа хааны угсааны гүнж нар хэрхэн биеэ авч явах ёстой, хүмүүстэй хэрхэн харилцах ёстой зэрэгт суралцахын зэрэгцээ бага наснаасаа эхлэн англи хэлийг гүнзгийрүүлэн суралцсан учраас нас биед хүрүүт шууд л хааны гэр бүлийг төлөөлөн гадаадын томоохон томилолтуудад бие даан явах болсон байдаг. Ингэж явах тоолондоо тэрбээр өөрийн гадаад дүр төрх болон нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, хувцаслалт, харц, үгийн сонголт, яриаг хөгжөөх чадвар гээд бүх зүйлээ эрхэм дээд байдлаар бүрдүүлж чадаж байсан тул олон нийт түүнийг төгс гэх тодорхойлолтод тун ойр гүнж хэмээн тодорхойлдог байсан гэлцдэг.

Түүнчлэн, Мако гүнж очсон газар орныхоо томоохон албан тушаалтнуудтай шууд англиар ярьж ойлголцох, англиар илтгэл тавих чадвар зэрэг нь түүнийг улам нэр хүндтэй болгож байв. Одоогийн эзэн хааны ганц охин Аико ч мөн энэ тал дээр адилхан үнэлэгддэг гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

ӨВ СОЁЛОО ГЭСЭН СЭТГЭЛ НЬ БОЛОВСРОЛ РУУ ХӨТӨЛСӨН НЬ
Язгууртнуудын суралцдаг Гакушуиний ахлах сургуулиа төгсөөд түүнийг үргэлжлүүлэн Гакушуин их сургуульд суралцаж, хааны гэр бүлийн уламжлалаа дагана гэдэгт бүгд бат итгэлтэй байлаа. Гэвч Мако гүнж тэс өөр сонголт хийв. Олон улсын Христийн их сургууль буюу Япон улсын ICU-д суралцахаар сонгосон нь бас л хааны гэр бүлийн удам дундаа анхных нь болж орхив.
Энэ сонирхолтой шийдвэрээс нь эхлээд хааны гэр бүл болоод ордоны амьдралыг сонирхон судлаачид “Мако гүнж жаахан өөрийнхөөрөө хүн юм байна. Өөрөө өөрийнхөө толгойг мэддэг, эрх чөлөөтэй, өөрийнхөө юу хүсэж буйг мэддэг бөгөөд түүнийхээ төлөө зоригтой үйлдэл хийдэг эмэгтэй” хэмээн тодорхойлж, нөгөөтэйгүүр түүний ирээдүйн талаарх нэг дохио болсон гэж үздэг.
Мако гүнж өсвөр наснаасаа эхлээд АНУ болон Астрали улсууд руу богино хугацааны хөтөлбөрүүдэд суралцахаар явж байсан учраас оюун санааны хувьд ч чамгүй нээлттэй, гаднах ертөнцтэй харилцаатай хүн болж хүмүүжиж байсан нь үүгээр харагддаг.

Тэрбээр Олон улсын Христийн их сургуульд 2010 онд Урлагийн түүхийн мэргэжлээр элсэн ороод 2014 онд төгссөн. Урлаг соёлын өвөөр судалгаа хийж, бакалаврын зэргээ хамгаалсан уг сургууль нь өөрөө Японы либерал урсгалыг баримтлагч гэдгээрээ алдартай байсан нь мөн л түүний чөлөөт сэтгэлгээнийх нь нэгээхэн хэсгийг бүрдүүлсэн болов уу гэж дүгнэхэд хүргэдэг. Мако гүнж энэ сургуульд суралцаж байхдаа одоогийн нөхөр Кэй Комуратай танилцаж байсан гэдэг.
2010-2014 оны хооронд тус сургуульд суралцаж байхдаа мөн Их Британи улсын Эдэнбургийн их сургуульд “Урлаг, архитектор, Европын соёлын өв”-ийн чиглэлээр судалгаа хийхээр нэг жилийн хөтөлбөрт хамарагдаж байсан удаатай. Ингэж явахдаа соёлын өв, музейн чиглэлд илүүтэй сонирхолтой болчхоод ирсэн тухай хожим багш нар нь дурсан ярьжээ.
