"Эрдэнэт Үйлдвэр"-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ хамтын гэрээгээ баталлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2026–2027 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээнд гарын үсэг зурлаа. Шинэ гэрээ нь үйлдвэрийн газрын хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, эрүүл ахуй, нийгмийн баталгааг сайжруулах, ажилтнуудын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна.
Хамтын гэрээний боловсруулалтыг хоёр талын ажлын хэсэг удирдаж, үйлдвэрийн ажилтнуудаас авсан санал, судалгаанд тулгуурлан хийжээ. Үйлдвэрийн газрын эдийн засгийн боломжийг харгалзан, 24 заалтад өөрчлөлт оруулж, 9 шинэ заалт нэмсэн байна. Ингэснээр, нийт 11 бүлэг, 119 заалттай гэрээ батлагдлаа.
Гэрээ нь үйлдвэрийн газрын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллыг зохицуулах, оролцогч талуудын үүрэг, эрх ашгийг тодорхойлж байна. Хоёр тал Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, гурван талт хэлэлцээрийг үндэслэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Шинэ гэрээний хүрээнд ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, нийгмийн баталгааг сайжруулах, ахмад ажилтнууд болон тэдний хүүхдүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чухал заалт тусгагдсан байна. Мөн шинэ Хамтын гэрээнд ажилтнуудын мэдлэг боловсрол, нийгмийн баталгааг дэмжих олон шинэ заалт тусгагдсан бөгөөд 2026–2027 онд хэрэгжих гэрээний хүрээнд ажилтны сургалт, давтан сургах, мэргэжил дээшлүүлэхэд цалин хөлсний сангийн 3–6 хувийг зарцуулах аж.
Түүнчлэн, нийгмийн хамгааллын чиглэлд ажилтны хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ахмадуудад жил бүр 1 сая төгрөгийн сувиллын хөнгөлөлт, гэр хороололд оршин суудаг ажилтнуудад 90 мянган төгрөгийн дулааны дэмжлэг, орон сууц худалдан авсан ажилтанд 15 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр тусгажээ. Энэхүү шинэ хамтын гэрээ нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын хөдөлмөр, амьдралын чанарыг сайжруулах, ажил олгогч ба ажилтны хамтын хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.