"Өнгөрсөн хоёр жил биднийг хэн ч тоогоогүй, хөсөр хаясан. Төрийн өндөрлөгүүд хүлээж авахгүй бол өлсгөлөн зарлана"

"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэн Э.Очир "Миний аав ослын улмаар 80 хувийн түлэгдэл авснаар амь хохирсон. Үндсэн хуульд зааснаар хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй байтал зүгээр зам дээр явж байсан аав маань одоо байхгүй болчихсон байна. Сүүлийн таван жил давхар ажил хийж татвар төлж байсан. Ганц жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж байсан хүнийг амьд "мумми" шиг болгосон. Үнэхээр их харамсаж байгаа. 1987 оноос хойш улсад 29 жил ажилласан хүн. Хэрэв биднийг төрийн өндөрлөгүүд хүлээн авч уулзахгүй бол талбай дээр суулт, өлсгөлөн зарлана" гэлээ.

Иргэн н.Батчимэг: Нэг сарын турш нөхрөө сахисны эцэст битүүний өдөр ханиа алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн тэргүүн болон бусад албаны хүмүүстэй уулзах албан бичиг өгсөн хэдий ч хэн нь ч биднийг авч уулзаагүй. Хэвлэлийн хурлын дараа ахин уулзах хүсэлтээ өгнө. Хуулийн байгууллага нь шалгаад бидний хохирлыг барагдуулах байх гэж өнгөрсөн хоёр жил хүлээлээ. Хуулийн байгууллагынхан хэрэг гарсны дараагаар сэтгэл санааны хохирлыг үнэлүүлэх шаардлагагүй гэж хэлж байсан. Гэтэл өнгөрсөн 11-р сард яаралтай ирж сэтгэл санааны хохирлоо үнэлүүл, хэрэв ирэхгүй бол сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломжгүй шүү гэж тулгасан. Галд өртсөн 207-р байрыг нурааж нийслэлээс төсөв гаргаж шинэ байр барьж өгөхөөр болсон гэсэн. Гэтэл амь хохирсон иргэдийг тоолгүй орхиж байгаад харамсаж байна. Хэрэв манай улсын зам стандарт хангасан байсан бол миний нөхөр осол гарсан машиныг тойроод гарах байсан. Даанч тэгэх боломжгүй учраас галд түлэгдэж улмаар амь насаа алдсан. Тиймээс энэ ААН-ын буруу биш төр засгийн буруу. Хэн ч биднээс уучлал гуйхгүй байгаад харамсаж байна. Төв талбай дээр харамсалттай амь эрсэдсэн хүмүүстээ зориулж 18:00 цагт 1000 зул өргөнө" гэлээ.
Иргэн "Аюултай ачаа тээврийг стандартын дагуу зөөвөрлөөгүй нь засгийн газрын алдаа гэж харж байна. Ахин ийм аймшигтай осол гарахгүй гэсэн баталгаа алга. Тиймээс үндсэн хуулийг үндэслэл болгож төр засгаас биднийг хүлээн авч уулзахыг шаардаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Бидний шаардлагын хариуг 1-р сарын 30-наас өмнө хүлээн авч уулзахыг шаардана Тухайн дэлбэрэлтэд 10 хүн түлэгдсэн. Нийт бол 25 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 15 нь угаарын хийнд хордсон хүмүүс байсан. Энд байгаа таван хүнээс гадна үлдсэн хүмүүс өндөр албан тушаалтай хүмүүс байсан болохоор аль эрт хохиролгүй болсон байх гэж хардаж байгаа. Биднийг бол хэн ч тоохгүй хөсөр хаяж байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.