Улс төрийн мэдээ

Г.Дамдинням: Цагаан сараар шатахуун тасрахгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням УИХ-ын дарга Н.Учралын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ОХУ-д ажилласан билээ.

Тэрбээр айлчлалыг сурвалжлах бүрэлдэхүүнд багтсан сэтгүүлчдэд дараах тодруулгыг өгснийг хүргэж байна.

“Монгол Улсад Цагаан сарын баярын өдрүүдэд шатахууны хомсдол үүсэхгүй, үнийн огцом хэлбэлзэл гарахгүй байх нөхцөл бүрдсэн  Одоогийн байдлаар улсын хэмжээнд нэг сарын хэрэглээг хангах хэмжээний шатахууны нөөц бүрдээд байгаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хувьд хамгийн чухал асуудал нь газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт. Сүүлийн 34–36 жилийн хугацаанд Монгол Улс, Оросын Холбооны Улс хоёрын хооронд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх Засгийн газар хоорондын бие даасан хэлэлцээр байгаагүй. Харин одоо уг хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Өмнөх парламентаар өргөн баригдсан хэлэлцээрийн хүрээнд агаарын хөлгийн түлш нийлүүлэх асуудалд зарим санал, шүүмжлэл гарч буцаагдсан. Тухайлбал, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын дэд бүтцийн асуудалтай холбоотой заалтууд маргаан дагуулсан. Сүүлийн зургаан сарын хугацаанд салбар яамны зүгээс ОХУ-д хэд хэдэн удаа айлчилж, Монгол Улсын байр суурийг бүрэн тусгуулах чиглэлд ажилласны үр дүнд эцсийн томьёоллууд дээр тохиролцоонд хүрсэн.

ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилевтэй эцсийн байдлаар зөвшилцөж, хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн уг хэлэлцээрийг яаралтай горимоор батлуулахаар төлөвлсөн.Ингэснээр хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Өмнө нь нийлүүлэлт аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээгээр зохицуулагддаг байсан байна.

Шатахууны хангамжийн аюулгүй байдлыг хангах хүрээнд дотоодын агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Уул уурхайн олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахууны нөөцийн савны багтаамж хүрэлцэхгүй болсон нь нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан зарим бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг зохицуулах тухай хуулийг батлуулж, ойрын хоёр жилд шатахууны агуулах, нөөцийн савыг шинээр барихаар төлөвлөж байна.

Гэвч агуулах барихад 1–2 жилийн хугацаа шаардлагатай тул богино хугацаанд ОХУ-ын Монголтой хил залгаа бүс нутагт нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахууныг хадгалах сав түрээслэхээр тохиролцсон. Оросын тал байршлууд санал болгож, аж ахуйн гэрээгээр зохицуулах юм.

Цаашид шатахууны аюулгүй байдлыг хангах гурван үндсэн чиглэлд анхаарч байна. Үүнд:

  1. Дотоодын агуулах, нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  2. Нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, урд хөршөөс авах хэмжээг нэмэх,
  3. Хилийн ойролцоох бүсэд стратегийн нөөц бүрдүүлэх.

Эдгээр арга хэмжээ хэрэгжсэнээр шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдал сайжирч, цаашид хомсдол үүсэх эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Э.БАЯНМӨНХ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

За хөө,дотооддоо нэфтийн судалгааг бага багаар өргөжүүлж хэтдээ өөрийн эх үүсвэртэй болох эсвэл араб орчимд нэфтийн судалгаанд гэофизикийн талаас оролцож эх үүсвэр олох талаар шийдвэртэй арга зам хай! Манайд давгүй гэофизикчид бий,Пэтроматад юу хийж байна гээд.Айлаас гуйж эрэхээр, өөрсдийн боломжоо ашигламаар

Холбоотой мэдээ

Back to top button