Нийгэм мэдээ

Дүнжингаравын дэлбэрэлтээс жилийн дараа, хэрэг хэрхэв

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт болж байв.

Дэлбэрэлтийн улмаас долоон хүн амиа алдаж, 63 өрхийн 218 оршин суугч орон байргүй болсон юм.

Тус ослын талаар эргэн сануулахад,

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:07 минутад цагдаагийн байгууллагад дэлбэрэлтийн анхны дуудлага мэдээлэл бүртгэгдэж байжээ. Дуудлага бүртгэгдсэнээс найман минутын дараа БЗД-ийн онцгой байдлын албаны гал унтраах аврах 63 дугаар ангийн салаан захирагч ахлах дэслэгч н.Тамираар ахлуулсан найман алба хаагч, гал унтраах хоёр автомашинтай очиж, ажилласан юм.

Гал түймрийн улмаас гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрч байв. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Эмгэнэл, харууслаар дүүрэн энэхүү осол гарсны дараа УОК шуурхай хуралдаж, дэлбэрэлтэд өртсөн байрны айлуудыг түрээсийн байранд амьдруулах, түрээсийг УОК-оос төлөх шийдвэр гаргасан. Оршин суугчид түрээсийн байраар амьдарч цаашид 207-р байрыг нураах, засварлах нь тодорхойгүй байв.

Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэсэн. Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгө болох 2.4 тэрбумыг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргах болсныг ч хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Түүний хэлснээр бол "Энэ онд 207 дугаар байрыг нурааж, дахин сэргээн барина" гэсэн. Тэгэхээр өнөөх хэдэн оршин суугчид шинэ байранд ортлоо үргэлжлүүлэн хэсэг хугацаанд түрээсийн байраар амьдарна.

Дэлбэрэлттэй холбоотой дахин нэгэн асуудлыг хөндөхгүй байхын аргагүй,

Энэхүү осолд хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг энэ сард прокурорын байгууллагаас мэдээлсэн. Албаныхны хэлж байгаагаар "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэсэн. Хамгийн сонирхол татам нь том оврын машины хажуугаар орж ирсэн БХЯ-ны гэх бүртгэлтэй Ниссан Патрол автомашины жолооч одоог хүртэл сураг чимээгүй, хэрэгт хэрхэн татагдахгүй болсон нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БатБабатБат
БатБабатБат
1 сар 28, 2025 14:51

Тэр жижиг машинаас үүдэлтэй дэлбэрэлт болсон гэдэг ойлголт түгээмэл байгаа гэтэл яагаад гэм буруугүй болчихвоо

Холбоотой мэдээ

Back to top button