Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар “Алтан гран при”-д түрүүллээ

Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг “Алтан гран при” тэмцээн Красноярскт гурав дахь өдрөө үргэлжилж байна. И.Ярыгин агсны нэрэмжит, 31 дэх удаагийн тэмцээний эхний өдөр шигшээд шалгарсан Монголын хоёр бөх Төрийн дууллаа эгшиглүүлэв.
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баатаржавын Шоовдор алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялав.

Ингэснээр тус тэмцээнд таван жилийн дараа дахин түрүүлж, хошой аварга болсон тэрбээр өмнөх тойргуудад Беларусийн Анастасия Гучо, ОХУ-ын Валерия Дондупова, Казахстаны Мадина Бакбергенова нарыг ялсан юм. Ингэснээр “Алтан гран при”-д хоёр болон түүнээс олон удаа түрүүлсэн Монголын гурав (Түүнээс өмнө нь гавьяат тамирчин П.Орхон гурав (2016, 2017, 2018 он), Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр (2015, 2019) удаа аваргалсан) дахь тамирчин болов.

“Алтан гран при”-гийн дэвжээнд Төрийн дууллаа анх удаа эгшиглүүлсэн хүчтэн бол 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг. Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы шавь, 50 кг-ын жинд барилдсан тэрбээр шигшээд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоваг 7:2-оор ялав.
ӨНӨӨДӨР ГУРВАН БӨХ АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ө.Пүрэвсүрэн, “Poland Open”, Оросын цомын аварга, ОУХМ Х.Болортуяа нар өнөөдөр аваргын төлөө барилдана. Мөн 57 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл медалийн төлөө өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Нямдорж, 79 кг-д Д.Батзул, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ ОУХМ Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул нар дагах тойрогт зодоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хэдэн охидууд л нүүр тахладаг болждээ