А.Ундраа: Багш нарын цалин бодитоор нэмэгдээгүй нь П.Наранбаярын залилангийн арга байсан
УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Түүний хувьд Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй юм.
-Жагсаал, ажил хаялт болж байж цалингаа нэмэгдүүлэх шийдвэр гаргуулж байсан багш нарын цалин нэмэгдээгүй тухай бүгд шүүмжилж буй. Салбарын яамны зүгээс нэгдүгээр сард сурагчдын амралт таардаг учир илүү цаг бараг байдаггүй. Хоёрдугаар сараас бодитоор мэдрэгдэнэ гээд буй шүү дээ.
-Багшийн орлого өндөр байх, орлого нь ажил хөдөлмөрийн ачаалалтай нийцсэн байх нь чухал. Ингэж байж л багш мэргэжлийг сонгох хөшүүргэ болно. Цаашилбал багш өөрийн хөдөлмөрийн хөлсөндөө сэтгэл хангалуун байснаар сайн ажиллана. Үүний дараа сайн багшаас сайн шавь төрнө гэдэг агуулга яригдана гэсэн үг.
95 мянга орчим багш ажиллагсдын цалинд нийтдээ 2.7 их наяд төгрөг шаардагддаг. 50 хувиар нэмье гэхэд 3.6 их наяд төгрөг төсөвлөх шаардлагатай. Гэтэл төсөвт тодотгол оруулж, энэ хэмжээний мөнгө төлөвлөөгүйтэй холбоотой асуудал үүсчхээд байна. Сайнаар хэлбэл цалин тооцох аргачлал дээрээ аргаа олохгүй байна. Харин муугаар хэлбэл залилангийн аргаар багш нарын цалинг бодитоор нэмж чадалгүй, бухимдал үүсгэлээ.
Ерөнхийдөө Боловсролын сайд П.Наранбаярыг алдаа гаргалаа гэж олон нийт шүүмжилж байна. Шүүмжлэх нь ч зөв. Одоо 2027 оны төсөв дээрээ бодитоор засах, залруулах тал дээр ажиллах хэрэгтэй.
Угтаа 50 хувиар нэмээд зогсохгүй шат дараатайгаар нэмэгдүүлж, өрсөлдөхүйц түвшинд аваачих нь манай хөгжлийн зайлшгүй нөхцөл. Хүрэлцээтэй нөхцөл бол биш.
Багш нарын цалин юун дээр нэмэгдсэн бэ гэдэгт 300 багшийн дунд судалгаа хийсэн. Эхний ээлжид үндсэн цалин хэдэн хувиар нэмэгдсэн, бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлсөө цалингийн бүтэц дотроо 50 хувьтайгаа нийцүүлэхгүйгээр хуучин цалингаас нь тооцсон байсан. Яг нэмэгдсэн дүнг нь бодвол ойролцоогоор 200-300 мянган төгрөгөөр нэмэгдсэн байсан. Эндээс харахад цалин нь нэмэгдсэн, гэхдээ 50 хувь биш нь харагдаж байгаа юм. Хууртчихсан мэдрэмжтэй байгаад нь санаа зовниж байна. Гэхдээ энэ аргагүй зүйл гэж бодож байна.
-Яаж нэмбэл шударга юм бэ?
-Энэ талаар багш нараас асуусан. Яаж нэмбэл шударга, оновчтой юм бэ гэдгийг.
Багшийн ажилласан жилтэй уялдаж цалин нэмэгдэж явах ёстой. Мэргэжилдээ тууштай байж туршлагажиж байгаа хүнээ үнэлэх ёстой. Мөн ур чадварыг ч орхиж болохгүй.
Жишээ нь, Сургуулиа зэрэг төгсөөд таван жил ажилласан хоёр багш байлаа гэж бодъё. Гэтэл нэгийнх нь анги дүүргэлт 50 гаруй, ачаалал ихтэй. Нөгөө нь харьцангуй бага сурагчидтай ангид хичээл ордог байлаа гэхэд ачааллын хувьд ялгаа гарна. Тиймээс ачааллын хувь хэмжээ цалин дээр нэмэгдэх ёстой. Ингэж байж л шударга байна.
-Боловсролын асуудал гэдэг багш нарын цалингийн асуудлаар хэмжигдэхгүй. Хэдийгээр чухал асуудлуудын нэг боловч сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бидэнд бий байх аа.
-Тийм. Сургууль цэцэрлэгийн хүртээмж, Их дээд сургуулиудын анги танхим, номын сан, спорт заал, сургуулийн орчны асуудал маш чухал.