2014 онд Мако гүнж сургуулиа төгсөөд Лондон руу ахин суралцахаар явах шийдвэр гаргажээ. Хоёр жилийн хугацаанд Их Британи улсын Листерийн их сургуульд “Музейн менежмент, соёлын өв хамгаалах” чиглэлд магистрын зэргээ хамгаалсан. Өмнө нь нэг жил хүрч ирж оюутан солилцоогоор сурахдаа олж авсан чиглэлээ хоёр жил үргэлжлүүлэн судлажээ. Өөрийнх нь судалгааны сэдэв нь Японы соёлын дурсгалт зүйлсийг музейд хадгалах, олон нийтэд таниулах гэсэн сэдэв байдаг.
Хааны гэр бүл дотор японы өв соёл, биет гэлтгүй биет бус өв соёлуудыг нь хайрлан хамгааах, гадаад улсуудад улсуудад хэрхэн зөвөөр харуулах, хэрхэн таниулах вэ гэдэгт нарийн мэргэшиж ирсэн учраас Мако гүнж яах аргагүй эзэн хааны гэр бүлийн нэг чимэг болох болов. Өөрийн үндэсний соёл, өв уламжлалдаа илүү хайртай хүн юм байна, үүнийгээ дэлгэрүүлэхийн төлөө хичээж байгаа, боловсрол эзэмшээд явж байгаа гэх утгаараа ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн юм.
ЭРХ ЧӨЛӨӨГ “АМСАЖ” ҮЗСЭН НЬ

Бакалаврын ангийн оюутан байхдаа Мако гүнж анх удаа Лондонд нэг жилээр ирсэн гэдгийг уншигч та санаж байгаа болов уу. Ингэж ирэхдээ Мако гүнж эрх чөлөөг анх удаа амсаж үзжээ. Энэ тухайгаа:
“Автобусанд суугаад, дэлгүүр хэсээд, номын сан ганцаараа орж, хотын гудамжаар ганцаараа алхаад явтал хэн ч танихгүй байсан болохоор, аан амьдрал гэдэг ийм байдаг байх нь ээ, хүмүүс ингэж амьдардаг юм байна гэдгийг анх удаа мэдэж авч, эрх чөлөөг мэдэрч үзсэн” гэж ярьсан байдаг.
Урлагийн түүхээр суралцаж хүмүүжиж буй хүн аргагүй философийн нарийн ширийн асуултуудтай нүүр тулах нь гарцаагүй. “Амьдрал гэж юу вэ”, “Юуны тулд амьдардаг вэ”, “Эрх чөлөө гэж юу вэ” гэх урлагийн ч тэр, философийн ч тэр мөнхийн гэмээр асуултуудтай гүнжийг оюутан ахуй цагтаа тулгарсан нь дамжиггүй гэдэг. Уран бүтээлчдийг, уран бүтээлийг ойлгох гэсэн олон асуултууд эцэстээ Мако гүнжийн өөрөө өөрөөсөө асуух асуултууд болж, “Эрх чөлөө гэж юу юм, миний амьдрал эрх чөлөөтэй юу, миний одоо бодож байгаа эрх чөлөө мөн үү, би үүнийг хүсэж байна уу” гэх асуултуудтай тулгарсан нь гарцаагүй.
