Гаалийн хяналтын бүсэд эрэлч 53 нохой байгааг нэмэгдүүлэх шаардлагатай байна

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй зөвлөлийн гишүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохой сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. 1993 онд байгуулагдсан уг сургалтын төв нийт 53 нохойтой аж. Тэдгээрээс Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах, тэр дундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх чиглэлээр зургаан нохой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажилладаг юм байна.
Үүлдрийн хувьд Милануа, Немц обчарка, Лабродар ретривер үүлдрийн нохдыг зорчигчийн тээшийг үнэрлэх, хориотой бараа, бодисыг илрүүлэх пассив чиглэлд сургадаг байна. Эрэлч нохойн үнэрлэх чадвар асар өндөр тул агаарын хил дээр илэрсэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын 30-40 хувийг илрүүлсэн гэдгийг Эрэлч нохой сургалтын төвийн дарга Б.Наранбадрах онцоллоо. Тэрбээр “Өндөр хөгжилтэй орнууд агаарын хил дээрээ үнэрийн аппарат ашигладаг ч эрэлч нохой шиг үр дүнгээ өгсөн, шалгарсан арга байхгүй. Манай хил дээр ажиллаж байгаа Малинуа нохой гэхэд 7000 өөр төрлийн үнэрийг тогтоодог, хүнээс 1 сая дахин илүү үнэр ялгах чадвартай” гэв.
Эдгээр эрэлч нохдын дундаж наслалт 12 жил, идэвхтэй ажиллах хугацаа нь 8 жил байдаг. Сүүлийн жилүүдэд олон улсын нислэгийн тоо тогтмол нэмэгдэж байгаа тул гаалийн хяналт шалгалтыг 24 цаг тасралтгүй явуулахад эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Түүнчлэн, эрэлч нохойн нөхөн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор үржлийн хөтөлбөрт хамруулах хэрэгтэйг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Г.Баасандорж хэллээ. Ийнхүү зорчигч болон ачаа барааг хоёр нохой ашиглан шалгаснаар гаалийн хяналт шалгалтын хурд, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийнхөө харъяа байгууллагадаа л очооч дээ. Нэршил нь олон улсын нисэх буудал гэж байгаа биз дээ. Нийслэлийн цагдаагийн газарт чинь хэдэн үнэрч нохой байгааг мэдэж байгаа юу. Тэд нартаа анхаарлаа хандуул.