УИХ-ын гишүүд "Эрдэнэт Үйлдвэр"-т ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үндсэн цехүүд, технологийн процесс болон үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

УИХ-ын гишүүд эхлээд, Ерөнхий захиргааны II байрны “Оюу” танхимд үйлдвэрийн газрын удирдлагууд, ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, бүтээмжийн өсөлт болон эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл авлаа. Мөн цаашдын бодлого, хөгжлийн чиглэл, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон байна.
Энэ үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжлийг онцлон тэмдэглэж, 1973 оноос эхлэн Монголын Уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг тодотгов. Тэрээр, Эрдэнэт үйлдвэр 2024 онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонныг боловсруулсан амжилтыг онцолж, геологийн нөөцийн хувьд наад зах нь 55 жил ажиллах боломжтойг мэдээлэв.

Мөн 2022 онд авсан 6 лиценз зэрэг нь үйлдвэрийн хүчин чадал, геологийн нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бататгасан. Хүдрийн агуулга буурсан ч олборлолт, боловсруулалтын хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрсэн талаар тэрээр дурдлаа.
Түүнчлэн, эдийн засгийн үзүүлэлтэд ч илүү анхаарал хандуулж, сүүлийн гурван жилийн дунджаар үйлдвэрийн борлуулалтын орлого 4 их наяд төгрөгт хүрсэн, улс, орон нутгийн төсөвт жилд 1.8 их наяд төгрөг төвлөрүүлж, цэвэр ашиг ойролцоогоор 700 гаруй тэрбум төгрөгт хүрсэн гэж тэмдэглэв. Үүнд хүдрийн хатуулаг, эрчим хүч, материалын зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мөн онцоллоо.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.