Тиймээс л Мако гүнжийг урлагтай холбогдсон үеэсээ авахуулаад өөрийнхөө эрх чөлөөг хайж эхэлсэн гэж үзэхэд хилсдэхгүй. Хааны ордон гэдэг тансаг баян амьдралаар, бүх зүйл бэлэн сайхан амьдарч буй мэт боловч 120 гаруй сая хүнийг төлөөлж байгаа гэдэг утгаараа үргэлж сайхан харагдах ёстой, зөв байх ёстой, даруухан байх ёстой, үг хэл оновчтой цэцэн, үйлдэл бүхэн утгатай нарийн байх гэсэн шаардлагатай. Томоохон уулзалт, томилолтуудад өөрийн бодлыг илэрхийлэх бус ард түмнийхээ бодлыг илэрхийлэх тул чигч журамтай, соёлтой боловсон, төвийг сахисан байх зэрэг нь өөрийнхөөрөө байх, өөрийнхөөрөө амьдарч буй хэрэг бус харин гүнжийн амьдрал, гүнжийн ажил юм гэдгийг ойлгох насанд хүрсэн гэдэг.
Магистрын зэргээ хамгаалсны дараа Мако гүнж Японд эргэн ирж, эзэн хааны гэр бүлийн гишүүний ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Гүнжийн ажлаа хийж байхдаа мөнөөх л төлөв, даруу, төгс гүнж байна. Гэхдээ үүний цаана Мако гүнжийн үерхэл, хайр дурлал ид асаж байсан юмсанж.
КЭЙ КОМУРАГИЙН ЭЭЖИЙН САНХҮҮГИЙН ЛУЙВАР ГЭХ ШУУГИАН
Мако гүнж 2010 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа сургуулийнхаа гадаад улсын их сургуульд үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй хүүхдүүдийн уулзалтад очжээ. Уг уулзалтын үеэр “Глобал иргэншил” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, уг хэлэлцүүлгийн үеэр анх удаа өөрийн нөхөр болох хүн Кэй Комураг харсан гэдэг. Кэй буюу одоогийн нөхөр нь тухайн үедээ англи хэлээр чөлөөтэй ярьдаг байсан учраас Макогийн анхаарлыг татсан. Нөгөөтээгүүр, Мако гүнж сүүлд хэвлэлийн хурлаар хэлэхдээ “Кэй инээхээр тэр өрөө яг гэрэлтэж байгаа юм шиг санагдаж байсан, анги дүүрэн инээдэг хүн шиг санагдсан. Мөн Кэйгийн дэлхийд болж буй үйл явдлуудад хандаж байгаа хандлага, дүн шинжилгээ нь хана баганатай санагдсан” хэмээн өгүүлж байв. Мөн ч гүнжтэй энгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг харилцаж, яриа өрнүүлж, яриаг өрдөж чадаж байсан учраас сэтгэлийг нь татсан гэдэг.

Энэ уулзалтаас хойш тэд мэйл, захидлаар харилцаж үе үе уулздаг, найз нөхдийн хувиар хамт кафе, орох номын санд суух зэргээр уулздаг байгаад удалгүй тэр нь хайр дурлалын харилцаанд уусан оржээ. Эхэн үедээ тэд нууцаар үерхэж эхэлсэн ч удалгүй найз нөхдийн хүрээнд мэдэгдэж, илүү чөлөөтэй харилцаатай болж эхэлжээ.
Энэ үедээ тэдний хэн хэн нь оюутан солилцоогоор гадаад улсуудад явах шаардлагатай болсон бөгөөд энэ үедээ ч холын зайн үерхэлээр хайр сэтгэлээ хадгалан авч үлдэж чадсан гэдэг. Мако гүнж Лондонд өв соёлын чиглэлээр суралцаж байсан бол Кэй АНУ-д хуулийн чиглэлээр суралцаж байлаа. Сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн Мако гүнж Лондон руу магистрт суралцахаар явсан бол Кэй мөн хуулийн мэргэжлээ ахиулахаар АНУ-руу явж, ахин холын зайн үерхэлд шилжиж, нийт үерхсэн таван жилийн гурван жилд нь тэд хамт байж чадаагүй юм. Гэсэн ч хол байх үедээ бие биенээ илүү их таньж мэдэн, ямар үнэнч болохыг нь батлан харуулсан явдал болсон гэж гүнж хэлдэг.

