Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Бруно Марс: Рөүзийн ачаар одоо би "APT"-гийн залуу болсон

"BLACKPINK" хамтлагийн Рөүз болон Бруно Марс хоёр 2024 оны аравдугаар сард "APT" нэртэй дуу гаргасан нь дэлхий даяар хит болсон. Тус уран бүтээл 2026 оны Грэммид дөрвөн гол номинацын хоёрт нь буюу Шилдэг буу, Шилдэг бичлэгт нэр дэвшиж түүх бүтээсэн юм. Хэдийгээр "APT" аль нэг номинацид ялаагүй ч гэсэн Грэммийн нээлтийн тоглолтод эгшиглэсэн билээ. Тэд өнгөрсөн арванхоёрдугаар сард "Billboard"-тай "APT" дууныхаа талаар ярилцлага өгснийг орчуулж хүргэе.

Та хоёр анх уулзаж байсан үеийнхээ талаар юу санадаг вэ?

Рөүз: Бид хоёр түүний студид уулзсан. Тийшээ ороход Бруно манай багийнхантай маш найрсаг харилцаж байсан. Би ч өөрөө түүнийг хараад үнэхээр бишрээд таг хөдөлгөөнгүй зогсож байтал надаас ярилцлага авч байгаа юм шиг асуулт асууж эхэлсэн. Тэр “За, шинэ цомог гаргах гэж байгаа гэж сонслоо” гэх мэт зүйлс ярьсан. Тэгэхээр нь би “Тэгвэл та сонсож үзэх үү” гэж асуусан юм. Би түүнээс маш сонин, санамсаргүй асуултууд их асуусан. Би юу гэж асуулаа? (Бруно руу хандаж) менежмент болон бусад зүйлсийн талаар билүү.

Бруно Марс: Тэр үед үнэхээр дотно, сайхан санагдсан. Тийм том, алдартай хамтлагийн Рөүз “Би хийнэ ээ. Оролдоод үзнэ. Надад ямар нэг зүйл санал болгооч” гэсэн байдалтай ирсэн нь надад маш их хариуцлага мэт санагдсан. Тэгээд бид хөгжмийн талаар, юу хийхийг хүсэж байгаа талаар ярилцаж эхэлсэн. Би зүгээр л сонирхоод “Хүмүүсийн хувьд маш их үнэ цэнтэй ийм том хамтлагаас гаралтай болохоор ганцаарчилсан уран бүтээлээ яаж хийх гэж байна вэ” гэж асуухад Рөүз надад бүгдийг тайлбарлаж өгсөн. Түүний өмнөөс маш их баярласан. Рөүз дандаа инээж явдаг болохоор түнийг зүгээр л нэг инээмсэглэсэн охин гэж бодох нь буруу, маш их хүсэл тэмүүлэлтэй байсан. Бид найзууд болж, бүх зүйл тэндээс л эхэлсэн дээ.

Дуу болон клипийг хийхдээ та хоёр бие биетэйгээ ямар санаануудыг хуваалцаж, хөгжүүлсэн бэ?

Рөүз: Би “Клип ямар байвал дээр вэ?” гэж асуухаар тэр маш этгээд, инээдтэй зүйлс ярьдаг байсан. Түүнийг тоглож байна л гэж бодсон. Бруногийн тархи толгой яаж ажилладгийг хараад би үнэхээр гайхсан шүү. Их сандарсан ч гэсэн дараа нь эргээд харахад тэр жижигхэн деталь бүр бидний дундах тоглоом байсныг анзаарсан. Тэр бүх зүйл нэгдэж, бүтээл болохыг харах хөгжилтэй байлаа.

Марс: Тайлбарлахад их хэцүү. Би Өмнөд Солонгосын туг захиалчихсан байтал Рөүз “Энэ яг юу болоод байна аа” гэсэн байдалтай харж байсан. Бас би “Рөүз, би Японоос энэ нүдний шилнүүдийг авсан юм. Хоёулаа энийг зүүнэ” гэхэд тэр “Энэ хүн одоо нээрээ яриад байна уу” гэж байгаа мэт гайхсан.

Рөүз: Тэр надад мессежээр “Рөүз, хоёулаа энэ том одон шилийг зүүнэ” гэхэд нь би “Айн, боль оо” гэж хариулж байснаа санаж байна. Гэтэл яг жинхэнээсээ хэлж байсан нь үнэхээр гайхмаар.

Марс: Чи тэгэхэд “Намайг хөөрхөн харагдуулна биз дээ” гээд л асуугаад байсан шүү дээ.

Рөүз: Тийм, тийм.

Марс: “Намайг тэнэг харагдуулахгүй биз дээ” гээд л.

