Нийгмийн

ЮНЕСКО: Хэнтийн Дадал сумын ЕБС-ийн сайн туршлагыг онцолж байна

ЮНЕСКО-гийн “Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол – 2030” хөтөлбөрийн үзэл баримтлалын хүрээнд өв соёл, уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсролтой уялдуулан, соёлын өв, байгаль орчны хамгаалал болон тогтвортой хөгжлийг ирээдүй хойч үед холбох шинэ арга замыг эрэлхийлж буй.

Энэхүү үзэл санааг бодит ажил болгон хэрэгжүүлж буй нэг жишээ нь Хэнтий аймаг, тэр дундаа Их Эзэн Чингис хааны өлгий нутагт орших Дадал сумын Ерөнхий боловсролын сургууль юм.

Тус сургууль 652 сурагч, 60 багш, ажилтантай бөгөөд чанартай боловсрол олгохын зэрэгцээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа системтэйгээр нэвтрүүлэхийг зорьж байна. “Ирээдүйн хөтөч нар” хөтөлбөрөөр дамжуулан сурагчдыг соёл, байгаль орчны элч, манлайлагч болгон төлөвшүүлж, өнгөрсөн үеийн мэдлэгийг ирээдүйн хариуцлагатай холбож өгч байна.

Өв соёл, байгалийн залуу хөтөч нар

Дадал суманд тогтвортой хөгжлийн сорилтууд нь соёлын онцлог, ялгаатай байдалтай салшгүй холбоотой. Тус бүс нутагт амьдардаг буриад ястан нь цөөнх бүлэг бөгөөд хотжилт, шилжилт хөдөлгөөн, дижитал орчны нөлөөнөөс шалтгаалан тэдний зан заншил, хэл аялга, уламжлалт амьдралын хэв маяг аажмаар мартагдах эрсдэлтэй тулгарч буй.

Энэхүү сорилтын хүрээд тус сумын ЕБС-ын  сургууль нь “Өв соёл, байгалийн залуу хөтөч нар” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчид буриад хэл сурч, Онон–Балжийн байгалийн цогцолборт газарт хээрийн сургалт, судалгааны аялал хийж, өвөг дээдсийн мэдлэгийг бодитоор танин мэдэж байна. Сургуулийн доторх соёлын буланд туг далбаа, сүүн бүтээгдэхүүн боловсруулах багаж, уламжлалт тэрэг зэрэг эд өлгийн зүйлсийг байршуулснаар анги танхимыг амьд сургалтын орчин болгожээ.

Мөн уг санаачилга нь Хэнтий аймагт тулгамдаж буй байгаль орчны асуудлуудад чиглэж байна.

Хүнд зуд, ой хээрийн түймэр, ой модны хомсдол, цөлжилт зэрэг сорилтуудтай тэмцэхийн тулд сурагчид мод тарих, түүхэн дурсгалт газрыг цэвэрлэх, хог хаягдал түүх зэрэг бодит үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг практик үйлдлээр хэрэгжүүлж байна.

Сурагчид хуримтлуулсан соёл, түүх, байгаль орчны мэдлэгтээ тулгуурлан “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн түүхэн дурсгалт газруудаар зочдод хөтөч хийж, газар зүй, байгалийн онцлог, нутгийн домог түүхийг гэр бүлийнхээ 4–9 үе дамжин ирсэн аман уламжлалтай холбон тайлбарладаг. 2025 оны долоодугаар сар гэхэд Дадал сумыг зорин ирж буй  120 гаруй дотоод, гадаадын зочин эдгээр сурагч хөтөчтэй уулзсан нь сургуулийн боловсрол, орон нутгийн хамтын нийгэмлэг, соёлын өвийг холбосон амьд харилцааг бий болгожээ.

Өв соёл тээгч 

Энэхүү хөтөлбөрт 2023 оноос оролцож буй 9-р ангийн сурагч Үжин уг санаачилгын нөлөөг тод томруун илэрхийлдэг. Тэрээр буриад уламжлалыг хадгалж ирсэн өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг бөгөөд сургуулийн хичээлээ өдөр тутмын амьдралын дадалтайгаа уялдуулан суралцдаг. Мал саах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, ааруул хийх, малд анхаарал халамж тавих зэрэг уламжлалт дадлууд нь түүний суралцах үйл явцын салшгүй хэсэг юм. Үүний зэрэгцээ тэрээр Дадалын түүхэн дурсгалт газруудаар зочдод хөтөч хийж, үе дамжин ирсэн түүх, домгийг хуваалцдаг.

“Зочдод хөтөч хийхдээ бидний түүх, өв уламжлал, амьдралын хэв маягийг хуваалцаж байгаадаа бахархдаг. Манай нутаг, уламжлалыг яагаад хамгаалах ёстойг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг.” хэмээн 9-р ангийн сурагч Үжин хуваалцсан юм.

Ийнхүү Үжин зөвхөн газар орныг тайлбарлагч бус, харин соёлын залуу элч болон төлөвшиж, ЮНЕСКО-гийн нийгэм, үнэт зүйл, тогтвортой хөгжлийг холбосон боловсролын үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж байна.

Соёл, байгаль, хамтын нийгэмлэгийг холбосон боловсрол

Багш нарын ажигласнаар эдгээр үйл ажиллагаа нь сурагчдын эх нутагтаа хандах ойлголтыг гүнзгийрүүлж, түүнийг хамгаалах чин сэтгэлийн хандлага, бахархлыг төлөвшүүлж байна. Суралцах үйл явц нь сурах бичгээс давж, энэрэнгүй сэтгэл, хариуцлага, харьяалагдах мэдрэмжийг бий болгожээ.

Дадал сумын энэхүү туршлага нь ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол – 2030 хүрээнд дэвшүүлсэн таван тэргүүлэх чиглэлийг орон нутгийн онцлогт нийцүүлэн уялдуулж буй жишээ юм. Сургууль нь тогтвортой хөгжлийг өдөр тутмын дадал, соёлын өвийг хамгаалах, байгаль орчны арчилгаагаар дамжуулан хэрэгжүүлдэг интерактив сургалтын орчин болж байна. Багш нар үндэсний сургалтын хөтөлбөрийг өв соёл, байгаль орчны боловсролтой холбож, харин сурагчид “Залуу хөтөч нар”-ийн үүрэг гүйцэтгэн, олон үеийн хоорондын харилцаа, оролцоог бэхжүүлж байна.

Ийнхүү Дадал сумын боловсрол нь хамруулах, тэсвэртэй байдал, өөрийгөө нээх үйл явцыг дэмжсэн  хөшүүрэг болж буй юм. Соёл, өв, амьд туршлагад тулгуурласан суралцахуйг бодлоготой уялдуулснаар энэхүү санаачилга нь залуу үеийг өөрийн үнэт зүйл, байгаль орчноо хамгаалах чадвартай иргэн болгон төлөвшүүлж, нүүдэлчдийн мэргэн ухаан Монголын тогтвортой ирээдүйг чиглүүлсээр байх боломжийг харуулж буйгаараа онцлог.

Э.БАЯНМӨНХ

Эх сурвалж: UNESCO

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button