2017 онд Мако гүнжийг сургуулиа төгсөөд ирсний дараа тэд сүй тавьсан гэдгээ албан ёсоор ард түмэндээ мэдээлсэн байдаг. Эхлээд ард түмэн нь тэдний таван жилийн үерхэл, хэн хэн нь амьдралдаа насанд хүрсэн хүний ухамсараар хандаж, сургуулиа хариуцлагатай төгсөөд энэ шийдвэрээ гаргаж буйд нь нааштай хандаж, эерэгээр хүлээж авсан. Мако гүнжийн гэрлэх нас ч хэдийнээ болчихсон байсан нь эерэгээр хүлээж авах бас нэг шалтгаан болж байв.
Гэвч удалгүй Кэй Комурагийн бүх л амьдралыг нь хэвлэлийнхэн ухаж эхэлснээр хосуудын аз жаргалтай мөчүүд эсрэгээрээ тэвчих, шүд зуух, асуудлуудын ард гарах хүндхэн өдрүүдээр солигдсон юм. Кэй Комурагийн ээжийн санхүүгийн луйвар гэх гарчигтай нийтлэл сонинд гарсан өдрөөс эхлэн тэдний хуримыг ард түмэн нь эсэргүүцэж эхэлсэн билээ.
САНХҮҮГИЙН ЛУЙВАР БАЙСАН УУ?
Кэй Комурагийн ээж Комура Каико ганц бие ээж байжээ. Хүүгээ бага наснаас нь эхлэн ганцаараа өсгөсөн бөгөөд уг санхүүгийн маргаан нь өмнө нь сүй тавьж, хамтран амьдрагч эрээс үүдэлтэй.
2009-2012 оны хооронд хамт амьдарч байсан тэр хүн нь амьдралд нь санхүүгийн тусламж үзүүлдэг байсан. Ингэхдээ хүү Кэйн сургалтын төлбөр болох 4 сая иэн буюу 36 мянган ам.долларыг зарцуулсан. Ээжтэй нь хамт амьдрахдаа өдөр тутмын хэрэгцээнд болон бусад зардлуудаа тооцвол мөн 4 сая иэн буюу 36 мянган ам.доллар нийтдээ 8 сая иэнийг Кэйн ээжээс өмнөх сүйт залуу нь нэхэмжлээд шүүхэд хандсан байв. Нэг ёсондоо үүнийг зээлээд, өрөө өгөхгүй байгаа гэх санхүүгийн луйвар юм гэсэн.
Харин ээж нь “Энэ хүн уг нь надад үүнийг бэлэг гэж хэлсэн. Хамт амьдарч байхдаа хүүгийн чинь боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж хэлж байсан. Хэрэв үнэхээр 4 сая иэн зээлсэн бол ямар нэгэн бичиг баримт үйлдсэн байх ёстой биздээ. Үйлдээгүй бөгөөд зүгээр бэлэг гэж өгсөн” гэх маргаан үүсгээд байдаг. Нөгөө сүйт залуу нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хамтран амьдрагчийнхаа хүүгийн сургуульд зүгээр ийм их хэмжээний мөнгө өгөх хүн байх уу. Зээлж байна гэж амаараа хэлж, миний толгойг эргүүлж ямар нэгэн баримт үйлдэлгүй намайг хохирогч болголоо, аймар хүн юмаа” гэх зэргээр ярьж байв. Үүнээс үүдэн Кэй Комурагийн ээжийг “Голд диггер” байж ч болзошгүй гэх хардлагууд гарч байлаа.

Энэ хэрэг илчлэгдсэний дараа японы ард түмэн Кэй Комура бол хааны гэр бүлд тэнцэх хүн биш юмаа, ээж нь санхүүгийн луйвар хийж хүүдээ боловсрол олгосон, луйврын мөнгөөр боловсрол эзэмшсэн хүн хааны гэр бүлд тохирохгүй. Учир нь хааны гэр бүл гэдэг энэ олон сая хүнийг төлөөлж байгаа учраас төгс байх ёстой байтал тэр төгс хүрээлэл дунд санхүүгийн луйвартай хүнийг оруулах нь боломжгүй гэж Токио хотын төвөөр жагсаал цуглаан болохын зэрэгцээ, сонин хэвлэлээр ч маш их шүүмжлэл дагуулж байлаа.