Рөүз: Ганцхан бүтээгүй зүйл нь нэг хөгжилтэй бүжиг байсан юм. Нэг хэсэг дээр чи миний нуруун дээр гарах ёстой байсан байх аа. Тэгээд тэр санаа нь бөмбөр тоглодог хэсэг болж өөрчлөгдсөн.

Марс: Тийм ээ. Рөүз үнэхээр гайхалтай байсан. Би “Рөүз, очоод тэр бөмбөрийг тоглоорой” гэхэд тэр “Ингэж үү?” гэж асуухад нь би “Яг тийм!” гэсэн.

Зургийн эх сурвалж: Euphoria Magazine

Та түүнд бөмбөр тоглохыг зааж өгсөн үү?

Рөүз: Бага зэрэг л дээ.

Марс: Тэр хурдан сурсан. Мундаг бүжигчин болохоор “За, нэг, хоёр, нэг, хоёр” гэж хэлэхэд л түүнд маш амархан байсан.

Рөүз: Үнэнийг хэлэхэд, би гэртээ хариад маргааш өглөө нь сэрэхэд хэвлийгээр маш их өвдөж байсан. Учир нь би клипний зураг авалтын турш тасралтгүй инээсэн. Үнэхээр миний амьдралдаа оролцож байсан хамгийн хөгжилтэй зураг авалт болсон.

Марс: Рөүз тэр үед надтай хамт клип найруулсан миний найз Даниэл бид хоёрын дунд “чимээгүй” дайн өрнөж байсныг мэдээгүй байх. Цаг бага байсан болохоор бид маш их сандарч байсан. Дууны клипийг бүхэлд нь удаашруулсан хөдөлгөөнөөр бичиж авсан. Тийм болохоор клип тийм сонин хөдөлгөөнтэй харагдаж байгаа юм. Бид хоёр дууг маш олон удаа удаашруулж дуулсан. “A-па-те, а-па-те...” гээд л хэдэн цагийн турш тэгж дуулахад хүмүүс биднийг “Эд нар юу хийгээд байна аа?” гэсэн харцаар харж байсан. Тэр үед дуу хараахан гараагүй, хэн ч сонсож үзээгүй байсан шүү дээ. Рөүзийн багийнхан “Яах бол оо” гээд л санаа зовж байсан. Тиймээс бүх зүйл хөгжилтэй байснаас гадна бие биедээ итгэх маш их итгэл дээр тогтож байлаа.

Бруно, та бас “Number One Girl” дууг хамтран бичиж, продюсероор ажилласан. Энэ дуунд хэзээнээс оролцож эхэлсэн бэ?

Марс: Рөүз, яг адилхан л ажилласан тийм ээ. Зүгээр л “Энэ дууг юу гэж бодож байна” гэж асуусан.

Рөүз: Бид хоёр өөр нэг ажлын талаар утсаар ярьж байгаад би “Бруно, би энэ зүйл дээр гацчихаад байна” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр сонсоод л шууд төгөлдөр хуур дээр тоглож эхэлсэн. Тэгээд дуулж эхлээд “Энэ хэсэг ийм байвал, тэр хэсэг тийм байвал зүгээр юм биш үү” гэхэд нь би “Хөөе, хөөе, аажуухан, би бичиж авъя” гэж хэлж байлаа. Маргааш нь тэр “Студид хүрээд ир, жаахан ажиллая” гэсэн. Тэр өөрийнхөө санаануудыг надад үзүүлэхэд яг тэр дуунд дутаж байсан зүйлс нь байсан. Мэдээж дундуур нь жаахан маргах үе гарсан л даа. Би “Гэхдээ энийг хасаж болохгүй” гэхэд Бруно “Рөүз, чи надад итгэх хэрэгтэй” гэж байсан. Гэхдээ эцэст нь бүх зүйл маш сайн бүтсэн.

Зургийн эх сурвалж: K en

Та хоёрын хамтарч ажилласан ч энэ цомогт ороогүй, эсвэл цомгоос хойш бичсэн өөр дуу байгаа юу?

Марс: Байгаа. Бид хоёр тэр дуундаа маш их хайртай. Гэхдээ нэрийг нь хэлэхгүй. Хэзээ, яаж гаргахаа бодож байна.

Бруно, та саяхан “APT” дуу нь “Бруно Марс гэдэг К-поп-ын шинэ одыг төрүүллээ” гэж хэлсэн шүү дээ.

Марс: Та мэдэхгүй байж магадгүй ч, солонгосчууд намайг өөрөөр харж хүлээн авдаг болсон.

Яаж тэр вэ?