Өнөөдрийн боловсролын хүртээмжийн асуудлыг ярихад эсрэгээрээ байгаа. Хот, хөдөөд. Улаанбаатар хотод л гэхэд анги дүүргэлт ихтэй. Улсын хэмжээнд 6 мянгаас дээш сурагчтай хоёр сургууль байна. Бид 14 дүгээр сургууль дээр очиж ажиллаа. Тухайн сургуулийн хувьд 6400 орчим хүүхэд хичээллэж байна. Зарим анги танхимд 55-58 хүүхэд суралцаж байх жишээтэй. Бага анги 50-60 хүүхэдтэй байлаа гэхэд нэг ширээндээ гуравлаж суугаад хичээлдээ оролцож байна. Багш хүүхэд нэг бүрд хүрч ажиллах боломж хумигдах, анги агааргүйдэх гэх мэт олон бэрхшээл бий. Энд сургалтын чанар ярих ямар ч боломжгүй. Харин анги нь өгсөх тусмаа сурагчид ангидаа багтахгүй байдалд хүрч байна шүү дээ.
Энэ бол боловсролын хүртээмжийн нэг л хэсэг нь. Тиймээс боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд сургууль, цэцэрлэгийг хүн амын нягтаршилтай уялдуулан динамик байдлаар тооцоолох хэрэгцээ байна гэж харж байна.
Маш олон хотхон, дэд төвүүд баригдаж байна. Үүнийг сургууль цэцэрлэгийн төлөвлөлттэй уялдуулах шаардлагатай. Мөн хот төлөвлөлтийн бусад асуудал бий. Замын хүртээмж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, эмнэлгийн болон бусад үйлчилгээний хүртээмж оновчтой байх шаардлага тавигдаж байгаа.
-Улсын Их Хурлын даргын захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Та ажлын хэсэгт нь багтаж байгаа шүү дээ. Юунд анхаарч байна вэ?
-Тийм. Боловсролын асуудалд шинжлэх ухаан ярихаас өмнө сууриа сайн тавих ёстой. Хүртээмжтэй сургуульд, чанартай боловсрол олгосны дараа дээд боловсрол сайн байх тухай яригдана. Дээд боловсрол сайн байж ШУ-ны судалгаа, шинжилгээ, эдийн засгийн хөшүүргэ болох тухай яригдана.
Төр өндгөө дарж байгаа тахиа шиг хөгжүүлсэн ч юмгүй зөвхөн сургалтын төлбөрөөс хамааралтай болгоод байгаа нь дээд боловсролын хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байна

-Дээд сургуулиудын чанарын асуудал бол үргэлжид сэдэв байж, шүүмжлэл дагуулсаар ирсэн.
-Монгол Улс бол хүн амын бүтцийн хувьд маш залуу улс. Хүн амынх нь 60 гаруй хувийг 35-аас доош насныхан эзэлж байна гэдэг бидний ирээдүй гэрэлтэй байгааг илтгэж байгаа хэрэг. Гэхдээ энэ олон хүүхэд, залуучуудынхаа ирээдүйн баталгаа болсон чанартай боловсролыг олгож чадаж байгаа эсэхдээ анхаарах хэрэгтэй. Сайн боловсрол олгож байж л улс шиг улс байж, хүн шиг амьдарна.
Тиймээс дээд боловсролын чанарын асуудал зайлшгүй яригдах ёстой. Ажлын хэсгийн хүрээнд бид төрийн өмчийн голлох их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзсан. Ингэхэд МУИС, ШУТИС, ГМХАМТИС, АШУҮИС, СУИС-ийн доктор, профессорууд ирсэн. Тэдний зүгээс "Монголд чанартай боловсрол олж авах боломж байгаа" тухай хэлж байсан юм.
Өнөөдрийн байдлаар хамгийн өндөр буюу 1500 орчим ранктай. Гэтэл бусад улс орнын их дээд сургуулиудтай харьцуулж, эхний 1000, 500 руу оруулж ирэхийн тулд чанарын асуудлыг ярих хэрэгтэй. Хоёрт. Хамгийн чадварлаг залуусаа бакалаврын түвшинд гадагш гаргаж сургаад байгаа нь яг зөв үү, буруу юу.
Бидэнд одоо 5000 багш дутагдалтай байгаа гэгдэж буй. Тэгвэл дутагдалтай байгаа мэргэжлээр суралцаж байгаа хүмүүстээ таван жил ажиллаад гаднын оронд магистрт сурах хөшүүргийг нь гаргаж өгөх ёстойг тэд ярьж байсан.