Хосууд 2017 онд сүй тавиад, 2018 онд хуримаа хийнэ гэж төлөвлөж байсан ч энэ том асуудлаас болоод хойшилсон. Хааны гэр бүлийн зүгээс ч байдлыг азнасан, харзанасан байдалтай болж эхэлсэн. Гэхдээ огт хуримлуулахгүй гэж хэлээгүй нь бас олны анхаарлыг татдаг.
2018 онд кэй Комура АНУ руу ахин суралцахаар явсан. Түүнээсээ өмнө ээжийнхээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд “Ээж маань үүнийг бэлэг гэж хэлсэн ч хэрэв тэр хүн бэлэг бус гэж үзэж байгаа бол түүнийг бүрэн барагдуулж дуусгах болно” гэж хэлдэг. Хэдийгээр өрөө дарж барагдуулсан ч “Олны өмнө гарч ирээгүй байсан бол энийг төлөхгүй байсан” хэмээн үргэлжлүүлэн шүүмжилж, “Муу нэрийг хусавч арилахгүй” гэх зэргээр гарчигласан мэдээллүүд урсаж байлаа.
Энэ явдлаас хойш гурван жилийн турш Кэй Комура АНУ-д суралцаж мэргэжил дээшлүүлэв. Харин энэ хооронд гүнжийг PTSD буюу сэтгэлийн гүн хямралтай болсныг ордоны эмч нар оношоор тогтоосон тухай Эзэн хааны гэр ахуйн агентлагаас мэдээлдэг. Гүнж эдгээр өдрүүдэд сэтгэл гутралтай, түгшүүртэй, нойргүйдэлтэй, Хааны гэр бүлийн нэр хүнд надаас болж нуран унах вий гэсэн айдастай өдрүүдийг үдэж байв.
Эцэст нь, 2021 онд Кэй сургуулиа төгсөөд Японд эргэн ирэв. Түүнийг Нарита олон улсын нисэх онгоцны буудал дээр буухад хэвлэлийн тосон авав. Кэй Комура үсээ мөр хүртлээ ургуулж, ардаа боосон (пони тэйл) байсан нь ахин шүүмжлэлийн бай болж, өөрийн биеийг зөв цэгцтэй авч явж чаддагүй, эзэн хааны гэр бүлийн гишүүнтэй гэр бүл болоход яавч тохирох хүн биш хэмээн хэл амны бай болно.

Гэхдээ хэдэн өдрийн дараа Кэй Комураа ахин хэвлэлийн дуранд өртөхдөө урт үсээ тайрч, цэвэрхэн сайхан хослолоор гоёж, нүүр дүүрэн инээмсэглэсэн яваа нь харагддаг. Ингээд удалгүй буюу 2021 оны аравдугаар сард Мако гүнж энгийн иргэн Кэй Комуратай гэр бүл болж хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзаж буйгаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгддэг. Ингэхдээ:
- Хуулийн дагуу хэргэм зэргээсээ татгалзаж, энгийн иргэнтэй гэр бүл болж буй гүнж нарт нэг удаа 150 сая иэний нөхөн олговор олгодог. Үүнийг авахгүй.
- Ордны уламжлалт Шинто хуримын ёслол хийхгүй. Гэрлэлтээ зөвхөн цаасаар л батлуулж, даруухан ёслол хийнэ. Ингэснээр Мако гүнж уламжлалт маягаар хурим хийгээггүй цорын ганц гүнж болдог.