Марс: Рөүзийн ачаар бүх зүйл өөрчлөгдсөн. Тэнд одоо надад арай өөрөөр ханддаг болсон шүү. Би энэ дуунд маш их татагдсан шалтгаан нь Солонгос соёлын нэг хэсгийг агуулж байсан явдал. Надад маш гайхалтай санагдсан.

Рөүз: Би чамтай уулзахаас нэг жилийн өмнө чиний тоглолтыг (2023 оны 6 сард) үзэж байсан юм. Хүмүүс Брунод дурладаг гол шалтгаан нь манай соёлд чин сэтгэлээсээ хандаж байгааг мэдэрдэгт оршдог гэж би боддог. Би үнэхээр биширсэн. Тухайн газрынхаа соёлд тийм их нийцүүлсэн тоглолт би өмнө нь үзэж байгаагүй. Бид нар Солонгост байхад, тэр манай соёл дээр үндэслэж дуу бичсэн байсан.

Марс: Солонгос охидод соёлыг нь мэддэг гэдгээ харуулах гэж оролдсон юм.

Рөүз: Тэр үнэхээр мэдрүүлж чадсан. Бид хоёр энэ дуун дээр ажиллаж байхад Бруно надад бас манай соёлд маш их хайр, хүндэтгэл үзүүлсэн. Тэр манай улсын соёлыг гүнзгий судалж, ойлгохыг хүссэн. Бруно одоо ч надад “Бид соёлоо хайрлаж, бахархах хэрэгтэй, энэ бол маш чухал зүйл, хүмүүс тийм зүйлийг л сонсохыг хүсдэг” гэж сануулдаг. Хүмүүс бидний энэ үзэсгэлэнтэй соёлтой танилцахыг хүсэж байгаа.

Марс: Хэн ч хэлдэггүй ч, бид нар ийм хэмжээний зүйл харж байгаа анхны тохиолдол нь Рөүз гэж би боддог. Хамгийн сүүлд үүнтэй төстэй зүйл болсон нь “Gangnam Style” байсан. Тэр үед нэг залуу гарч ирээд солонгосоор дуулж байсан нь үнэхээр гайхалтай байсан. Рок од л тийм зүйл хийж чадна. “Бид ийм зүйл хийдэг, ингэж ярьдаг, ингэж бүжиглэдэг. Одоо намайг энэ бүхнээрээ ертөнцийг яаж байлдан дагуулахыг хар” гэж байгаа мэт санагдсан. Тэр  байлдан дагуулж ч чадсан. Рөүз бас “APT” уран бүтээлийн хувьд гэвэл би өмнө нь хэзээ ч ийм зүйлийг мэдэрч, харж байгаагүй. Рөүз энэ соёлыг мэдэхгүй хүмүүст, тэр дундаа надад танилцуулж байгаа Солонгос охин. Тэгж бодох нь надад хамгийн таатай байсан. Дууг сонсоод хүмүүс ямар реакц гаргахыг харах нь үнэхээр ид шидийн мэт байсан.

Зургийн эх сурвалж: Cosmopolitan

Бруно, та одоо бусад хүмүүст энэ тоглоомыг зааж өгдөг болсон уу?

Марс: Өө, тийм. Рөүзийн ачаар би одоо “APT-гийн залуу” болсон. Өмнө нь “Grenade-ийн залуу” байсан бол одоо “APT-гийн залуу”.

Рөүзээс гадна энэ тоглоомыг ямар хүмүүстэй тоглосон бэ?

Марс: Рөүз Лас-Вегас дахь манай клубт ирж байсныг юм. Тэр үед Рөүз ширээнд сууж байсан бүх хүмүүст энэ тоглоомыг яаж тоглохыг зааж өгсөн. Рөүз маш нухацтай хандаж байсан шүү. Би тэр үеийг нь л хамгийн тод хамгийн тод санадаг. Тэгээд бид хоёр нэлээн согтсон доо.

Бруно, Грэммийн шагнал гардуулах ёслолд, ялангуяа таны хоёр, гурван удаа түрүүлж байсан “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг бичлэг” төрөлд арвин туршлагатай хүний хувьд “APT.” дуу өрсөлдөж, магадгүй түрүүлж чадах болов уу?

Марс: Шагнал авч буцна гэдэг бол миний хувьд жаахан төвөгтэй асуудал. Учир нь бид аль хэдийн ялчихсан юм шиг л надад санагдаж байгаа. Грэмми болон бусад шагнал гардуулах ёслолууд бол урьдчилж таашгүй зүйл. Гэхдээ миний хувьд энэ жижигхэн санаа ийм том зүйл болж хувирч, хүмүүст таалагдаж байгаа нь л миний хувьд ялалт. Зорьсон зүйлээ хийж чадсан уу, үгүй юу? Тэр л хамгийн чухал. Би улс төржих гээгүй ч энэ бол үнэн. Бусад зүйл бол зүгээр л нэмэлт урамшуулал. Грэмми дээр бид хоёр гоё хувцаслаад, хөгжилдөнө. Гэхдээ бид аль хэдийн ялчихсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Рөүз: Үнэхээр гоё хариулт байна. Чи ярилцлага өгөхдөө үнэхээр сайн юм аа.