Мөн байшин барилга, номын сан зэрэг нь төрийн өмчид байгаа хэр нь аж ахуйн тооцоотой. Гэтэл сургалтын төлбөрөөрөө л цалинжиж явдаг. Зөвхөн сургалтын төлбөрөөр орлогоо бүрдүүлж явахаар судалгааны их сургууль болох зам нь маш хүнд.
Тиймээс хувьсах зардлыг төрөөс гаргаж байж их дээд сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрийн араас хөөцөлдөхгүйгээр чанартай боловсрол олгох боломж нээгдэнэ.
Төр өндгөө дарж байгаа тахиа шиг хөгжүүлсэн ч юмгүй зөвхөн сургалтын төлбөрөөс хамааралтай болгоод байгаа нь дээд боловсролын хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байна.
-Та цөмийн физикч хүн шүү дээ. Манай Улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, судлаачдын судалгааны чанарын тухай ярихгүй юу?
-Судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлуудаар манай судлаачид олон улсад гарч ажиллаж байна. Эрдмийн зэргээ хамгаалаад буцаж ирж буй нь ч бий. Манай цөмийн физикийн эрдэмтэд хуучин ОХУ-д ихэвчлэн суралцдаг байсан. Харин орчин үед барууны орнуудад суралцсан эрдэмтэд эх орондоо эргэн ирж ажиллаж байна.
Хаанахын, хэнээс ч дутахааргүй сайн эрдэмтэд төрөн гарч байна. Лаборатори сайтай улсуудад очиж ажиллахаараа олон улсад өрсөлдөхүйц бүтээл хэвлүүлчихдэг. Гэтэл Монголдоо ирээд яг ажиллая гэхэд нөгөө л лаборатори, тоног төхөөрөмж байхгүй, наанадаж тооцоо судалгаа хийе гэхэд компьютерынх нь хүчин чадал хүрдэггүй. Академик эрх чөлөө, судалгааны санхүүжилт олоход нэн хэцүү. Санхүүжилт нь олоод, судалгаагаа хийлээ гэхэд тухайн их дээд сургуулийн нэгдсэн төсөвт орчихдог. Өөрийнхөө судалгаанд ашиглах боломж нь хязгаарлагддаг гэх мэт олон тээг саадтай.
Оюуны өмчөө бүртгүүлээд патентаа эзэмшлээ гэхэд үйлдвэрлэл рүү нэвтрүүлэх, тэр технологио шилжүүлэх процесс өөрөө саад тотгор ихтэй байх. Эсхүл оюуны өмчийг нь хамгаалалт сул байх зэрэг асуудал байсаар байна.
ШУ-ны салбарт ямар хууль тогтоомжуудыг тусгах шаардлагатай байна вэ гэхээр, өнгөц харахад хувийн секторын хөрөнгө оруулалтыг их дээд сургуулиудын судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалттай уях. Магадгүй татварын бодлогоор дэмжих, судалгаа хийж байгаа байгууллагыг төрийн, хувийн гэж ялгахгүйгээр судалгаа нь Улсын хөгжилд хэрэгтэй л байгаа бол хөгжлийг нь, үр ашгийг нь хүртээх бололцоог нь гаргаж өгмөөр байгаа юм.
Багш нар GenZ, Alpha үеүдтэй ажиллахдаа хандлага, ур чадвараа баяжуулах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан

-Өнгөрсөн намрын чуулган нэлээд адармаантай гэж хэлж болохуйц болж өнгөрсөн. Зарим чухал хууль тогтоомжууд хэлэлцэгдэж амжилгүй хаврын чуулган руу шидэгдсэн шүү дээ. Хаврын чуулганд хэр хүлээлттэй байна, ямар хууль тогтоомж дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Намрын чуулганы үеэр эрх барих намынхан сандал суудлын маргаан хийсээр байгаад л өндөрлүүллээ. Харамсалтай нь маш олон чухал хуулиуд хэлэлцэгдэх дарааллаа хүлээгээд байж байна. Маш олон салбарт реформ хийх хэрэгтэй нь харагдаж байна.
Миний хувьд чуулганы завсарлагаагаар Боловсролын реформ дээр голлож ажиллаж байна. УИХ-ынхаа ажлын хэсэгт ажиллахын сацуу манай Үндэсний эвсэлийн зүгээс боловсролын салбарын талаар судалгаа захиалж хийлгүүлсэн. Зургаан эрдэмтэн, докторын хийсэн судалгааг өнөөдөр хүлээн авлаа.
