СПОРТ

Майкл Вайсс шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өглөө

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс ийнхүү 3 жилийн дараа ажлаа хүлээлгэн өглөө. Монголын Хөлбөмбөгийн Холбоо Герман мэргэжилтэнтэй 1 жилийн хугацаанд эхний гэрээг хийсэн юм.


2017 - 2018 онд тэрбээр Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцсон бөгөөд түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан. Цаашлаад Тайвань улсад болсон 2-р шатанд БНАСАУ, Тайвань, Хонг Конг гэсэн хүчтэй багуудтай тулж өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлсэн юм.

Үндэсний шигшээ багийн үзүүлсэн энэхүү амжилтад үндэслэн Монголын Хөлбөмбөгийн Холбоо Герман мэргэжилтэний гэрээг дахин нэг жилээр сунгасан. Энэ шийдвэр ч нүдээ олж бид “Катар - 2020” Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний шатад Бруней улстай учраа таарч хоёр тоглолтын нийлбэр 3:2-ын харьцаагаар цааш шалгарч Япон, Киргиз, Тажикстан, Мьянмарын шигшээ багуудтай нэг хэсэгт хуваарьлагдан 6 тоглолтыг хийн энэ шатны анхны хожлоо авсан билээ. Дасгалжуулагч Майкл Вайссын удирдлага дор Үндэсний шигшээ баг албан ёсны 19 тоглолтыг хийж Макао, Мьянмар, Умард Марианы Арлууд, Бруней, Лаос зэрэг улсуудыг буулган авч Япон, Киргиз, Тажикстан зэрэг чансаа дээгүүр багуудтай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж Монгол залуус Азийн аль ч багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадахаар болсныг хамтдаа харлаа.
Өнөөдрөөр гэрээ дуусгавар болж Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар түүнийг хүлээн авч уулзан цаашдын амьдрал, ажил үйлст амжилт хүсэхийн сацуу Монголын хөлбөмбөгт түүний оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж, МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагналаа.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button