Бруно, таны 2010 онд гаргасан анхны цомог Billboard 200 жагсаалтад 750 гаруй долоо хоног жагссаар байна. Рөүз шиг уран бүтээлчид болон түүн шиг байр суурьтай байгаа бусад хүмүүст зөвлөхөд энэ салбарт удаан оршин тогтнохын нууц юу вэ?

Марс: Бид нар дуу бичих салбарт ажилладаг. Бас л амаргүй ажил шүү. Хүмүүсийн сэтгэлд хүрэх онцгой дуу бичнэ гэдэг хэцүү. Гэхдээ боломж өдөр бүр тохиолдохгүй гэдгийг мартаж болохгүй. Яг л антенна шиг бүх зүйлийг хүлээн авахад байж, тэр мөч ирэхэд бэлэн байх ёстой. Тэгээд л болоо. Ямар ч дөт зам байхгүй. Бүх зүйл хоорондоо зохицох ёстой. Дуу нь тухайн уран бүтээлчтэйгээ, танилцуулгатайгаа яг таарах ёстой. Бас би уран бүтээлчдэд амжилт хүсмээр байна.Хүмүүсийн сэтгэлд хүрэх тэр “давтамжийг” олно гэдэг бидний ажлын хамгийн хэцүү хэсэг. Энэ дэлхий дээр хэдэн тэрбум дуу байгаа. Тийм болохоор цаг бүр суралцаж, өдөр бүр студидээ очиж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгвэл нэг л өдөр ид шид тохиох болно.

Хамтарч ажилласан нь та хоёрын карьерыг хэрхэн өөрчлөв?

Рөүз: Дуугаа анх бичиж дуусах үед надад энэ дуунаас жаахан айх мэдрэмж төрж байсан. Би жаахан эргэлзэж байсан л даа. Тэгээд энэ дуу ямар том хит болсныг, Бруно бас дэлхий ертөнц үүнээс юу олж мэдэрснийг хараад хөгжим хүмүүсийн хувьд ямар үнэ цэнтэй болохыг би ойлгосон. Ямар үнэ цэнтэй гэдгийг нь одоо ч гэсэн ухаарч, суралцсаар л явна.

Марс: Би үргэлж ямар нэгэн онцгой зүйл бичихийг хичээдэг. Хэрвээ би аливаа зүйлийг яг яаж хийхийг нь мэддэг байсан бол өдөр бүр л хийх байсан, гэхдээ би мэддэггүй. Тэгсэн ч гэсэн би студидээ очиж, дахин дахин оролдсоор л байдаг. Оролдож, оролдсоны эцэст ид шид тохиож байгаа тэр мэдрэмжийг би мэднэ. Үнэхээр гайхалтай хүмүүстэй хамтран ажиллах боломж надад олдсон. Энэ дуун дээр “Cirkut”-тай хамтарч ажиллах гайхалтай байлаа. Би гитар тоглож буйгаа бичээд түүн рүү шидэхэд тэр лаптоп дээрээ үнэхээр гайхалтай зүйлс хийдэг байсан. Бид нар өөрсдийнхөө мэдэрч буй зүйлийг л амилуулахыг хичээсэн. Ийм зүйлийг хийх маш хэцүү болохоор л би үүнийг ялалт гэж нэрлээд байгаа юм. Тэгээд энэ уран бүтээлээ олон нийтэд хүргэх, Рөүзтэй хамт энэ дууг хуваалцах, түүний хийж байгаа зүйлийг харах, хүүхдүүд болон томчууд энэ дууг дуулж байгааг харах л миний хувьд бүх зүйл. Хэдийгээр тэд “APT” гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүй байсан ч ид шидийг нь мэдэрнэ. Ингэж мэдрүүлэх нь уран бүтээлч бидний ажил. Аз таарвал хүмүүс дууны талаар гүнзгийрүүлж сонирхоно. “Энэ юу вэ? Тэд юу яриад байна аа?” гэх мэтээр. Рөүз энэ бүхнийг дэлхий дахинд авчирсан нь үнэхээр үзэсгэлэнтэй. Зүтгэнэ гэдэг ямар байдгийг энэ дуу харуулж байна.

Эх сурвалж: Billboard

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button