Судалгааны хувьд "Багшлахуй, суралцахуй" сэдвийн хүрээнд хийгдсэн. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань суралцахад бэлэн байна уу, суралцах ур чадвар эзэмшиж байна уу. Багш нар маань багшлах ур чадвар сайн эзэмшсэн байна уу гэдгийг судлуулсан.
Энэ судалгааныхаа үр дүн дээр үндэслэн ямар хуулинд, ямар өөрчлөлт шаардлагатай байгааг судална.
-Судалгаанаас онцолбол?
-Судалгааны үр дүнг дөнгөж хүлээж авсан учир нарийн онцолж хэлж чадахгүй. Гэхдээ танилцуулгын үеэр харж, сонссон датагаас харахад баярламаар нэг зүйл байсан. Манай багш нарын багшлах ур чадвар өндөр байна билээ. Миний бодсоноос сайн байсан.
Харин дутагдалтай буюу засаж сайжруулах шаардлагатай зүйл нь GenZ, Alpha үеүдтэй ажиллахдаа багш нар хандлага, ур чадвараа баяжуулах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан байсан. Нэг үгээр хэлбэл хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөхийн хэрээр багш нарын хандлага ч өөрчлөгдөх шаардлагатай болсон. Энэ бол судалгааны нэг үр дүн.
Нөгөө үр дүнгийн хувьд, ШУ, орчин үеийн хөгжил, технологийн дэвшилтэй хөл нийлүүлж алхахын тулд багш өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байна гэдэг нь харагдаж байсан.
Орчин үеийн залуучуудын хандлагыг харахад амьдрал, карьерынхаа туршид ойролцоогоор таван жил тутамд мэргэжлээ солих шаардлага гарах магадлалтай гэх судалгаа бий. 40 жил ажиллаа гэхэд найман удаа өөрийгөө дахин бүтээх шаардлагатай гэсэн үг юм. Иймд багш өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй, суралцагч өөрийгөө хөгжүүлэх цаг ирж байна.
Шинжлэх ухааны салбар нийт төсвийн 0.17 хувьд ч хүрэхгүй санхүүжилттэй ЭЗЯ-ны хатавчинд буй. Ийм төсвөөр яаж судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх юм бэ

-Та Засгийн газар солигдох үеэр "Төсвийн үр ашиггүй зардлыг багасгаж, үр ашигтай ажиллах тийм л ерөнхий сайд гарч ирээсэй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Г.Занданшатар сайд энэ үнэлэмжид хүрч ажиллаж чадаж байгаа юу?
-Төсөвт тодотгол хийж, барьж чадсан нь зөв зүйтэй ажил болсон гэж үзэж байна. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хувьд шүүмжлүүштэй. Жишээ нь сая дурдсанчлан Боловсролын сайд П.Наранбаярт сэтгэл дундуур байгаагаа хэлсэн.
Мөн шинжлэх ухааны асуудлыг Эдийн засгийн яамны харьяанд байлгаж байгаа нь шинжлэх ухааны судалгаа, боловсролынхоо бодлоготой уялдах уялдааг салгаж хаяж байна. Нэг үгээр хэлбэл ШУ-ыг Эдийн засгийн яамны хатавчинд суулгачихсан байгаа. Үүнийг өөрчлөх шаардлагатайг өмнө нь ч хэлж байсан. Гэтэл өөрчлөөгүй. Үүнд сэтгэл дундуур хэвээрээ байна. Мөн ШУ-ны төсвөө нэмээгүй. Нийт төсвийнхөө 0.17 хувь хүрэхгүй л байгаа. Ийм төсвөөр яаж судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх юм бэ.
Мэдлэгт тулгуурласан эдийн засаг гээд л Ерөнхий сайд нь яриад байдаг. Энэ хэлж байгаа нь хоосон тунхаг болчихсон. Яаж мөнгөгүйгээр судалгаа хий гээ вэ. Хэрэв төр өөрөө мөнгө санхүүгээ зохицуулахгүй гэж байгаа бол хувийн секторын түгжээг мулталж, саадыг нь арилгаж өгөх ёстой шүү дээ. Гэтэл одоо Засгийн ажлыг УИХ-ын дарга илүү сайн хийгээд байгаа юм биш үү.
Өөрөөр хэлбэл Н.Учралын "Чөлөөлье" аян энэ олон зөвшөөрөл, саад тээгийг арилгая гэж буй нь цагаа олсон ажил гэж харж байна. Угтаа энэ бол Засгийн газрын хийж байх ёстой л ажил.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багш нарын цалинг залилсан П.Наранбаярт хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй. Худлаа яриад төрийн дээр сандайлан суугсад зайлах хэрэгтэй шүү дээ
үнэхээр зөв сэдэв хөнджэээ. Нээрээ л боловсролын систем нь сайжрахгүй төлбөрт анхаардаг нь ярилтгүй үнэн
А.Ундраа бол боловсролтой сайн гишүүн, үйл ажиллагааг нь дэмжиж байна аа
Хэлж ярьж байгаагаа ажил хэрэг болгох нь л чухал. Яриад яриад юу ч хийдэггүй гарууд байна аа бас
А.Ундраа гишүүнийг дэмжиж байна аа
Наранбаяр хулгайчийг дахиж бүү сонго хүн нам нэртэй шантаажны хулгайч нарын нам юм байна
Боловсролын салбарын цалин, хүртээмжийн талаар ярьж байгаа нь зөв боловч яг бодит шийдэл, санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргахыг ил тод хэлж өгөх хэрэгтэй
Гадаадын магистр, докторуудыг дэмжих, лаборатори тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг хурдан шийдмээр байна, судалгаа хийдэг орчин бүрдэхгүй бол үр дүн байхгүй
Ene hicheeliin angiin hyazgaar, surguuliin bagts, oron nutgiin tentsver yamar hevleltei boloh talaar todorhoi bodlogo heregtei gej bi bodoj baina
Bagshiin tsalin, ajliin achaalal, ajliin jil, mergen mn yamar hemjeegeer nemeh bol? Ene talaar todorhoi margaanuud heregtei gej oilgogdoh yum байна
Орон нутгийн хүртээмжийн асуудлыг шийдэхгүйгээр цалин өсгөсөн ч чанар сайжирна гэдэгт итгэхгүй байна, анги дүүргэлт их байгаа тул боловсролын чанар буурч байна
Судалгааны санхүүжилт, оюуны өмчийг үйлдвэрлэл рүү шилжүүлэх тогтолцоог өөрчлөхгүй бол шинжлэх ухаан үр ашигтай болно гэдэг худлаа
Ajil hyazgaar, angiin dundagh hed heden ajild haltsah humuusiin toog nemeh bolov uu, yaj surguuliin hubsaatald tuslah bagsh narig hamruulah ve gej bodoj baina
Ene ajliin hesgiiig udirdaj bn gej helj bgaa hun ajlaa yamar saijruulsan, uurchlult hiigeed bgaag urd ni oilgoltgui bol ard tumen itgehgui baina
Surguuliin deerh oron zohioj, nomiin san, sport zaal, campusiiig ashiglaltand oruulah talaar todorhoi toliin bodlogo heregtei gej bi sanaj baina
Bagshiin tsalin ni ajliin achaalaltai ni tustei baih estoi, gehdee ene surgalt hamgiin anhaaral tavij baih humuus iimerhuu tom asuudald yamar helbereer nemeh erhtei gej sanagdaj bn
Ajliin heseg ajillaj bn gej helj bgaa hun ajlaa il hariutslaga tegeed todorhoi hed neeldeg bol? Ard tumend tailbar ogoh heregtei gej bodoj baina
Surguuliin hed heden hunii toog nemeh, animeer sutailj, bairshilt, hot tsergiin hogjiltei holbootoi baiguulah talaar todorhoi ajil hiih heregtei
Ene uildelchdiin tomilgoo, sudalgaa, bagshiin mergen tsalin deer amidralyn bodlogo yag yamar baidald oruulah talaar il tod beratlah heregtei
Ajil hiiheer uildel hiij chaddag hunii amjilt ireeduid hamaatai, bagsh n hund baihaar ajliig ni notloj yavuulj, zacagt todorhoi olon hevlel bolomj bh yostoi
УНДРАА МААНЬ ЯМАР ИХ ТАРГАЛАА ВЭ? ХАРИН ТАРГАЛААД ГОЁ Ч ЮМУУ НАРАНБАЯРЫГ БИ ТА НАРТ ИХ ХЭЛСЭНДЭЭ БАЯНӨЛГИЙН САГСАЙ СУМАНД ГАЛЧААР ЯВУУЛАА ГЭЖ ЭНЭ АЛИАЛАГЧ САЙД ХИЙХ ЧАДВАРТАЙ ХҮН БИШ ЯАЖ ЯВААД ЭНЭ ХҮРЧИХЭВЭЭ ЭНЭ Л СОНИРХОЛ ТАТААД БАЙНА ШҮҮ:
sejgiin beltsiisen beeviisen huajaa vagai ene undraa
Наранбаярын хамгаалдаг МУИС-ийн Заяабаатар төрсөн дүүгээ МУИС-д багшаар ажилд авчээ