- Гэрлэсний дараа АНУ-руу нүүж амьдрахаар болсон. Сэтгэлийн эрүүл мэндэд анхаарч нөхөн сэргээх хэрэгтэй гэсэн эмч нарын үгийг дагахаар болсон хэмээн мэдэгддэг. Энэ бүхэн хосуудын хамтдаа ярилцаж гаргасан шийдвэр бөгөөд цаашид хичээн амьдрах болно, энэ хүртэл санаа сэтгэлийг нь зовоосондоо хүлцэл өчиж байна хэмээдэг.

Мако гүнж одоо нөхөр Кэй Комуратайгаа АНУ-д энгийн сайхан амьдралаар амьдарч байгаа бөгөөд 2022 он гэхэд Мако гүнж АНУ-ын Нью-Йорк дахь Метрополитан урлагийн музейд сайн дурын ажилтнаар орж, үүнээс хойш гурван жилийн дараа буюу 2025 онд бүл нэмж, хүүхэдтэй болсон гэдэг нь папарацийн зургаар анх олон нийтэд цацагдсан.
Өнгөрсөн шинэ жилийн ёслол болон дүү Хисахито хунтайжийн нас биед хүрэх ёслолын үеэр Кэй Комура болон Мако Комура нарт албан ёсны урилга илгээсэн ч хүүхэд бага гэдэг шалтгаанаар татгалзаж, гэр бүлийнхэнтэйгээ уулзах тохиромжтой өдрийг хүлээж байна гэж мэдээлсэн байдаг.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Кэй Комурагийн ээжийн асуудлыг хүүгээр нь дамжуулж ингэж олон жил нүдэх нь жаахан хэтэрсэн юм шиг санагдсан жирийн айлд бол ийм маргаан байнга л гардаг шүү дээ
Ийм урт дарамттай амьдрал дунд өссөн хүний хувьд Мако гүнжийн гаргасан шийдвэрийг би хувьдаа ойлгож байна аз жаргал гэдэг чинь эцэстээ өөрийнхөөрөө байх л асуудал шүү дээ
Zarim hun haanii ger bvl bol jinhene tengerleg gej bodood bdg bolovch dotor ni amidarsan hvnd ymar hund bdgiig bid medehgvi bh aa
Mini bodloor Mako gvnjiig shuumjilsen hvmvvs oorсdiin amidralaa neg harah heregtei bh shig hun durtai hvnteigee amidrah erhtei
Хааны гэр бүлийн хууль эмэгтэйчүүдэд ингэж хатуу ханддаг нь өнөө цагт арай л хоцрогдсон санагддаг ядаж сонголт үлдээх хэрэгтэй
Komoogiin vs urt baisan geed l shuumjleed baisan ni ineedtei hunii vsenii hev maygaar hunii chanariig hemjih bolomjgvi
Мако гүнжийн сэтгэцийн хямралтай болсон гэдгийг уншаад үнэхээр өрөвдсөн ийм их нийтийн дарамтыг тэсэх амаргүй
Bi ene hvnii tuhai unshaad haanii ordon gdg chin altan cage shig yum baina gej bodson dotroo yamar ih horigdoltoi yum be
Эзэн хааны гэр бүл төгс байх ёстой гэсэн ойлголт нь энгийн хүнээс ч илүүгээр алдаа гаргах эрхгүй болгож байгаа нь харамсалтай
Mako gvnjiig Metropolitanii muzeid ajillaj bna gej duulaad bayarlasan ooroo bolovsrolooroo amidarch chadaj bna shuu dee
Зарим хүмүүс хайр дурлалын төлөө бүхнээ орхилоо гэж шүүмжилдэг ч бодит байдал дээр тэр өөрийн амьдралыг л сонгосон
Ene tuuhnees harhad Japanii niigemd emegtei hvnd hamaatai asuudal ih hund bdag ni ilt baina
Мако гүнжийг төгс гэж нэрлэдэг байсан нь ч бас дарамт болсон байх хүн байж төгс байх боломжгүй шүү дээ
Bi ooroo etseg eh bolson hun ene hvnii orond baisan bol mini huuhed ingej shuumjluulehig haraad mash ih shanalakh baisan
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud